"Зэрлэг амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн худалдаалвал агнасантай адил торгоно"

Монгол орон нэн ховор амьтан, ургамалтай. Гэвч мухар сүсэгтнүүдийн балгаар ховор амьтдаа золионд гаргаж, эд эрхтэнг нь лангуун дээр өрж байгаа нь нууц биш болоод байна. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын амьтан ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатартай ярилцлаа.

-Амьтны эд эрхтэн биед сайн гэх ам дамжсан ярианаас болоод хууль бус ан гаарч, санаа зовоосон асуудал боллоо. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Бид зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш байгаль орчин болон амьтан ургамалдаа хайр гамгүй харьцах болжээ. Хавар болохоор л яргуй идсэн гөрөөсний мах иднэ гэх юм уу эсвэл амьтны эд эрхтнээр хийсэн сувенирийг амьдралдаа хэрэглээ болгосоор байна. Саяхны явдлаас жишээ болгоход иргэн Б-ийн дүү бөө болж буй гээд ирвэсийн арьс олж ирэхийг даалгажээ.  Ирвэс нь агнаж болохгүй нэн ховор амьтан. Үүнийг мэдсээр байж Говь-Алтай хүртэл яваад 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан байгаа юм. Төд удалгүй хотод ирээд цагдаагийн байгууллагад баригдсан. Нэн ховор амьтан агнасан бол эрүүгийн хуулиар шийдэгддэг. Эр ирвэсийн экологи эдийн засгийн үнэлгээ 11 200 000 төгрөг. Үүнийг хоёр дахин нугалж төлүүлдэг гэхээр 22 400 000 төгрөгийн нөхөн төлбөрт унасан. Энэ мэт шашины зан үйлээс болоод хууль бус үйлдэл хийхээс ч буцахгүй хүмүүс олон болж байна. Шинжлэх ухаанаар нотлогдоогүй, ам дамжсан ярианд итгэн иргэд хууль бус үйлдэлд орооцолдохоос сэргийлэх шаардлагатай байгааг анхааруулмаар санагддаг.

-Нэн ховор болон ховор амьтдаас хүний гарт өртөж буй ямар амьтад байна вэ?

-Монгол орны нэн ховор амьтны жагсаалтанд 30 зүйл амьтан байдгаас цоохор ирвэс, хүдэр, хандгай, борцгор хотон, бөхөн зэрэг амьтад аюулд өртөх нь элбэг байна. Ховор амьтны жагсаалтанд 14 зүйл хөхтөн, 24 зүйлийн шувуу бүртгэгдсэн байдгаас ойн булга, шилүүс, хүрэн баавгай, зэрлэг гахай, халиун буга, хар сүүлт, янгир ямаа, ооч ёл, алтайн хойлог, хулан жороо, зэрлэг гургуул зэрэг амьтад хууль бус агнуур худалдаанд түгээмэл өртдөг. Эдгээр амьтад нь бүгд экологи, эдийн засгийн үнэлгээтэй бөгөөд агнасан тохиолдолд тус үнэлгээг хоёр нугалж төлдөг.

-Тусгай хамгаалалттай газар нутагт ан хийсэн тохиолдолд мөн хариуцлага тооцдог. Үүнийг хуулиндаа хэрхэн тусгаж өгсөн байдаг вэ?

-Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай байдаг.

-Зэрлэг амьтдын эд эрхтнээр төрөлжсөн лангуунууд бий болжээ. Хараад байхад “Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай”-наас бусад нь бараг байх шиг. Энэ талаар ямар хориг арга хэмжээ авч байна вэ?

-Зэрлэг амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний худалдаатай тэмцэх ажлын хэсэг энэ онд (2018.3.29) таслан зогсоох чиглэлээр “Нарантуул” зах, “Souvineir shop” гэх мэт аж ахуй нэгжээр амьтны тухай хууль танилцуулж явсан. Бид эхлээд сонирхож яваа дүр эсгээд нэлээн судаллаа. Гэтэл нэг лангуун дээр 18 ширхэг цагаан зээрийн туурай, ширхэгийг нь 90.000 төгрөгөөр, 24 ширхэг чонын арьс тус бүрийг 350.000, тасын хошуу 150.000, баавгайн хумс 10.000, бугын эвэр 229.000, бүргэдийн тарс 150.000 төгрөгөөр наймаалж байх юм. Хаанаас энэ их амьтны эд эрхтэнийг оруулж ирсэн юм гэж асуухаар “Малчин аваад ирсэн, хүн тавиулсан юм” гэх зэргээр хэнэггүй зан гаргадаг. Судалгааны төгсгөлд бид хуулийн заалтыг танилцуулж, анхааруулга өгсөн.

-Зэрлэг амьтны гаралтай бүтээгдэхүүнийг худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл нь агнасан, барьсантай адил хэмжээний торгуультай байдаг юм билээ. Ямар хариуцлага тооцдог болохыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Амьтны тухай хуулийн 7.5-д зааснаар “Ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар болон төлбөр төлсөн иргэд төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу барьж, агнана” гэж заасан байдаг. Зөвшөөрөл аваагүй худалдсан, тээвэрлэсэн тохиолдолд агнасан, барьсантай адилтган үзэж, Засгийн газраас тогтоосон экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөн төлүүлж, Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгэх зохицуулалт өдгөө үйлчилж буй. Бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-тай хамтран хяналт шалгалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс урьтан худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүсд торгох талаар хоёр ч удаа анхааруулга өгсөн. Энэ төрлийн хяналт, шалгалт өмнө нь явагдаж байгаагүй болохоор анхааруулгыг ингэж олон дахин өгөөд байна.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай