Д.Халин: Эмэг эхийнхээ дүрд тоглосон минь надад олдсон хамгийн том завшаан

“Алтан өндөг” уран сайхны киног өнгөрсөн сарын 21-нээс үзэгчдэд хүргээд буй. Тус киноны гол дүрийг “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, ӨМӨЗО-ы дуучин, жүжигчин Д.Халин нар бүтээсэн юм. Д.Халин манай улсад түр хугацаагаар зочлоход нь ярилцсанаа хүргэе.

-“Алтан өндөг” киноны зургийг гурван жилийн өмнө авсан юм билээ. Ямар тохиолоор энэ уран бүтээлд тоглохоор болов?

-ӨМӨЗО-ы Хөх хотын “Да Жин”, Бээжин хот дахь “Угалз” компанийн кино уран бүтээлийн гадаад харилцааг би хариуцдаг юм. Бид түүхэн кино бүтээхээр төлөвлөж байв. Гэтэл миний нэг найз энэ киноны зохиолыг надад танилцуулж, продюсер болоод тоглох уран бүтээлчид нь ч бэлэн байгааг дуулгасан. Кино зохиолыг нь уншихад маш их таалагдсан.

Ялангуяа инээдмийн кинонд дуртай болохоор их сонирхолтой санагдсан юм. Хэдийгээр амьдралд байх боломжгүй, ид шидийн мэт үйл явдал өрнөх боловч түүгээр дамжуулан үзэгчдэд нэгийг бодуулж, ухаарал хайрлана. Ингээд Гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү нартай холбогдож, хамтран ажиллахаар болсон доо.

Киноны зургийг 2015 оны зун авсан. Багаасаа уран сайхны кинонд тоглохыг хүсдэг байсан болохоор надад том завшаан олдсонд баяртай байгаа.

-Кинонд тоглохын зэрэгцээ продюсерын үүргийг хамтран гүйцэтгэсэн гэсэн. Хэцүү байсан уу?

-Уг нь өөр хүн хариуцах байсан ч киноны зургийг авч эхэлсний дараа больж, би өөрөө ажиллахаар болсон юм. Киноны зургийг авах нэг сар гаруйн хугацаанд орондоо орох ч завгүй ажилласан даа. Их ядарсан. Инээдмийн кино гэдэг хэр баргийн жүжигчин тоглодоггүй хатуу “эд” болохыг биеэрээ мэдэрлээ.

Гэхдээ И.Одончимэг, С.Лхагвасүрэн, Т.Бархүү гээд олон жил гар нийлж ажилласан уран бүтээлчидтэй хамтарсан болохоор санаа зовоогүй. Нөгөө талаас тайз, дэлгэцийн олон бүтээлд хамт тоглочихсон болохоор тэд нэгнээ мэддэг, бараг л харцаараа ойлголцчихдог.

Зарим тохиолдолд нэг нь кино зохиолд бичсэнээс өөрөөр жүжиглэхэд нөгөөх нь шууд л ойлгоод харилцан тоглоно. Гэтэл би тийм үед яахаа мэдэхгүй гацчихдаг байлаа. Чадварлаг уран бүтээлчдээс их зүйл сурлаа.

-Гавьяат жүжигчин И.Одончимэгийг шаардлага өндөртэй, чамбай найруулагч гэдгийг үзэгчид мэднэ. Зураг авхуулах явцдаа загнуулсан уу?

-Нэлээд загнуулсан шүү. Загнуулахаараа яахаа мэдэхгүй тэвддэг байлаа. Гэхдээ уран бүтээлээ сайжруулахын төлөө л хэлсэн үг учраас эмзэглээгүй.

-Шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэж, киноныхоо нээлтийн ёслолд оролцох үед ямар мэдрэмж төрж, юу бодсон бэ?

-Их сонин. Киногоо үйл явдалд нь хөтлөгдөж биш, “Би хаана, яаж алдсан бол, үзэгчид хэрхэн хүлээн авч байгаа бол” гэж санаа зовниж үзсэн. “Энэ хэсэгт ингэдэг байж, тэгсэн бол дээр байж дээ” гэж бодогдоод л.

-Үзэгчид кинонд тань ямар дүн тавьж буйг тандав уу?

-“Алтан өндөг”-ийг үзэгчдэд хүргэснээс долоо хоногийн дараа бид Улаанбаатар хот дахь кино театруудаар орж, хүмүүс киног маань хэрхэн үзэж буйг харсан. Бүх насны хүмүүс үзэж, сайхан хүлээн авч байгаад баярласан.

-Өвөг эцгийнхээ амьдралаас сэдэвлэн түүхэн кино бүтээж буй гэж сонссон. Та хаана төрж, өссөн хүн бэ?

-Би ӨМӨЗО-ы Алшаа аймагт төрж, өссөн. 12 настайдаа нутгаасаа гарч Цэргийн сургуульд элссэн юм. Тухайн үед авьяастай байсан уу, Цэргийн чуулгын бяцхан бүжигчин болсноор урлагт хөл тавьсан даа. Одоо Бээжинд суурьшаад 10-аад жил болж байна. 2012 онд Цэргийн албанаас чөлөөлөгдөж, чөлөөт уран бүтээлч болсон.

-Багаасаа цэргийн хүн болохыг хүсдэг байсан юм уу. Бүжигчин охин хэзээнээс дуулж эхэлсэн юм бэ?

-Уг нь багадаа жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Ялангуяа дэлгэцийн уран бүтээлд тоглохыг хүсдэг байв. Энэтхэг кинонд дуулж, бүжиглэж буй жүжигчдийг харж, тэдэнтэй атийм боломж олдолгүй Цэргийн сургуульд элсэж, бүжигчин болсон. Удалгүй дуулж, жүжигт ч тоглодог болсон юм.

-Уран бүтээлч эмэгтэйчүүдийн 35-40 нас ид үе нь мэт санагддаг. Авьяас, туршлага энэ үед л хосолдог байх. Та яг л энэ үедээ яваа мэт харагдлаа.

-Санал нийлж байна. Юунд, хэрхэн, яаж ажиллахаа мэддэг болж, юуг чадахгүйгээ ч хүлээн зөвшөөрдөг нас юм байна. Өнгөрсөн хугацаанд бие даасан зургаан цомог гаргажээ. Нэлээд хэдэн жилийн өмнө бичүүлсэн зарим дуугаа одоо сонсохоор нээрэн л туршлага нимгэн байсан нь мэдэгддэг. Дууныхаа мөн чанар, утгыг ч гүйцэд ойлгож, илэрхийлж чаддаггүй байж.

-Өвөг эцгийн тань тухай “Торгууд ван” киноны тухай ярья. Киноны зургийг аваад хоёр жил орчим болох гэж буй гэсэн. Хэзээ үзэгчдэд хүргэх вэ?

-Миний өвөг эцэг Лхаваанжавын амьдралаас сэдэвлэсэн эл киног Ж.Сэнгэдорж найруулсан. Гол дүрд нь УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх тоглосон. Миний ээжийн өвөө гэсэн үг шүү дээ. Би түүний гэргий буюу эмэг эхийнхээ дүрд тоглосон юм. Гэр бүлийнхээ тухай кинонд тоглоход их сонин мэдрэмж төрдөг юм билээ. Бас маш том завшаан.

Хачирхалтай нь, миний ээж жүжигчин О.Гэрэлсүхийг анх хараад “Өвөө минь яг иймэрхүү хүн байсан” гээд дуу алдсан. Миний өвөг эцгийн залуугийн төрхтэй тун төстэй. Киногоо БНХАУ даяар гаргах зөвшөөрлөө албан ёсоор авчихсан. Энэ сарын сүүлчээс гаргаж эхэлнэ. 2019 оны эхээр Монголын үзэгчдэд хүргэх санаатай. Түүнчлэн Халимаг, Тува гэхчлэн монгол туургатнууддаа үзүүлэхийг хүсэж байгаа.

-Өнгөрсөн жил бас телевизийн реалити шоу хийсэн гэж сонссон. Ямар учиртай нэвтрүүлэг үзэгчдэд хүргэсэн юм бэ?

-“Мориндоо мордъё” нэртэй реалити шоу хийсэн. ӨМӨЗО-ы хамгийн хойд цэгээс 12 аймаг дамжин нэвтрүүлгээ бэлтгэсэн. Уг нь анх тавуулаа нийлэн морьтой аялж, түүнийгээ дүрсжүүлэхээр төлөвлөсөн юм. Гэтэл энэ санааг минь “Одон” телевиз дэмжиж, улам баяжуулан шоугаа хийсэн дээ. Нэвтрүүлгээ бэлтгэх үеэр мориор аялахын зэрэгцээ очсон газар бүрийнхээ онцлог, үүх түүхийг үзэгчдэд хүргэхийг зорьсон. 76 улсад энэ шоугаа гаргаж чадсан шүү.

-Сүүлийн жилүүдэд та дууны болон дэлгэцийн уран бүтээлдээ Монголын уран бүтээлчидтэй түлхүү хамтран ажиллаж байгаа гэсэн үү?

-Үнэндээ бид Монголын уран бүтээлчдийн дуунуудыг сонсож, киног нь шимтэн үздэг. Хэдийгээр ар, Өвөрмонгол гэж буй боловч нэг л уг үндэстэй гэж би боддог. Тиймээс хамтран ажиллах дуртай. Уран бүтээлээр дамжуулан харилцаагаа улам сайжруулахыг хүсдэг. Бид нэг л дэлхийд амьдардаг учраас аль болох эе эвтэй, энх тайван байгаасай гэж боддог. Энэ удаа Монголд ирэхдээ уран бүтээлийн ажлаар ирсэн. Гурван дууныхаа клипний зургийг авхуулсан юм.

-Сүүлд хэзээ цомгоо гаргав. Кинонд тоглоод цаг зав муутай байна уу?

-Дууны уран бүтээлээ бүр орхигдуулаагүй. Сонсогчдодоо сард нэг шинэ уран бүтээл хүргэх төлөвлөгөөтэй ажилладаг.

-Аялан тоглолтоор хэр явж буй вэ?

-Нэлээд явна. Япон, Хятадын мужуудаас гадна Халимаг, Тува гээд монгол туургатнуудад байнга тоглолтоо хүргэдэг. Очих бүрт л элэгсэг хүлээж авдаг.

-Таны нөхөр Д.Шилийнболор яруу найрагч гэсэн. Хамтран хийсэн уран бүтээл бий юү?

-Надад ээжийн тухай дуу олон бий. Харин сүүлд аавын тухай сайхан дуу дуулмаар санагдаж, нөхөртөө санал тавьж шинэ дуу зохиолгосон. Удахгүй сонсогчдод хүргэнэ. Миний ханийн зохиосон “Хос жаргал” гэж дуу Монголын сонсогчдод их хүрсэнд их баяртай байгаа. Дөрвөн хос дуучин өөр өөрсдийн онцлогоор дуулсан юм.

-Дуулаачдын олон улсын уралдаанд оролцож байсан гэв үү, та?

-Би “Үнсье” гэж дуугаа 2007 онд гаргасан цомогтоо монголоор дуулж, 2010 онд цомогтоо хятадаар дуулж оруулсан юм. Ингээд 2010 оны хавар энэ дуугаараа олон улсын уралдаанд оролцож, шилдэг бүтээлийн эзэн болсон. ӨМӨЗО-ы сонсогчид энэ дуунд минь их дуртай. Бараг л хуримын дуу болчихоод байгаа шүү.

-Та ер нь бусадтай өрсөлдөн, аз туршиж, аюул сөрсөн, эрсдэлтэй үйлдэл хэр хийдэг вэ?

-Барагтай л бол үгүй дээ. Би их дөлгөөн, тайван талдаа хүн шүү дээ.

-Тэгвэл кинонд тийм үйлдэл хийж зураг авхуулах санал ирвэл яах вэ?

-Харин л дээ. Нэлээд удаан бодож байж л шийдэх байх. Уг нь кинонд тоглуулах санал мэр сэр ирж л байна.

-Монголын уран бүтээлчидтэй хамтран хийх дараагийн ажил тань юу вэ?

-Дуу, кино гээд Монголын уран бүтээлчдийн бүтээлийг Өвөрмонголын үзэгч, сонсогчдод хүргэх, тэндхийнхийг энд түгээх ажлыг голчлон хийхийг хүсэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай