XVI Бенедикт: Бясалгагчид өөрийгөө, хувь хүний онцлогоо үгүйсгэдэг

Йозеф Ратцингер буюу Ромын хамба XVI Бенедикт 2013 онд сайн дураараа Ромын католик хийдийн тэргүүнээс огцорсон билээ. Герман гаралтай Ромын хамбатай 2002 оны арваннэгдүгээр сарын 30-нд хийсэн ярилцлагыг “Zenit” агентлаг 2005 оны дөрөвдүгээр сард нийтэлжээ.

-Христийн номлол бусад шашныг үгүйсгэдэг хэмээн тайлбарладаг хүмүүс цөөнгүй бий. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?

-Христ бол бусад шашныг үндэслэгчдээс их өөр хүн. Тэр Будда, Күнз шиг итгэгчдээ нигүүлсэнгүй болгох гэдэггүй. Гэхдээ тэр дэлхийг диваажинтай холбох гүүр, бидэнд ирсний шударга үнэний гэрэл. Есүсийн номлолыг жинхэнэ ёсоор бэлэг хэмээн хүлээн авч, ухамсарлаж чадвал тэр хэзээ ч бусад шашны номлолд үнэний хувь үгүй хэмээгээгүй гэдгийг ойлгоно.

-Та залуу номлогчдод Христийн үзэл баримтлалын талаар юу захиж, зөвлөх вэ?

-Юун түрүүнд Библиэр дамжуулан сүсэгтэн олонд хүргэх гэсэн үнэн сэтгэлийн дуу хоолойг сонсож сурах.

-Ратцингер хэдийд энэ үзэл баримтлалыг сурсан бэ, эсвэл бүр багаасаа мэддэг байв уу?

-Миний амьдралын үзэл баримтлал Христийн номлолтой ижил байв. Би агуу номлогчдын бүтээлийг уншиж өссөн. Намайг бага байхад Германд Бултмэний экзистенциал үзэл баримтлалын номлол илүү хүчтэй байв. Хожим Марксизмийн онолыг гол чигээ болгосон Молтмэний номлолыг онцлох болсон.

Өнөө цагт Христийн номлол бусад шашинтай зөрчилдөх болсон хамгийн гол хүчин зүйл бол “Христ бол цорын ганц” гэх үзэл. Эндээс тэгвэл тусламж гуйсан итгэгчдийн асуултад тэр хэрхэн хариулдаг юм бэ, хэн Христтэй харилцаж, түүний үзэл баримтлал, номлолыг түгээдэг вэ гээд л олон асуулт урган гардаг.

-Орчин цагт оюун санаа хүний бие махбодид ч чухал нөлөөтэй гэж үзэх болсон. Тиймээс бясалгагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бясалгалын, Христийн эргэцүүлэл хоёр чухам юугаараа ялгаатай юм бэ?

-Цөөн үгээр тайлбарлахад бясалгаж буй хүн мөн чанар “би”-гээ гээж, орчлон хорвоогийн мөн чанарт нэгдэж, ингэснээр өөрийгөө, хувь хүний онцлогоо үгүйсгэдэг. Христийн бясалгал, эргэцүүлэл бол есүс бясалгагч хоёрын хоорондын харилцаа юм. Тиймээс эргэцүүлэгч өөрийгөө гээхгүй, бие даасан байдал, үүрэг хариуцлагаа орхилгүйгээр бясалгах боломж олгодог. Бясалгасны дараа нүд нээгдэхийн сацуу их хайр хэнийг ч эвддэггүй гэдгийг мэдэрдэг.

-Өнгөрөгч он католик шашинтнуудын хувьд хүнд жил боллоо. Хуврагуудын талаарх таагүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүр нийтэд хүргэж, сүм хийдийн эсрэг муу муухай мэдээлэл түгээх кампанит ажил өрнүүлсэн юм шиг л байсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Хуврагууд ч бас нүгэл үйлдсэн байдаг. Католик сүмийн хуврагуудын үнэн төрх ямар байдаг талаарх мэдээллийг би өөрөө ч хэвлэлийнхэнд өгөхөд бэлэн байсан. Ялангуяа Америкийн нэгдсэн улсад бодлоготойгоор энэ төрлийн мэдээллийг цацаж байсан.

Учир нь тус улсад католик шашны лам хувраг цөөн. Хэвлэлүүдэд бичсэн шиг ааш авир, нүгэлт үйл нь манай сүм хийдийн лам, хуврагуудын нэг хувь хүрэхгүй хүмүүст л ажиглагддаг зүйл. Тиймээс тэдний бичсэн зүйл бодит байдлаас их хол зөрүүтэй.

-Европчууд шашин шүтлэгийн хувьд нэгдэж чадах болов уу?

-Европчууд эдийн засаг, улс төрийн бодлого төдийгүй оюун санаа, шашин шүтлэгийн хувьд ч нэгдэх хэрэгтэй гэдэгт би итгэлтэй байгаа. Түүхэнд ч европчууд Христийн шүтлэгээр нэгдэж, тэр нь эдийн засаг, улс төрийн нэгдмэл байдалд нөлөөлж, улам хүчирхэгжиж байсан. Тиймээс биднийг нэгтгэх гол үндэс суурь нь юу байх ёстой вэ гэдгийг дахин нэг эргэцүүлэх нь зөв.

Гэхдээ шашныг улстөржүүлэх бус, нэгдэх нийлэх суурь болгох нь зүйтэй. Эс тэгвээс улс төр шударга байдлын зааг үгүй болж, бүхнийг улс төрийн үндэслэлээр шийддэг болно.

-Ватиканыг шинэ үеэ гаргаж ирэх цаг нь болсон гэх асуудал хэдийнэ сөхөгдөөд буй. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Юуны өмнө энэ бол үндсэн асуудал биш. Бид хуулиа бүрэн гүйцэт боловсруулж амжаагүй байна. Ажиллаж буй хэдий ч цаг хугацаа их шаардлагатай байна. Залуу модод ой болоход хугацаа шаардлагатай байдаг. Залуу хөвгүүнийг эрийн цээнд хүрэхэд цаг хугацаа шаардлагатай.

Түүний адилаар бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Нэг өдрийн дотор шийдчихдэг асуудал биш учир шинэ зөвлөлийг нэн даруй байгуулж чадахгүй байгаа юм. Гэхдээ шийдвэрлэх нэн чухал шаардлагатай байгаа асуудал энэ биш.

-Таны бодлоор технологи, шинжлэх ухааны дэвшил хүний мөн чанар, хүнлэг байдалтай зөрчилдөж байна уу?

-Шинжлэх ухаан цаг минутаар урагшлан хөгжиж байгаа өнөө цагт хүний мөн чанар, хүнлэг байдлын асуудлыг эргэн сөхөх шаардлага бидэнд тулгараад байна. Ёс суртахуун өөрчлөлттэй нүүр тулж байна. Санваартны шинжлэх ухааны академи гэж байдаг. Би уг академийн гишүүн. Физик, биологи зэрэг шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэд нэгддэг тус академид саяхнаас гүн ухаан, шашин судлаачид ч нэгдлээ.

Сүүлийн үед бид шинжлэх ухаан ба шашин, гүн ухааны хоорондын уялдаа холбооны талаар түлхүү хэлэлцэх болсон. Хүний тархины судалгаа хийдэг академийн нэг гишүүн маань “Хоорондоо огт нийцдэггүй хоёр зүйл бол шинжлэх ухаан ба эрх чөлөө” хэмээн илтгэл тавьсан. Түүний өгүүлснээр шинжлэх ухаан хувь хүний эрх чөлөөг хязгаарладаг гэнэ. Тиймээс л шинжлэх ухааныг гүн ухаан, шашнаас ангид судалж болохгүй. Цогцоор нь судалсан үед л бид бодит байдлын мөн чанарыг жинхэнэ ёсоор олж нээнэ.

О.УНДАРМАА

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай