АУДИТЫН Ч.РАДНАА АНГИЙНХНЫГАА “АВАРСААР” БАЙХ УУ?

Эрхэм түшээдийн энгэрийнхээ халаасанд “бөөндөж” амжсан тэрбум төгрөгийн хувь заяа хэрхсэнийг ганцхан хүн мэднэ. Тэр нь Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднаа. Уг нь мань эр зайран, удган, лам биш л дээ. Гэхдээ ажил үүргийнхээ хувьд гишүүдийн хувь, хувьсгалын “санхүүгийн байдалд” шалгалт хийх үүрэгтэй. Гэвч эл үүргээ эндүүрээд байдаг хэрэг үү, эсвэл мөр зэрэгцэн, ширээ хуваан тухалж асан нэг ангийн нөхдийнхөө алив гэм бурууг илчлэхээс зайлсхийдэг “хулгар” зантай юм болов уу? Ямар ч байсан Ч.Раднаагийн буянаар Үндэсний аудитын газрын мэргэжлийн аудитч нарын олон сарын нүсэр ажил үр дүнгүй өнгөрөх болжээ.
Улсын төсөв “жин нэмэхэд” үнэтэй хувь нэмэр оруулж буй дуулиант 76 тэрбумын эхлэл анх 2006 онд 10 саяын “нэрлэсэн үнээс” эхэлсэн. Улмаар 100 сая болон үржиж, ердөө жилийн дараа 250 саяд дөрөөлөн, 2009 он гэхэд 500 саяд хүрч өндрөө авсан билээ. Өнгөрөгч онд гишүүдийн тойргийнхоо нэрээр тооцож авсан 500 сая төгрөг хаачсаныг Үндэсний аудитын газар хэсэгчлэн шалгасан юм байх.
Аудит гэдэг үг ард түмэнд итгэл үнэмшил мэт сонсогддог болсоор удсан. Гэтэл аудитын шалгалтын дүн улстөрчдийн  увайгүй  нөлөөнд  автан хөлстэй хөрвөөж, хөөрхөн хуви¬рах болсон аж.  Шалгалтын байд¬лаас харахад олон нийтийн өмнө үнэнч шударга, өөгүй цэвэрхэн, бурхны элч, буянтны зараал мэт харагддаг гишүүд төсөвт суулгасан 500 сая төгрөгтөө үнэн төрхөө үзүүлж, үнэг шиг шарвасан байх нь сонин.
Нэгэнт төсөвт суун орон нутаг, эсвэл яамдын дансанд шилжсэн мөнгөө шууд л бэлнээр нэхэж “бэлчээргүй” загна­даг гишүүн олон. Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн хоригийн эсрэг ход ход инээж, хор­жоонтой үг хэлхэж суусан гишүүн Д.Арвин л гэхэд 2009 онд 500 сая төгрөгөө бэл­нээр авахаар бичиг цаас барин баахан гүй­жээ. Санасандаа хүрч салгасан гэх юм билээ.
Олны дунд дархан аварга хэмээн өргөмжлөгддөг, одоо бол төрийн тулхтай түшээ Б.Бат-Эрдэнэ БСШУЯ-ны багцаас 500 сая төгрөгөө бэлнээр гаргуулан авахаар Ё.Отгонбаяр сайдыг ёо гэх завгүй шахаанд оруулсан гэх. Энэ хичээл зүтгэлийнхээ шанд Хэнтийд сүм байгуулах нэрээр 200 гаруй сая төгрөг бэлнээр халааслан нутгаа зорьжээ. Өмнө¬дэлгэрийн элсэнд мань хү¬ний овоо хэдэн сая төгрөг сүм дуган хэ¬мээх сүржин нэрийн дор шингэсэн юм байх.
УИХ-ын  гишүүн Л.Гүндалай Хөвс¬гөлд чацаргана тарихаар 155 сая төг­рөгийг мөн л бэлнээр халаасалсныг аудитын мэргэжилтнүүд тогтоосон сурагтай. Чацаргана яаж хулжихаараа Хөвсгөл рүү шилэрч, Л.Гүндалай ги¬шүүний халаасанд 155 сая төгрөг болон шур­галсныг таахад бэрх. Мань гишүүн яаж дурлахаараа чацарганад хайр зарласныг мөнгөнөөс л асуудаг байх даа.
Энэ мэтийн ярихад яс хавтайм, сон­соход чих ичмээр бодит байдлыг аудитын мэргэжилтнүүд хэдэн тонн цаас, хэдэн арван цагаа гарздан тогтоодог боловч Ч.Раднаа даргын өрөөний босгоор ормогцоо үнэн, худал хоёр байраа сольж орхидог гэнэ. Үнэн болоод худлыг үзэгний үзүүрээр хөдөлгөдөг гэхээр Ч.Раднаа бурхны элч бай­маар. Чөлөөт үнэнийг чөдөрлөдөг гэхээр чөтгөрийн элч гэлтэй.
Булган аймгийн Засаг даргаар ажиллан, улмаар 2004-2008 онд УИХ-ын гишүүн болж суудал дэвшсэн тэрбээр нэг ангид тохой залган сууж асан гишүүддээ бүр ч чих зөөлөн, чимээ аядуу гэсэн. Ангийн нөхдийнх нь авлага өглөг, луйвар булхайг илчилснийхээ төлөө Үндэсний аудитын газрын мэргэжилтнүүд зад загнуулж, тас намжирдуулах энүүхэнд. Сүүлдээ албат нар нь Ч.Раднаа даргыгаа “ойлгож”, нөгөө талаар өр зүрхнээсээ өрөвдөн, гишүүдийн булхайг жишүү харан хаацайлах болсон чимээтэй. Үндэсний аудитын газраас хийсэн томоохон улстөрчид, тодхон түшээдтэй холбоотой шалгалтын дүнд илэрсэн санхүүгийн луйвар эцэстээ нэр усгүй болон хувирч, нийтийн дунд эзэнгүй хаягддаг моод гарчээ. Хэн хэдэн сая төгрөгийг тойрогтоо өвс ачуулж, байшин босгох нэрээр бэлнээр авч, юунд зарцуулсан нь тодорхойгүй, баахан тоо баримтаас өөр товлох эзэнгүй үлддэг бөгөөд “эзэн биегүй” энэ мэт булхай үнэ цэнээ алдан “амар сайхандаа жаргадаг” болсоор уджээ. Хэрэв ингэх л байсан юм бол Үндэсний аудитын газар гэж байгаад ч яалаа.
Хийсэн шалгалт нь үр дүнгүй, илчилсэн булхай луйвар нь эзэн биегүй болж орхигддог юм бол аудитын мэргэжилтнүүдийг тэнд цалинжуулж суулгах хэрэг юун. Ямар­таа л Ч.Раднааг баллуур гэж хочилж байхав. Чухам энэ мэтээр ардаа мөрийг нь баллах баллууртай, хойноо хогийг нь хамах шүүртэйн хэрэг юу билээ, тэрбум тэрбумаар өвөртлөөд байхаас яахав. УИХ-ын гишүүдийн тойргийнхоо нэрээр өвөртөлдөг мөнгөний хэмжээ энэ жил “огцом бүдүүрснийг” ч хэлэх үү, зарим аймгийн Засаг дарга нар түшээдийнхээ шунал, хүсэл, шуудай шиг хэтэвчинд захирагдах гэж замаа алдсан мэдээ бий.
Өнгөрсөн жил 500 сая төгрөгөө бэлнээр авах гээд гүйж явсан гишүүд энэ жил тэрбумыг тэврээд харих ухаанаа олсон нь мэдээж. Яамд, орон нутгийн төсвийн хэдэн бор юмыг тоолж суудаг нягтлангууд “Жилээс жилд мөнгөө авах гэж ирэх болгондоо манай гишүүний машин томорч, гэдэс цүдийсэн байхыг яана” хэмээн шивнэлдэх нь хэцүү. Хүүхдийн тоглоом, сургуулийн засвар, эмнэлгийн тоног төхөөрөмж нэрээр төсөвт суусан гишүүдийн 76 тэрбум төгрөг ийнхүү арын хаалгаар гарч, амьдралын өөр өөр замаар шогшдог нь тодорхой болов.
Эрхэм түшээдийн мөнгө угаах машиныг хамаатан садан, эхнэр хүүхэд нь ажиллуулдаг жишиг тогтсон. Эхнэр нь Эрээнээс бараа зөөн аймаг, сумдад шахдаг шахааны бизнес чухам гишүүдийн гараар цэцэглэж байна. Түмний татвараас түшээдийн хэтэвчинд шилжсэн эл мөнгөний хувь төөргийг Ч.Раднаа л мэднэ. Очоод асуувал “чулуу татаж, эрхи эргүүлсээр”  байгаад төөрөгдүүлж мэднэ. 
Авсан гишүүндээ буян, өгсөн төрдөө өлзий, шалгадаг Раднаад харин рашаан болог гээд залбираад л байх уу.
 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай