Сэтгэлд хоногшсон киноны хөгжмүүдийг таны сонорт…

    
    Монголчууд бид хуучны кинонуудаасаа огтхон ч уйддаггүй. Үг өгүүлбэрийг нь цээжилтлээ амтархан  үздэг. Сэтгэлд хоногшсон тэр сайхан бүтээлүүдийг хөгжимгүйгээр төсөөлөхийн ч аргагүй билээ. Тэгвэл Морин хуурын чуулгын уран бүтээлчид өнөөдөр, маргааш, нөгөөдөр, гурван өдөр Монголын болон дэлхийн шилдэг киноны хөгжмүүдээс бүтсэн “Playing love” тоглолтоо үзэгчдэдээ өргөн барих гэж байна. Энэ нь тус чуулгын шинэ оны анхны тоглолт бөгөөд киноны хөгжмөөр дагнасан бүтээл тавьж буй нь ч анхных гэнэ.
    Монголын хамгийн анхны өнгөт кино “Алтан өргөө” киноны хөгжмөөр тоглолтын салхийг хагалах бол “Мандухай цэцэн хатан”, “Энэ хүүхнүүд үү”, “Үхэж үл болно”, “Би нисэх дуртай”, “Улаан дарцаг”, “Тань руу нүүж явна”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны сэтгэлд хоногшсон сайхан аялгуу Филармонийн тайзнаа энэ гурван өдөр эгшиглэх нь. Мөн монголчууд бидний сайн мэдэх “Шиндлерийн бүртгэл”, Солонгосын олон ангит “Тэ Жан Гум”, Хятадын “Архирч буй бар, гэтэж буй луу”, АНУ-ын “1900” киноны “Playing love” нэртэй алдарт хөгжмийн зохиолыг тоглох ажээ. Өмнө нь бүхэл бүтэн симфони найрал хөгжим тоглож байсан тэр жинтэй бүтээлүүдийг  морин хуурын ая хэмнэлд оруулах амар байгаагүй талаар уран бүтээлчид ярьж байна. Ялангуяа ази киноны хөгжим өөрийн үндэсний онцлогийг илтгэх авиа, өнгөтэй байдаг учраас “монгол” болгон хөрвүүлэхэд багагүй хөдөлмөр шаардсан гэнэ. Гэсэн ч хоёр сарын турш тоглолтдоо бэлтгэсэн чуулгынхан үзэгчдэдээ тайлангаа тавихад бэлэн болжээ.    
Дашрамд сонирхуулахад, төрөөс энэ онд шинэ уран бүтээл тавихад зориулж төсөв өгөөгүй учраас чуулгын уран бүтээлчид ёстой л бор зүрхээрээ, өөрсдийн нөөц бололцоон дээрээ тулгуурлан энэ тоглолтыг зохион байгуулж буй гэнэ. Тоглолтыг уг нь хоёр өдөр хийхээр төлөвлөсөн ч тасалбар нь хэдийнэ борлогдож дуусаад, үзэгчид олноороо санал тавьсан тул дахин нэг өдрөөр сунгасан аж.

Г.Оюунгэрэл
 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай