Ногоон байгууламжийг цементэлж, авто зогсоол болгох санаачилга гаргажээ

Ногоон байгууламжийг цементэлж, авто зогсоол болгох санаачилга гаргажээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж нийслэлийн удирдлага үзжээ. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайн хайс, хашлагыг буулгаж, авто зогсоол байгуулах гэнэ. Тухайлбал, байнга түгжрэлтэй байдаг III, IV хорооллын авто зогсоолын зохион байгуулалтыг өөрчлөх аж.

Тэндхийн худалдааны төвүүдэд лангуу түрээсэлдэг хүмүүс зогсоолд өдрийн турш машинаа байрлуулсны уршгаар зогсоол хомсдож, түгжрэл үүсдэг байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тухайн орчмын авто зогсоолыг хувь иргэдэд түрээслүүлж, төлбөртэй болгох санал гаргаснаа мэдээлэв.

Мөн III, IV хорооллын авто замын голын ногоон байгууламжийг цементэлж, зогсоол болгох санал гаргажээ. Хороолол орчмын иргэдийг ус, дулаанаар хангадаг инженерийн шугам сүлжээ тухайн ногоон байгууламжийн доор бий. Шугам сүлжээ эвдэрч, гэмтсэнтэй холбоотойгоор түүнийг байсхийгээд л ухдаг тул тэнд тарьсан зүлэг, мод дорвитой ургадаггүй гэж тэд үзэн, ийм шийдвэр гаргасан аж. Хэрэв энэ санаачилга ажил хэрэг болбол нийслэлд угаас хүртээмжгүй ногоон байгууламжийн хэмжээ улам багасах нь.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд тухайн хэсгийг тохижуулж, “ногооруулахад” зарцуулсан нэг тэрбум төгрөг салхинд хийсэх юм. Эх сурвалжаас авсан мэдээллээр холбогдох хүмүүс уг саналаа нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлд танилцуулж, шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа гэх.

Түгжрэлийг бууруулж, авто зогсоол нэмж байгуулах шаардлага бий ч урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн арга хэрэглэх нь зохистой юу. Хэрэв тус газар ногоон байгууламжид үнэхээр халтай бол нэг тэрбум төгрөгөөр “туршилт” хийтлээ цамаархах хэрэг байсан уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай