БНХАУ-ын элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уузлаа

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цаг үеийн асуудлаар ярилцав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Шин Хаймин цаг гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд өнгөрсөн хугацаанд хоёр талын хооронд олон чухал айлчлал, арга хэмжээ амжилттай хэрэгжсэнд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, он дуустал зохион байгуулах зарим айлчлал, арга хэмжээний талаар мэдээлэв. Мөн ирэх онд тохиох Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх арга хэмжээнүүдийг эртнээс тохиролцох хүсэлтэй байгаагаа уламжлав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлэхдээ, сүүлийн үед өндөр, дээд түвшний харилцан айлчлал, арга хэмжээний давтамж хадгалагдаж байгаа нь хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж буйг тэмдэглэв. Эдгээр харилцан айлчлал, уулзалтуудын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хүрсэн тодорхой тохиролцоог шуурхай ажил хэрэг болгож, хамтран  ажиллахаа илэрхийлэв.

2019 онд тохиох Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг бэлтгэж байгаагаа хятадын талд мэдээлж, ойрын үед тодорхой ярилцах саналтай байгаагаа мэдэгдэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай