Ц.Балдорж агсны нэрэмжит гольфын тэмцээн найм дахь жилдээ болов

Монголын гольфын холбооны тэргүүлэгч гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны нэрэмжит гольфын тэмцээн өнгөрсөн амралтын өдөр байгалийн үзэсгэлэнт Тэрэлж горхийн цогцолбор газарт боллоо. “Заан тэрэлж”, “UB-2” гольфын клуб, Монголын гольфын холбоо, “Ц.Балдорж сан” хамтран найм дахь жилдээ зохион байгуулсан тэмцээнд 40 тамирчин өрсөлдсөн юм. Энэ нь улирлын хамгийн анхны томоохон тэмцээн учир гольф сонирхогчдын хүсэн хүлээдэг сорилго болжээ.

“Ц.Балдорж сан”-гийн тэргүүлэгч, “Заан тэрэлж” клубийн гишүүн Д.Мөнхтүшиг “Энэ талбайд анх 2004 онд тэмцээн зохион байгуулж, 2008 оноос Ц.Балдорж агсны нэрэмжит болгосон. Энэ жилийн тэмцээн сайхан болж өндөрлөлөө. Цаг агаар ч сайхан, тамирчдын тоглолт ч сайн байлаа. Өвлийн улиралд тоглож чадаагүй тамирчид энэхүү тэмцээнийг хүсэн хүлээдэг болж. Тамирчдын үе солигдож, ур чадвар сайжирч буй нь харагдаж байна.

Үүнийг тэдний дундаж оноо буурч байгаагаас харж болно. Гольфыг ямар ч насныхан тоглож болдог онцлогтой учир тамирчид өргөнөөр оролцож байна” гэв. “Defacto” нэрээрээ танил болсон эдийн засагч Д.Жаргалсайхан “Саяхан бид энэ талбайг Ц.Балдоржтой хамтран байгуулж байлаа. Цаг хугацаа их хурдан юм. Сайн нөхрийн бүтээсэн зүйл тод мөр үлдээж буйг бид харж байна. Энэ сайхан, гэрэл гэгээтэй замаар олон залуу алхаж, шилдэг спортоор хичээллэж буйд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Монгол Улсад гольфын спорт хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн гавьяаг нь үнэлж “Монголын гольфын холбоо”-ноос тус тэмцээнийг зохион байгуулагч “Ц.Балдорж сан”-гийнханд баяр хүргэж, талархлын бичиг гардуулсан юм. Тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэн, залуу оролцогчдоор “цус сэлбэж” байгааг зохион байгуулагч, оролцогчид хэлж байв. Тэр хэрээр өрсөлдөөн ширүүн болж буйг ч онцолсон.

Тамирчид 18 нүх тоглон өрсөлдөж, Б.Алтайбаатар аваргаар шалгаран цомын эзэн болж, Ч.Буд удаалсан бол handicup (оноогдсон тооноос бага цохих) төрөлд Б.Батхуяг бусдыгаа манлайлж, Д.Жаргалсайхан, С.Хөдөлмөр нар удаалжээ. Хамгийн хол цохисон тамирчнаар Б.Алтайбаатар, нүхэнд хамгийн ойрхон цохисноор Б.Маргад тодров. Энэ удаагийн тэмцээнд гурван эмэгтэй тамирчин өрсөлдсөнөөс Б.Батнаран тэргүүлсэн юм.

Эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүлсэн Б.Алтайбаатар түрүү жилийн тэмцээнд ч цом хүртэж байсан бол Б.Батнарангийн хувьд улсын тэмцээнд түрүүлж байсан туршлагатай тамирчин аж. Б.Алтайбаатар “Би энэ тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байна. Улирлын эхний тэмцээн болохоор ч тэр үү, амжилттай оролцохыг хичээдэг. Учир нь энэ тэмцээнд амжилт гаргавал тухайн ондоо азтай, одтой явдаг юм шиг санагддаг. Би гольфоор хичээллээд дөрвөн жил болж байна. Жилийн дөрвөн улиралд тогтмол бэлтгэл хийдэг” гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай