Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг хоёр жил шалгаад юу тогтоов

Монгол Улсын Хөгжлийн банк хэмээх хөрөнгө сайтай газрыг тэргүүлж байсан Нанжидын Мөнхбатад 2016 оны аравдугаар сарын 15-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж шалгаж эхэлсэн билээ. Улсын эдийн засагт нөлөө үзүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой тус банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулж, шамшигдуулсан байж болзошгүй хэмээн түүнийг буруутгаснаас хойш хоёр жил болох нь.

Энэ хугацаанд маш их мөнгөн дүнтэй хэд хэдэн үйлдэлд түүнийг холбогдуулан яллагдагчаар татсан ч хэрэг нь шийдэгдэлгүй сураг алдрав. Мэдээж санхүүгийн гэмт хэргийг шалгахад их хугацаа, шинжилгээний дүгнэлт гаргуулах гээд ажиллагаа ихтэй. Энэ бүхнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн прокурорын хяналт дор хийж эхнээс нь дуусгасан юм билээ.

ДАМПУУРСАН “МОНГОЛ ГАЗАР”-ЫН ОФФИСЫГ БАРЬЦААЛСАН НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ

“Алтны магнат” гэж нэг үе шар сонинуудад бичиж байсан “Монгол газар” компанийг дампууруулах хүсэлтээ захирал Ц.Мянганбаяр 2014 оны долдугаар сард мэдэгдсэн. Улмаар тухайн үеийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүхийн шүүгчийн 2014 оны наймдугаар сарын 11-ний захирамжаар “Монгол газар” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон билээ.

Гэтэл тэр үед нь буюу 2014 оны наймдугаар сарын 5, 15-нд Ц.Мянганбаярын хамаарал бүхий оффисын барилгыг барьцаалан Хөгжлийн банк зээл олгосон аж. Уг чанаргүй зээлийг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат эрх мэдлээ урвуулан өгснийг АТГ-ынхан тогтоожээ. Тодруулбал, “Мон лаа” ХХК-ийн хэрэгжүүлж буй, төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаагүй байхад нь гурван сая ам.доллартой тэнцэх буюу 5.6 тэрбум гаруй төгрөгийн зээл олгосон байгаа юм.

...Хөгжлийн банкан дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах шийдвэр бие даан гаргаж, 2013 оны есдүгээр сараас 2016 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд түүнийгээ буцаан татах шаардлагагүй байхад арилжааны банкуудаас мөнгөн хадгаламжаа хугацааны өмнө буцаан татсан аж...

Ингэхдээ “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаярын хамаарал бүхий компанийн оффисын барилгыг барьцаанд тавьсан байдаг. Харамсалтай нь, дампуурлаа зарласан “Монгол газар”-ын барьцаалсан хөрөнгө нь бусад аж ахуйн нэгж, байгууллагад төлөх төлбөрт нь хураагдах болсон аж. Өөрөөр хэлбэл, барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжгүй гэнэ.

Зээл олгохдоо Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат Хөгжлийн банкны тухайн хууль, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, тус банкны Зээлийн үйл ажиллагааны журам зэргийг зөрчсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. Уг нь “Мон лаа” компани үндсэн зээлээ 2017 оны арванхоёрдугаар сарын 11-нд төлөх үүрэгтэй боловч одоо хүртэл төлөөгүй, зээлийн хүүгийн төлбөр нь 2.5 тэрбум төгрөг болж, улсын төсөвт их хэмжээний хохирол учирсаар байгаа юм.

АРИЛЖААНЫ БАНКАНД БАЙРШУУЛСАН МӨНГӨӨ ТАТСАНААС 4.6 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭВ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэн 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгөөр оффис авахаар болжээ. Прокурор, мөрдөгчид үүнийг Худалдаа хөгжлийн банканд хууль бус давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авсан.

Улмаар ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, 2015 оны долдугаар сарын 6-нд гэрээ байгуулан, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж яллагдагчаар татсан юм билээ.

Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны төв байрны (УНТЭ-ийн баруун хойд талд) 11, 12 давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая төгрөгөөр үнэлж, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан байдаг. Өдгөө хаяг нь Худалдаа хөгжлийн банкныхаасаа ч жижигхэн байдгийг тэр бүр хүмүүс анзаардаггүй биз.

Үүнээс гадна Н.Мөнхбатыг 4.6 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг Хөгжлийн банканд учруулсан үндэслэлээр яллагдагчаар татсан. Тэрбээр албан тушаалаа урвуулан Хөгжлийн банкан дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах шийдвэр бие даан гаргаж, 2013 оны есдүгээр сараас 2016 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд түүнийгээ буцаан татах шаардлагагүй байхад арилжааны банкуудаас мөнгөн хадгаламжаа хугацааны өмнө буцаан татсан аж.

Үүнээс болж Хөгжлийн банкны хадгаламжийн хүүгийн орлогыг алдагдуулж, тус банканд онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.


Д.Дайчин

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай