“Халуун дуудлага”-д анхаарлаа хандуулъя

2015 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр дөрөвхөн настай охин төрсөн эцэг болон хойд эхдээ зодуулан нас барсан аймшигт хэрэг гарсан. Уг хэргийн шуугиан намжаагүй байтал арван хоёр настай У ба арваннэгэн настай А нар төрсөн эцэгтээ зодуулж тамлуулсан хэрэг бүртгэгджээ. Эд бол хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн гэмт хэргийн кэйсүүдийн ердөө л цөөн хувь нь. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 2017 онд бага насны 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол энэ он гарсаар 68 хүүхэд хүчирхийлэлд өртжээ.

Тухайлбал, 2017 онд 1700 орчим хүүхэд ямар нэгэн байдлаар гэмт хэргийн улмаас хохирсон бол 127 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан статистик тоон мэдээлэл бий. 2014-2016 оны шүүхээр шийдэгдсэн нийтдээ 80 хавтаст хэрэгт анализ хийхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн 76 хувь нь төрсөн эцэг эхтэйгээ амьдарч байгаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон, 18 хувь нь хойд эцэг, эхтэйгээ амьдарч байгаад хохирогч болсон, нийт дүнгээр 94 хувь нь эцэг эхтэйгээ байж байгаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байна. Харин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдийн тоо 59 байсан бол гурван сарын өмнө энэ тоо 68-т хүрчээ. Энэ бүх хэрэг олон нийтэд ил болсноор нийгмийн анхаарал хүүхдийн эсрэг гэмт хэрэгт чиглээд буй.

Гэтэл манай улсад шаардлагатай дуудлагад бэлэн байх “Хүүхэд хамгааллын тусламжийн бэлэн алба” ердөө ганцхан бий. Тодруулбал, яаралтай хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн “Хүүхдийн тусламжийн утас-108” нь хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой. Анх Засгийн газрын 2016 оны 55 тоот тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн тусламжийн 108 үйлчилгээний төвийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний албанд албан ёсоор баталгаажсан юм. Гэхдээ энэхүү алба нь саяхан байгуулагдчихсан юм биш, 1998 оноос үүдэлтэй олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд бий болжээ.

Монгол Улсын Засгийн газар Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч байсны нэг нь Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ юм. 2001 онд анх удаа Хүүхдийн төлөө үндэсний хорооны дэргэд “Хүүхдийн тусламжийн утас 1615” байгуулагдан, 2004 оноос “Найз 1979” болж өөрчлөгджээ. 2014 онд Хүүхдийн төлөө үндэсний газар, Мобиком корпораци, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран гурван жилийн хугацаатай Хүүхдийн тусламжийн утсыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр зөвшилцөн, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2014 оны тавдугаар сарын 28-ны өдрийн хурлаар “Хүүхдийн тусламжийн утасны шинжлэлийг дэмжих тухай” 01 тоот тогтоолыг баталжээ. Уг тогтоолоор тусламжийн утсыг яаралтай тусламж үйлчилгээний ангилалд шилжүүлж, 108 тусгай дугаар олгох, орох дуудлагад үүрэн болон суурин утасны бүх оператор үйлчилгээг үнээс чөлөөлсөн байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн Мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах тухай 11 дүгээр зүйлд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авах яаралтай тусламжийн утсыг 24 цагаар ажиллуулж болно гэж зааж. Ингээд Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2014 оны Б/49 тоот тушаалыг үндэслэн “108” тусгай дугаар нь долоо хоногийн 24 цагт дөрвөн ээлжээр, 22 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Ингэж хүүхдийн тусламжийн утас бүрэн чадлаараа ажиллаж эхэлжээ. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 520 мянган хандалт хийснээс 360 мянган дуудлага бүртгэгджээ. Үүнийг мэргэжлийнхэн нь “Халуун дуудлага” гэдэг. 33.8 хувь (17.000) нь зорилтот дуудлага байснаас 16.3 хувь нь мэдээлэл хүссэн, 9.2 хувь (7600) нь сэтгэл зүйн зөвлөгөө хүссэн, 8.3 хувь нь чимээгүй, 2.04 хувь (2100) нь хамгааллын үйлчилгээ шаардлагатай, 0.7 хувь (770) нь хүүхдийн эрхийн зөрчлийн тухай дуудлага байжээ. Гэхдээ үүний цаана дуудлага өгч чадалгүй хохирч үлдсэн хүүхдүүдийг хэн хэрхэн хамгаалах вэ. Монголд хүүхэд хамгааллын тогтолцоо 21 аймаг, есөн дүүрэгтээ хуваагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, 108 утас нь 152 хороо, 336 сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг орон нутаг даяар ажиллаж байгаа ч хороо бүрт хүрч ажиллана гэдэг хэцүү. Дээрээс нь 12-17 мянган хүн амтай хороонд ганц л цагдаа байгаа явдал ч бий гэнэ. Тиймээс яаж ч мэрийгээд хүчрэхгүй шүү дээ. Иймд нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа хэмээн Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяа ярилаа. Үүнээс гадна бэлгийн хүчирхийллийн хохирогчийн хэргийг хуулийн шатанд үнэн зөв шийдвэрлүүлэх, бие махбодод учирсан гэм хороос гадна сэтгэл зүйд учирсан гэм хорыг шүүхээр тооцуулдаг практикийг бий болгох ёстой болов уу.

Ямартай ч хүүхдийн тусламжийн утас 108-ын үйлчилгээ тогтмолжиж, хүүхэд хамгааллын үйлчилгээ нь тогтолцоо болж чадсан ч уг үйлчилгээний талаар нийт хүүхдийн 63 хувь нь мэддэг болсон ч үйлчилгээ үзүүлж буй бүтэц нь албажаагүй, орон тоо батлагдаагүй, санхүүжилтын эх үүсвэр нь тодорхой бус байжээ. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар 108 утасны үйлчилгээний төвийн тээврийн хэрэгсэлд тусгай болон гэрлэн дохио тавьж хэрэглэх тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг шийдвэрлэж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж сайжирсан хэмээн “Хүүхдийн тусламжийн утас-108”-ын зохицуулагч М.Энхболд хэлсэн юм.

Монгол Улс хүүхдийн хөгжлийн үйл явц, түүнийг хамгаалах үйл ажиллагааг Монгол Улсын хөгжлийн ирээдүй, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын бат бэх үндэс гэж үзсээр ирсэн боловч нийгмийн сөрөг үзэгдлүүдээс хүүхдээ бүрэн хамгаалж, хөгжлийн хэрэгцээг нь хангаж чадахгүй байсаар байна. Ингэхийн тулд нэн түрүүнд хийх ёстой ганц шийдэл нь тусламжийн 108 утсыг хөгжүүлж, үйлчилгээ үзүүлж буй бүтцийг нь албажуулж, орон тоог нь нэмж, санхүүжилтийн эх үүсвэрийг нь тодорхой болгох шаардлага байсаар байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай