Улсын их дэлгүүрийн урд газар доорх байгууламж барина

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Улсын их дэлгүүрийн урд талын талбай доор байгууламж барихыг дэмжлээ. Төлөвлөлтөөр Б.Цэрэндоржийн гудамжны 9940 ам метр талбайг тохижуулна. Ингэхдээ 6640 ам метрийг нь худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах бол үлдсэн газарт нь иргэдийн амрах зам талбай байх ажээ. Газар доорх байгууламжид гоо сайхан, бэлэн хувцасны дэлгүүр, тоглоомын тасаг, зоогийн газар, кофе шоп болон бусад үйлчилгээний байгууллага байх гэнэ. Харин байгууламжийн дээр ил худалдаа, олон нийтийн амралтад зориулсан бичил тохижилт хийх юм байна.

Мөн Улсын их дэлгүүрийн урд пирамид хэлбэртэй, 1300 ам метр талбай бүхий дөрвөн давхар байгууламж барихаар төлөвлөжээ. Тус байгууламжийг бүхэлд нь нарны энергиэр гэрэлтүүлнэ. Мөн амралтын өдрүүдэд хажуугийн авто замуудыг хааж, автомашингүй гудамж болгох юм. Барилгын ажлыг энэ онд эхлүүлж, хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх ажээ.

Газар доорх байгууламжийг барихад 15.9, пирамид барилгад 1.8, явган зам, тохижилтын ажилд 2.4 тэрбум, нийтдээ 20.1 тэрбум төгрөг уг бүтээн байгуулалтад шаардагдах гэнэ. Гэхдээ байгууламжийг хотын төсвөөс санхүүжилт өгч бус, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хувийн хэвшлээр бариулна. Тус байгууламжийн үйл ажиллагаа жигдэрснээр жилийн орлого нь 3.8, зарлага нь 1.2 тэрбум төгрөг байна гэсэн урьдчилсан тооцооллыг гаргасан аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай