БИ ЯАГААД “ӨНӨӨДӨР”-ИЙГ УНШДАГ ВЭ: Олон олон гэрэлт өнөөдрийг он жил дөтлөн хамтдаа бүтээцгээе

С.БЯМБАЦОГТ (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга)

Юуны түрүүнд өчигдрийн түүхийн үнэнч гэрч, өнөөдрийн үйл явдлын голч бичээч, ирж яваа цагийн итгэлт түнш “Өнөөдөр” сониныхоо хамт олонд 20 жилийн ойн халуун баяр хүргэе. “Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэсэн ардын сайхан үг бий. Түүн лүгээ адил Монголын сэтгүүл зүйн хөгжилд нэрээ ч, мөрөө ч тодоос тод үлдээсэн эрхэм хүний үүсгэл, санаачилгаар байгуулагдаж, мэдээллийн их далайд зүг чигийг зөв заагч хөтөч нь болсон “Өнөөдөр” сонинтой монголынхоо мянга мянган уншигчийн адил өдөр бүр учран золгодогтоо баяртай байдаг.

Нас биед хүрч, эрдэм ухаан тэгширсэн оюунт хүмүүн шиг аливаад чигч шударга, ноён нуруутай хандаж, мэдээллийн бяд шингэсэн, өргөн далайцтай, даацтай нийтлэл, Монголын болоод дэлхий нийтийн өдөр тутмын амьдралын анхаарал татсан үйл явдлын бодит мэдээ мэдээлэл, амьдралын сонирхолтой агшин хором бүхнийг алдалгүй буулгасан гэрэл зургууд, улс орон, нийгмээ илүү гэрэл гэгээтэй болгох оюун санаа, сэтгэлгээний эрэлд мордсон сэтгүүлчдийнх нь эрэл хайгуул “Өнөөдөр” сонины нэрийн хуудас байдаг.

Хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйн шинэ жишгийг ямагт тогтоож, цаг үргэлж өөдлөн дэвжиж буй нь та бүхний ажил үйлдээ хичээнгүй, нягт нямбай, жинхэнэ эзний ёсоор хандаж чаддагийн илрэл биз ээ. Санаж сэрэх, бодож тунгаахын үр шимээр хүмүүний сэтгэлийг тэтгэж, сав ертөнцийн сонин сайхныг сэтгэлийн хойморт дэлгэсэн та бүхний эрхэм үйл мөнхөд өрнөн дэлгэрч байх болтугай. Хөгжин мандаж, хүчирхэгжин өөдлөх хувьтай Монголынхоо олон олон гэрэлт өнөөдрийг он жил дөтлөн хамтдаа бүтээцгээе.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай