Монгол, Филиппиний ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааны механизмыг бэхжүүлнэ

Өнөөдөр Монгол Улс Филиппин Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Хоёр орны харилцааны түүхэнд тэмдэглүүшт ой тохиож буй энэ өдөр Монгол, Филиппиний Гадаад харилцааны яам хоорондын Бодлогын гуравдугаар зөвлөлдөх уулзалт Манила хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтыг манай талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, филиппиний талаас тус улсын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Энрике Гонзалес Манало нар ахалж оролцов.

Дэд сайд Б.Батцэцэг уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Филиппиний Ерөнхийлөгч Р.Дутертэд илгээсэн баярын мэндчилгээг гардуулав.

Талууд хоёр талын харилцааг бүх түвшинд идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлоод цаашид дээд өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллахаар тохиров.

Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны механизмыг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав.

Харилцаа, хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр хоёр улсын хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох шаардлагатай байгааг талууд тэмдэглэв. Филиппиний тал жимс, далайн бүтээгдэхүүнээ экспортолж, манай уул уурхай, эрдэс баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу аялал жуулчлал, мэдээллийн технологи, инновацийн чиглэлд хамтран ажиллах санал дэвшүүлэв. Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд шууд харилцаа холбоо тогтоож, бизнесийн төлөөлөгчдөө Монголд илгээх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай