Орос цохилт өгөх бэлтгэлээ эхлүүлнэ

Америк үйл ажиллагаагаа Москватай уялдуулах саналыг хүлээж авахгүй бол Сири дэх “Исламын улс”-ын байрлалд дангаар цохилт өгөх бэлтгэлээ эхлэхээр Орос төлөвлөж байна гэж Кремль болон Оросын Батлан хамгаалах яаманд ойр эх сурвалжууд мэдээлсэн аж. Оросын энэ санаачилга есдүгээр сарын 28-нд Владимир Путин НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцохдоо Нью-Йоркт нэг өдөр байх үеийн гол үйл явдал болно гэж сэтгүүлчид үзэж байна. Энэ үеэрээ Путин Барак Обаматай яриа хэлэлцээ хийж болзошгүй аж.“Эрүүл саруул ухаан ялж, Путиний сунгасан гарыг Обама атгаж авна гэдэгт Орос найдаж байгаа. Америк ингэхгүй байлаа ч Орос хийдгээ хийнэ” гэж Стратегийн судалгааны хүрээлэнгийн Ойрхи Дорнодын асуудлаарх ахлах шинжээч Елена Супонина хэлсэн байна.

Оросын онгоцуудтай будлиан мөргөлдөөнд орчихгүйн тулд цохилт өгөх зүг чигээ ярилцахад АНУ бэлэн байгаа ч Москвагаас тодорхой санал хүлээж аваагүй байна. Олон улсын эвсэл харин Асадын Засгийн газрын цэргүүдтэй харилцан ажиллах бодолгүй байгаа гэж Вашингтоны нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлж байна. Тэгвэл алан хядах ажиллагаатай хийх тэмцэлд хүчээ нэгтгэхгүйгээр тулгараад буй асуудлууд, түүний дотор дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж Путин урьд нь мэдэгдэж байсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай