МОНГОЛ НЬЮС-20

Сониныхоо шарласан хуудасны тоосонд найтаах ч өнгөрснийг өнөөдөртэй ойртуулж, өнөөгөөс маргааш руу өнгийж харах сэжим, сэдэл хайрлан, басхүү өөрсдөөрөө, “Өнөөдөр”-ийнхнөөрөө бахархах боломжийг 20 жилийн ой маань бидэнд олгож буй. Энэ удаа 16 жилийн өмнөх нэг бус материалыг онцолж байна. 2000 оны “Өнөөдөр”-ийн цоо шинэхэн булан “Миний овог”-ийн салхийг хэн хэн хагалж байсныг сонирхоорой.

Мөн УИХ Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн татах шийдвэр гаргаснаар “эцэг” хуулийг манах ёстой байгууллага нь даргагүй бараг хоёр сар боллоо. Ж.Амарсанааг эгүүлэн татаагүй байхад л “тэнэж” эхэлсэн шивнээ үнэн болж, туршлагатай парламентч, өдгөөгийн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Дээд шүүхэд Цэцийн гишүүн болох саналаа уламжлаад байна. Хэдийгээр Цэцийн гишүүний орон гарсан тохиолдолд 14 хоногийн дотор дараагийн хүнийг нэр дэвшүүлэх ёстой ч Дээд шүүхээс ямар нэг хариу ирүүлээгүй байна.

Үүнээс өмнө үйл явдал хэрхэн өрнөсөн, УИХ, Цэцийн харилцаа яаж муудсан, цаашид юу болохыг нуршиж, таамаглах нь илүүц биз. Юутай ч “Өнөөдөр” сонины 2000 оны тавдугаар сарын 18-ны дугаарт нийтэлсэн “Их хурал Цэцийг жижигрүүлж, Р.Гончигдорж Б.Энэбишээр хариу өгүүлж оромдлоо” нийтлэлийг сонирхоорой. 2000 оны УИХ-ын ээлжит сонгууль хаяанд тулчихсан тэр үед ч Үндсэн хуулийн “дордуулсан” гэх долоон өөрчлөлтөөс болж УИХ, Цэц хоёр аанай л өөр хоорондоо албан бичиг “чулуудалцаж” байж.

2000.01.05 №03 (856)

МИНИЙ ОВОГ

Та хэний хэн бэ?

Монгол ёс, заншил, түүх уламжлал сэргэлээ. Ингэхэд би чинь хэний хэн бэ гэж өмнөх түүхээсээ асууцгаах болов. Тэр дундаа Хүн амын тооллого, иргэний үнэмлэх сольж буй энэ өдрүүдээр хүү нь эцгээсээ, эцэг нь өвгөдөөсөө “Би хэний хэн бэ” гэж асууж байна. “Өнөөдөр” сонин энэ дугаараас эхлэн “Миний овог” шинэ булан нээлээ. Бид нэр цуутай хүмүүсийн удам угсаа, овгийг танилцуулахын зэрэгцээ овгоо мэддэггүй, эргэлзэж төөрсөн хүмүүст ч өөрсдийн овгоо мэдэхэд туслах болно.

Та “Өнөөдөр” сонинд хандаарай.

П.Очирбат Алаг адуутынх

-Би бол Засагт хан аймгийн Сэцэн вангийн хошууны Алаг адуут овгийн хүн юм билээ. Ээж минь Алаг адуут удмынх, аав бол Сартуул овгийн хүн. Их эртний гаралтай овог. Түүхэнд Дилин хэмээх МЭӨ III зуунаас МЭ-ий V зуун хүртэл Азиар нүүдэллэж байсан түрэг хэлтэй аймаг гэж тэмдэглэгдэж байжээ. Анх Хүннү нарын аймаг явснаа хожим бие даасан гэдэг юм билээ. Уйгаруудын өвөг дээдэс. Хар модон ойтой уулархаг газраар нутаглаж, адуу маллаж амьдардаг бөгөөд бүх адуу нь алаг зүстэй учир аймгийнх нь нэрийг Алаг адуут гэдэг байжээ. Миний ээжийн өвөг болсон Алаг адуутынханд Тахибар буюу миний дээд зургаа дахь үеийн хуланц байсан юм.

Д.Бямбасүрэн Сонгоолынх

-Сонгоол найман эцэг гэж бий. Сонгоолын эртний нутаг гурван голын эх. Амин зуулга нь ан гөрөө байжээ. Сонгоолууд олон дахин нүүдэллэсэн. Миний мэдэхээс Чингисийн дүү Тэмүүлэнг Ихрэсийн Бутубаатарт эхнэр болгож өгөхөд дагуулж өгсөн улсыг Тавнангийнхан гэдэг. Бүр хожим 1691 онд Авгад, Ташуугад, Хатгин, Сартуул, Үзөөн, Еншөөбүү, Өөлд, Хотгойд найман овог Сэлэнгэ рүү нүүж очиж Сонгоолыг үүсгэсэн гэдэг. Миний өвөг дээдэс их нүүсэн. XVII, XVIII зууны үед Халимаг хүртэл нүүсэн. Балхаш нуурын хойгуур нүүж, Тагнын араар давж, Архангайн Тариат, Чулуутаар нутаглаад хойшоо Сэлэнгээр гарч, XX зууны эхэнд хойноос буцаж орж ирсэн байдаг юм. Би овгоо Сонгоол гэж бичнэ.


 

2000.05.18 №116 (969)

Их хурал Цэцийг жижигрүүлж Р.Гончигдорж

Б.Энэбишээр хариу өгүүлж оромдлоо

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан энэ сарын 12-ны өдөр УИХ-ын дарга Р.Гончигдоржид албан бичиг илгээжээ. Түүндээ УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлтийг Цэц гаргаж, танайд илгээсэн юм. Гэтэл Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг 15 хоногийн дотор хэлэлцэхээр заасан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 36 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийг тус тус зөрчсөөр өдий хүрлээ. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх хугацаа өнөөдрийн байдлаар 22 хоногоор хэтрээд байна.

УИХ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг санаатайгаар хэлэлцэхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчим, Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан төрийн байгууллагын үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх заалтыг биелүүлэхгүй байгаагаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаахад хүргэж байгааг Монгол Улсын их хурлын дарга Та анхааралдаа авч, хуулийн дагуу асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлж нэн даруй хариу ирүүлэхийг мэдэгдэж байна гэжээ.

Гэтэл дөрөв хоногийн дараа буюу 16-нд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Энэбишийн гарын үсэгтэй хариу иржээ. Уг хариуд, УИХ-аас 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ 2000 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хуулийн дагуу холбогдох байнгын хороодод (Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо) шилжүүлсэн.

Монгол Улсын Их хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө холбогдох байнгын хороод хэлэлцэж санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулдаг.

Уг асуудал холбогдох байнгын хороодын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд байнга тусгагдаж байгааг Танд уламжилъя гэсэн байна.

УИХ-ын дарга уг нь төрийн байгууллагуудын хоорондын харилцааны хэм хэмжээг, тэдний зэрэг зиндааг мэддэг л баймаар юм. Түүнээс гадна Цэцийн дарга албан бичигтээ, дүгнэлтийг нь аль нэг байнгын хороонд шилжүүлсэн эсэхийг сонирхов уу, үгүй юү гэдгийг ч ойлгосон байгууштай. Тэрчлэн УИХ-ын байнгын хороод хуралдахаа болиод удаж буйг Цэцийн дарга бүү хэл ард олон мэдэж байгааг ч таамаглаж л байх ёстой сон.

Үндсэн хуулийн манаачид тэгээд ийм ч хариу ирүүлж байх гэж дээ. Үндсэн хуулийнхаа цэцэд, түүний даргад ингэж ихэрхдэг нь хэнд ямар үлгэр үзүүлж байгаа юм бол? Төр маань, хууль тогтоогч минь арай л дэндүү дампуурч, арай л хэтэрхий биеэ тоож бүр танхай балмад гэмээр авир гаргаж байх чинь юу вэ.

Р.ЖАРГАЛАНТ

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай