“Ханиад уу, хордлого уу гэдгийг ялгах хэрэгтэй”

“Ханиад уу, хордлого уу гэдгийг ялгах хэрэгтэй”

Урин цаг улирч, хүйтний ам наашлахаар элдэв ханиад томуу дэгдэх нь ихэсдэг. Ялангуяа хүүхдүүд өвчилж, эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг. Сүүлийн үед бага насны хүүхдүүд суулгаж, бөөлжих хавсарсан ханиад тусах болжээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн ерөнхий зохицуулагч эмч Б.Ренцэнхандаас тодруулахад, “Рото, адено вирусийн гаралтай уг ханиадыг тусвал амьсгалын болон хоол боловсруулах эрхтнийг гэмтээж, халуурах, шингэн нус гоожих, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. 0-5 насны хүүхдүүд өвчлөх нь элбэг байна. Эцэг, эхчүүд цаг агаарыг харгалзалгүй, хүүхдээ хэт нимгэн, эсвэл зузаан хувцасласнаас энэ нь үүдэлтэй. Мөн ханиадтай хүүхдээ цэцэрлэгт явуулж байгаа нь халдвар цааш тархах шалтгаан болж буй юм.

Манай эмнэлэг ажлын өдөр 40-50, амралтын өдөр 80-120 хүүхэд үздэг. Энэ нь нийт үзлэгийн дөрвөн хувь бөгөөд таван хувьд хүрвэл онцгой байдал зарладаг” гэв. Ханиадны улмаас гэдэс базлан, бөөлждөгийг эцэг, эхчүүд гэдэсний өвчинтэй андуурч, хүүхдэдээ дур мэдэн эм уулган, тоомжиргүй хандсанаас хүндрүүлэх тохиолдол гарчээ. “Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэг, хоёр дахь шатлалын хүүхдийн эмнэлэгт хандаж, ханиад уу, хордлого уу гэдгийг тодорхойлуулах шаардлагатай” гэж Чингэлтэй дүүргийн VI хорооны өрхийн эмч Б.Аззаяа зөвлөлөө. Улирал солигдох үед хүний дархлаа сулардаг учир ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд хувийн ариун цэврийг сахиж, дархлаа дэмжсэн хоол хүнс, аминдэм хэрэглэх ёстой гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай