Засаг дарга С.Хавалын нэр төрийг сэргээжээ


Т.Үлэмж
    Сүүлийн үед Баян-Өлгий аймагт  багагаүй улстөржилт өрнөж байгаа. Тус аймгийн АН-ынхан Засаг дарга С.Хавалыг албан тушаалаа урвуулан  ашигласан хэмээн суулт зарласан. Тэгвэл үүнтэй зэрэгцэн С.Хавалын нэр төрийг сэргээсэн нэгэн шүүхийн шийдвэр саяхан гарчээ. Өнгөрсөн оны есдүгээр сард “Нийгмийн толь” сонинд  “Монгол ахан дүүс ээ уучилна уу“ гэсэн гарчигтай нийтлэл гарч,  аймгийн Засаг дарга С.Хавалыг “мэдлэг боловсролгүй, чадваргүй, албан тушаал, эд хөрөнгийн төлөө хамаг юмаа, түүний дотор гэр бүл, эхнэрээ хүртэл золиосолдог, өөрийн нутаг усныхан, хамсаатнуудаа төрийн албан тушаалд томилдог” гэх мэтээр бичсэн байжээ. Уг нийтлэлээр  аймгийн Засаг даргын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан хэмээн үзэж, С.Хавал  шүүхэд хандаад байжээ.
    Нийслэлийн  Чингэлтэй дүүргийн шүүх Баян-Өлгий аймгийн  Засаг даргын гомдлыг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан шийдвэр гаргаж,  С.Хавалын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээсэн байна. Ингэхдээ  тус сониноор дамжуулан няцаалт хийхийг  даалгаж,  Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн төгрөг гаргуулан аймгийн Засаг дарга С.Хавалд олгохоор шийдвэрлэжээ.  Сүүлийн хоёр  жилийн хугацаанд шүүхээс аймгийн Засаг дарга С.Хавалын нэр төрийг гурав дахь  удаагаа сэргээж байгаа нь энэ аж. Дээрх нийтлэлд дурдсантай адил утгатай зүйлийг  сүүлийн үед аймгийн АН-аас тараан зохион байгуулж байна хэмээн Засаг дарга С.Хавал үзэж байгаа аж. Тус аймагт өвөлжилт хүндэрч байгаа тул   улс төрийн  утга учиргүй хэрүүлээ зогсоохыг жирийн иргэд ч шаардаж байгаа гэнэ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай