Нялх хүүхдийн амь насыг авсан нян клебсиллаг илрүүлэв

Нэгдүгээр амаржих газраас Халдварт өвчин судлалын төв рүү явуулсан шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарсан байна. Шинжилгээгээр клебсиелла хэмээх хоруу чанартай нян илэрсэн байна. Энэхүү нян нь нялхсын хүй, уушгийг үрэвсүүлдэг бөгөөд халдвар авсан тохиолдолд нярайн нас баралтад шууд нөлөөлдөг байна. Уг халдвар юунаас болж гарсан байж болохыг тус амаржих газрын шинэ дарга Д.Энхбаяраас тодруулахад,
-Өвчний эх үүсвэр юу байсныг бид хайж байна. Эмнэлгийн бохирын хоолой бөглөрч, олон жил цэвэрлээгүйн улмаас лаг үүссэн нь халдвар гарахад нөлөөлсөн байх магадлалтай. Мөн агаар болон ахуйн замаар халдвар гарсан ч байж болзошгүй гэв.
Тийм байх үндэс ч байгаа аж. Нэгдүгээр амаржих газар дотоод шугам сүлжээгээ олон жил цэвэрлээгүйгээс лаг үүсч, халих тохиолдол өмнө нь гарч байжээ. Өвчин илэрсэн даруйд найман нярай  халдвараар өвчилж, нэг нь нас бараад байсан бол өдгөө тэднээс гадна 12 хүүхдийг уг халдвараар өвчилсөн байж болзошгүй хэмээн тусгаарлан эмчилгээ хийж байгаа аж. Халдвартай хүүхдүүдийг дараагийн шатны эмнэлэг болох Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд шилжүүлэх юм байна. Учир нь өвчин үүсгэсэн байж болох бохирын лагийг бүрэн цэвэрлэхийн тулд эхний ээлжинд эмнэлгээ чөлөөлөх хэрэгтэй гэнэ. Зөвхөн бохирын шугам төдийгүй тус амаржих газрыг бүрэн цэвэрлэж, ариутгал хийсний дараа Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлж, шинжилгээ хэвийн гарсан тохиолдолд эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм байна. Өвчилсөн хүүхдүүдийн биеийн байдал ямар байгааг эмнэлгийн даргаас лавлахад
-Харьцангуй дээрдсэн. Гэвч зарим нь хүндхэн байгаа. Өвчин үүсгэгч гэнэт өөр эрхтэн системүүдэд нь нөлөөлж болзошгүй учраас тэдний эрүүл мэндэд онцгой анхаарал тавьж байна. Дээрх нян хүний бүх эд эрхтнийг гэмтээдэг. Зөвхөн нярайд биш сул биетэй хүмүүс, ахмадуудад тусдаг. Хүндэрвэл хүйн халдвар,  зүрхний цусан хангамжийг муутгаж, менингет, суулгалт гэх зэрэг өвчин болохыг үгүйсгэхгүй. Энэ нь нэг ёсондоо цусан үжил юм. Тиймээс нярайд хүндээр тусдаг. Одоо бид шаардлагатай эм тариаг  хангалттай хийж байна. Ямар антибиотект мэдрэг байна гэдгийг нь ч шинжлүүлэхээр өгсөн гэж ярьж байлаа. Эмнэлгийн хонгилд байдаг бохирын хоолойд ариутгал хийсэн гэнэ. Амаржих газрын цахилгаан шат бохирын шугамын яг дэргэд байдаг тул эмч нарын хөлд гишгэгдэн халдвар тархсан байж болзошгүй гэсэн таамгийг зарим мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай