Бүх нийтээрээ мод булшлахаа больё

Мод тарих хоббитой хүн олон. Гэвч тарьсан модоо эсэн мэнд “бойжиж”, ургаж байгаа, эсэхэд санаа тавьдаг нь тун цөөн. Ялангуяа мод тарих үндэсний өдөр, ямар нэгэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, аян өрнүүлэх болохоор л монголчууд байгальд ээлтэй нэгэн болж хувирчихаад, бусад үед нь мартчихдаг гэмтэй. Нөгөөдөр Монгол орон даяар энэ эмгэнэлт, инээдэмт “жүжиг” бүтэн өдрийн турш үргэлжилнэ. Ерөнхийлөгч 2010 онд Мод тарих үндэсний өдөртэй болох чухал зарлиг гаргаснаас хойш монголчууд хавар, намар буюу жилдээ хоёр удаа мод тарих “субботник” тогтмол өрнүүлж ирсэн. Нийт хүн амын 50 хувь нь амьдардаг, хотжилт, хүн амын төвлөрлөөс үүдэлтэй орчны бохирдолд дарлуулсан улаанбаатарчуудад ус, агаар шиг чухал бас нэг зүйл бол яалт ч үгүй ногоон байгууламж. Ерөнхийлөгчийн зарлиг ч энэ шаардлагатай уялдсан.

“Нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод, бут, сөөг тарьдаг, түүнийгээ арчлан хамгаалдаг хэвшилтэй болгох, нийслэл, хот, тосгон, аймаг, сумын төвийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн хавар, намарт бүх нийтээрээ мод тарих ажлыг зохион байгуулж, уламжлал болгоно” хэмээх зорилт тус зарлигийн үндэслэл.

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд давхардсан тоогоор 1.2 сая гаруй иргэн (хүн амын 37.7 хувьтай тэнцэхүйц), 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага “ногооруулах” хөдөлгөөнд оролцож, 10.8 сая мод тарьжээ. Энэ чамлахааргүй амжилт. Тэднийг хэн ч “Заавал мод тарь” гэж албадаагүй, шахаж шаардаагүй. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын түвшинд анхаарч, ийм өдөр санаачилсан нь, иргэд, аж ахуйн нэгжүүд үүнд идэвхтэй оролцож ирсэн нь сайшаалтай. Гэвч тэднийг муухай харагдуулдаг, хийсэн ажлыг нь “доош татдаг” нэг л том дутагдал бат бөх оршсоор байсаар. Тэр нь тарьсан мод, суулгасан үрээ өнчрүүлж орхидог явдал.

“Би тэнд мод тарилаа”, “Манай байгууллагынхан төгөл байгуулав” гэсэн зурагт сурталчилгаа түгээж, саймшрагч олон болсон. Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр ч энэ үзэгдэл гаардаг. Жирийн иргэдээсээ эхлээд төрийн түшээд нь хүртэл “Төдөн мод тарилаа” гээд хүний хийдэггүйг хийчихсэн мэт гайхуулцгаана. Уржнан Бүх нийтээр мод тарих өдөр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд очсон юм. Нийслэлийн удирдлагуудаас эхлээд УИХ-ын гишүүд ирсэн байлаа. Тэд гартаа ганц хүрз, жоотуу бариагүй атлаа баахан сурвалжлагч дагуулсан юм даг. Зарим нь “Миний суулгах мод аль билээ” хэмээн туслахаасаа асууж байх жишээтэй. Энэ бол дан ганц төрийн түшээдийн гэлтгүй нийт монголчуудын хандлага юм. Тэд бусдад сайхан харагдахыг, их зүйл хийсэн гэж үнэлэгдэхийг л чухалчилж байна.

Статистик харахад энэ арга хэмжээнд оролцох иргэдийн тоо жилээс жилд буурчээ. 2010, 2011 онд 1.7, 1.4 сая хүн хамрагдаж байсан бол сүүлийн жилүүдэд 800 мянгаас хэтрэхээ байж. Тарьсан модны тоо ширхэг ч 2-3 дахин багассан байх юм. Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд тарьсан моддын 76 орчим хувь нь өдгөө “амьд” гэсэн тоон үзүүлэлтийг мэргэжилтнүүд хэллээ. Энэ тоог ямар аргаар, хэрхэн гаргасан нь хачирхалтай. Мод бүрийн ургалт, арчилгааг мэдээлэх чиптэй болгох ажил ойрын дөрөв, таван жилээс наашгүй, харин тарьсан мод, бутыг бүртгэж, тоолох мэдээллийн сан одоо л бэлэн болж буй гэх. Гэвч тэд үхсэн, амьд моддыг тоолоод гаргачихаж.

Харин яаж гэдэг нь тодорхойгүй. Газарт булсан үр, тарьц, суулгацыг нэгбүрчлэн тоолоогүй байлтай. Жил бүрийн тус өдөр мод тарих хоббитнууд олноор очдог Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэхэд үхсэн, хорчийсон бут, сөөг өчнөөн байгааг юу гэж тайлбарлах вэ. БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтнүүдтэй уулзахад чихэнд чимэгтэй мэдээ хэлэв. Тэд одооноос ногоон байгууламжийн арчлалтыг нэгдүгээрт тавих гэнэ. Яам энэ чиглэлд цаашид бодлогоор анхаарах төлөвлөгөөтэйг дуулгалаа. 18 дахь удаагаа болох Бүх нийтээр мод тарихыг өдрийн уриаг “Модоо арчлахад анхааръя” гэжээ.

Гэвч ингэж яриад, уриа дэвшүүлээд л асуудал шийдэгдчихгүй. Тиймээс иргэдэд экологийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Мод бүрийг тухайн иргэн, албан байгууллагын нэр бүхий пайзтай болгоё. Өөрийнх нь нэрээр “гоёсон” мод хорчийж, үхэхийг харах тийм ч таатай санагдахгүй нь лавтай. Ингээд ч тоохгүй бол шийтгэхэд буруудахгүй. Суулгасан тарьцаа мартаж орхино гэдэг бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж буйгаас ялгаагүй. Мод үржүүлгийн газрынхан нэг тарьц, суулгацыг бойжуулахын тулд багадаа хагас жил хөдөлмөрлөдөг гэсэн. Ингэж байж бид модны үнэ цэнийг ойлгож, Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн ач холбогдлыг хадгалан үлдэнэ.

Бэлтгэсэн: Ж.Сувд



ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн тоог олшруулах хэрэгтэй байна

Манайх мод тарих үндэсний өдөртэй дэлхийн 33 дахь улс болоод найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд хавар, намрын улиралд албан газар, анд нөхөд, ах дүүгээрээ нийлэн орчноо ногооруулахаар хичээж буй. Уг ажлын үр дүнг анзааран, магтах хэсэг байхад, их хөрөнгө зарцуулаад, илт сайжирсан нь үгүй гэх хүмүүс ч цөөнгүй. Харин иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, нарлаж суух, “налайж хэвтэх” цэцэрлэгт хүрээлэн, төгөл хэр олон байгаа бол.

Бид нийслэлчүүдийн очих дуртай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьсон юм. Үүдээр оронгуут угтдаг үүргийн худалдаачдыг жижгэвтэр хоолны газар, хүнсний дэлгүүрүүд орложээ. Орох хаалганы орчим, цэцэрлэгийн төв хэсэг цэвэрхэн харагдсан ч талбайн баруун, зүүн зах руу чиглэсэн явган хүний зам, шарласан зүлгэн дээр болон моддын угаар хог хөглөрсөн харагдав. Цэцэрлэг доторх, алд хэрийн өндөртэй гэрэлтүүлгүүдийн зарим нь хагарч, заримынх нь шон гулзайчихаж. Том талбайтай болоод ч тэр үү тарьсан мод бага, шигсэн хог их харагдана. Хатаж хорчийсон болон нүхнээс нь сугалж хаясан мод ч цөөнгүй байна. Өдийд шилмүүст мод ид “гоёороо” байх атал цөөнгүй нь шарлаж, орой болон угнаасаа хатаж, үхжээ.

Талбай нэлэнхүйдээ хөл газрын ургамалд дарагдсан байх юм. Ялангуяа цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн зах хэсгээр үхсэн модтой нүх, багсайж бөөгнөрсөн хог, ургамал нэлээд байх юм билээ. Арчилгаа дутжээ гэвэл буруудахгүй болов уу. Мөн тарьсан модны хэмжээ ч чамлахаар аж. Магадгүй бид цөөнгүй жил мод тарих аян өрнүүлэхдээ цэцэрлэгт хүрээлэнгээсээ “цэмцэгнээд” тойрчихов уу, эсвэл хэр чадлаараа тариад, суулгачихаад байгаа нь энэ үү? Том талбайд хийсэн тохижилт, тарьсан мод, барьсан байгууламж зэрэг нь жижигдсэн хэвээр байна.

Тэндээс явсаар бид Баянгол дүүргийн ЗДТГ-аар орлоо. Учир нь нэлээд хэдэн жилийн өмнө (2009 он) “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” нэртэй бүтээн байгуулалтын ажил эхлүүлж, дүүргийн иргэдийн ая тухыг хангасан дөнгүүр байгууламж барина гэжээ. Хандив тусламж авч буйгаа ч тухайн үеийн удирдлага тун сүртэй мэдээлж байв. Гэсэн ч ачир дээрээ “Мөрөөдлийн хүрээлэн” хэмээх төрийн бус байгууллага байгуулж, дүүргээс олгосон 50 гаруй га газрыг эзэмшин, ажил хийгээгүй аж.

Тиймээс 2014 онд Баянгол дүүргийн дэргэдэх “Баянгол-Агропарк” төрийн өмчит үйлдвэрийн газар, тус талбайг эзэмшилдээ авсан байна. Одоогоор 30 000 орчим мод тарьсан гэв. Дэргэдээ мод үржүүлгийн газар, ногоон аж ахуй хөгжүүлж, 27 ширхэг хүлэмжид дүүргийн иргэдээр нарийн ногоо тариулж буй. Тэд сургалт явуулж иргэдийн амьжиргааг дэмжих, туслах аж ахуй эрхлэхэд нь дэм болох зорилготой гэлээ. Харин Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн долдугаар сараас цэцэрлэгт хүрээлэн байгуулах болсон талаар манай сонин мэдээлсэн бөгөөд одоогоор газар шорооны ажил хийгдэж буй аж.

Дашрамд дурдахад, нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд есөн цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зорьж буйгаа холбогдох албаныхан мэдээлсэн билээ. Ажлаа ч эхлүүлсэн гэнэ. Цэцэрлэгт хүрээлэнгүүдийг “цэцэглүүлэх” ажил ахицтай байгаасай.

Бэлтгэсэн: С.Цэрэндулам


ҮНЭ ХАНШ

Долоон метр өндөр нарс 750 000 төгрөгийн үнэтэй

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан холбогдох байгууллагууд жил бүр Барилгачдын талбай болон МҮЭСТО-д тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулдаг. Энэхүү үзэсгэлэн, худалдаанд байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, мод, цэцэг тарих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага, хувь хүн оролцож байна. Тэд навчит, шилмүүст, гоёлын болон цэцэгт, бут, сөөг, жимст болон цэцэгт мод, зүлгийн үр зэрэг 50-60 төрлийн мод, модлог ургамал борлуулж байна. 2-12 настай, 0.25-7 метр буюу түүнээс дээш өндөртэй мод 400-750 000 төгрөгийн үнэтэй аж. Суулгацуудаас хамгийн хямд нь хайлаас (400 төгрөг) хамгийн үнэтэй нь нарс (750 000 төгрөг) гэнэ. Эдгээрээс үр жимсээ өгдөг, хашаа, эдлэн газарт олноор нь тарихад тохиромжтой моддын үнийг танилцуулъя.

Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан


АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

И.ДОРЖ: Иргэдийн хандлагыг өөрчлөх цаг болсон

БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн И.Доржоос дараах зүйлийг тодрууллаа.

-Бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болоод есөн жилийн нүүр үзлээ. Ер нь монголчууд мод тарьж сурсан уу?

-16 нас хүрсэн иргэн бүр мод тарих ёстой гэсэн заалт Ойн тухай хуульд бий. Ингэхдээ жилд хоёр удаа тарина гэсэн нарийн заалттай. Өөрөө тарьж чадахгүй бол хөрөнгийг нь гаргаад, мэргэжлийн хүмүүсээр тариулах тухай ч тусгасан. Хэдий ингэж хуульчилсан ч иргэд энэ заалтыг тэр бүр биелүүлдэггүй. Ухамсарладаггүй, хуулиа мэддэггүй. Ерөнхийлөгч энэ дутагдлыг олж харсан учир 2010 онд 63 дугаар зарлиг гаргаж нийтээрээ мод тарьдаг өдөртэй болсон.

Үүнээс өмнө мод тарьдаггүй байсан гэж ойлгож болохгүй. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нэгдээд мод тарьдаг байсан. Харин Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар энэ ажлыг эрчимжүүлж, албажуулсан юм. Ийм зарлиг гарснаас хойш иргэд “Бид яагаад мод тарих ёстой вэ”, “Мод тарьсны ач холбогдол юу вэ” гэдгийг ойлгож, ухамсарладаг болсон. Гэвч тарьсан модоо хэрхэн арчилж, ургуулах талаар иргэд ойлголтгүй байна. Иргэнийхээ үүргийг гүйцэтгээд, жилд хоёр удаа мод тарих ёстой гэдгийг олонх хүн мэддэг болсон. Харин одоо тарьсан моддоо хэрхэн арчилж, тордох вэ гэсэн чиглэлээр тэдэнд мэдлэг, мэдээлэл түгээхэд хойшид голчлон анхаарна. 18 дахь удаагийн Бүх нийтээр мод тарих өдрийг ч “Модоо арчлахад анхааръя” гэсэн уриан дор зохион байгуулах юм.

-Одооноос энэ хандлагыг өөрчлөхөд анхаарна гэлээ. Өмнөх жилүүдэд энэ талаар дорвитой дуугарч болоогүй юм уу?

-Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг санаачлахдаа “Эхний жилүүдэд иргэдийг мод тарих ухамсартай болгоё” гэдэг зорилт дэвшүүлсэн юм. Энэ зорилт биелсэн. Одоо хандлагыг нь өөрчлөх цаг болсон. Мод тарихад үрээ хэрхэн сонгох, тарьцаа суулгасны дараа ямар хугацаанд усалж, арчилж, хамгаалахаас эхлээд нарийн ухаан, цогц ажиллагаа шаарддаг. Бид энэ ажлынхаа ердөө 10 хувийг нь л гүйцэтгээд орхичихдог. Үүнийг нь л иргэдэд ойлгуулах хэрэгтэй байгаа юм.

-Тарьсан мод, бутыг эзэнтэй байлгаж, ургаж буй, эсэхийг нь хянахын тулд мод бүрийг чиптэй болгоё, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлье гэж сүүлийн жилүүдэд нэлээд ярьсан. Зарим газарт хэсэгчлэн туршсан гэх мэдээлэл ч бий. Энэ санаачилга юу болсон бэ?

-Энэ ажил (чипээр дамжуулан тарьсан модоо хянах аппликэйшн) одоо ч туршилт, судалгаагаар үргэлжилж байна. Ойрын дөрөв, таван жилдээ багтааж дуусгах төлөвлөгөөтэй. Тийм ч амар ажил биш юм. Харин ойжуулалтын нэгдсэн мэдээллийн систем ерөнхийдөө бэлэн болчихсон, ажиллаж эхэлсэн. Аль баг, сум хэчнээн мод нэмж тарив, түүний хэдэн хувь нь ургасан, хаана ямар төрлийн мод байна гэдгийг энэ системээс авах боломжтой.

-Хотыг “ногооруулах” нэрийдлээр уулнаас том мод авчирч суулгаж байна гэсэн шүүмжлэл их гардаг. Үүнтэй холбогдуулан асуухад, ер нь манай мод үржүүлгийн газрууд үүргээ хэр гүйцэтгэдэг вэ. Иргэд тэднээс тарьц, суулгац хэр авдаг бол?

-Мод үржүүлгийн газруудад том мод байдаггүй. Том мод зайлшгүй шаардлагатай үед экологийн ач холбогдол багатай мод ойгоос авчирч суулгах нь бий. Таван мод ургах зайд арван мод ургачихсан байвал нэгийг нь авдаг ч юм уу. Гэхдээ маш өндөр хяналтын дор, ховор тохиолдолд л ингэж авна. Уулнаас мод авчрахыг Ойн тухай хуулиар хориглосон. Зөвхөн мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр онцгой тохиолдолд том мод авах учиртай. Харин бусад тохиолдолд мод үржүүлгийн газраас л тарьц, суулгацаа авах ёстой. Зориулалтын газар нь шүү дээ. Эхнээсээ шилжүүлэн суулгахад нийцүүлэн тарьсан мод тэнд байдаг учраас дараа нь эрсдэл бага. Үйл ажиллагаа нь жигдэрсэн, мод үржүүлгийн үлгэр жишээ газрууд бий. Навчит мод үржүүлгийн газруудад элбэг. Тэдгээрийн үйл ажиллагаа өргөжин, хөгжиж буй. Модны төрөл, зүйл нь ч баяжсан.

-Хотын төвд тарьсан модыг төрөлжүүлж, агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах ёстой гэж ургамал судлаачид ярих боллоо. Үүнд хэр анхаарч байна вэ. Зөвхөн улиас, нарс, шар хуайс бус, монос, бүйлс, долоогонын гэхчлэн өнгө үзэмжтэй, үр ашигтай мод тарьж болно шүү дээ.

-Хот орчим, эсвэл дотор мод тарих асуудал яамны бодлогоор шийдэгддэггүй. Тухайн орон нутаг, нийслэлийн төр, захиргааныхан үүнийг бодлогоор шийдэх ёстой. Зөвхөн том мод авчирч суулгаад, бут, сөөг тариад агаар, орчны бохирдол, хотын дуу чимээг шийдчихгүй. Тиймээс ногоон байгууламж, ойжуулалтын ач холбогдлыг нэмэгдүүлэхийн тулд төрөл, зүйлийг нь олшруулах ёстой гэдэгтэй санал нийлж байна.

-Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хамгаалахад яамнаас баримталж буй гол бодлого юу вэ. Бид ирээдүйд ямар хотод амьдрах бол?

-Ойн тухай хууль, Төрөөс ойн талаар баримтлах, ногоон хөгжлийн бодлогод энэ талаар тусгасан. Тэнд тусгасан зориултуудыг биелүүлэхэд нийслэл, орон нутгийн төр, захиргааны байгууллагынхан анхаарах ёстой. Бид ерөнхий бодлогоо тодорхойлно, дэмжинэ. Энэ үүргийнхээ хүрээнд мод үржүүлгийн газруудыг дэмжиж байгаа. Зарим газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж буй. Сүүлд гэхэд БОАЖ-ын сайд Хамрын хийдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргалаа.

Бэлтгэсэн: Ж.Сувд


“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Х.ТОГТУУНАА ( “Байгалиа дээдэлье” ХХК гүйцэтгэх захирал):

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад нийслэлээс ногоон байгууламжид анхаарал хандуулдаг болсон юм шиг санагддаг. Хот доторх ногоон байгууламжийн хэмжээ ч тогтмол нэмэгдэж байна. Одоо байгаа ногоон байгууламжаа тордож, арчлах нь хамгийн чухал. Мод тарьж буй хүмүүс буруу суулгаж, хөрсийг дутуу чигжин, хангалттай усалдаггүй. Мод суулгасны дараа хөлөөрөө хөрсөн дээр гишгэж, чигжин, нягтаршуулах хэрэгтэй.

Энэ нь модыг услахад далийх, хугарч унах, хүчтэй салхинд хийсэхээс сэргийлдэг. Намрын тариалалтад цэнэг усалгааг сайн хийх ёстой. Цэнэг усалгаа гэдэг нь суулгацын хонхор тогоонд ус дүүртэл нь хийж хөлдөөхийг хэлж байгаа юм. Арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл 7-10 хоногт нэг удаа цэнэг усалгааг хийдэг. Түүнчлэн хотын төвд тарих модыг зөв сонгох ёстой. Шилмүүст мод агаарын бохирдол, утаа, тоосжилтыг багасган, хүчилтөрөгч ялгаруулдаг. Иймд гацуур, нарс, шинэс зэрэг шилмүүст мод түлхүү тарих нь тохиромжтой. Гоёлын зориулалттай навчит мод ч тарьж болно.

Энэ нь шар, ягаан, цагаан, үзмэн ягаан өнгийн цэцэгтэй учир маш үзэмжтэй харагддаг. Улиас арчилгаа бага шаарддаг учраас нийслэлд их тарьсан. 20-30 жилийн дараа энэ мод унгирал хаяж, үрээ цацсанаар хотын үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа. Түүний оронд навчит мод, мөнгөлөг улиас гэх мэт унгирал хаядаггүй мод тарих боломжтой. Мөнгөлөг улиас хоёр өөр өнгийн навчтай учир их сайхан харагддаг. Мөн хотын төвд тарьж байгаа моддын үрсэлгээнд анхаарах нь чухал. Нялх суулгацыг нөмөр газар тариад, томорсон үед нь ил газар үрслүүлбэл насжилт нь уртасна.

Х.БАЧАА (Баянзүрх дүүргийн XVIII хорооны иргэн):

-Улаанбаатарт мод, бут олноор нь нэмж тарих хэрэгтэй. Түүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт хамруулж, хүүхэд бүрт нэг мод хариуцуулмаар байгаа юм. Ингэснээр хүүхдийг багаас нь байгалиа хайрлаж, хамгаалах дадалд сургана. 10 жилийн дараа өнөөх модоо хараад бахархаж, дараа үеийнхэндээ мод тарихыг уриалдаг хүн болохыг үгүйсгэхгүй.

Өөрөөр хэлбэл, мод тарьж, арчлах ухамсрыг хүүхдэд багаас нь суулгах хэрэгтэй. Намайг багад сурагчдыг сургуулийнх нь хашаанд мод тариулдаг байсан. Одоо тийм ажил хийдэггүй. Сургуулийн хашаан доторх мод нийслэлийн ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлж, хотын өнгө үзэмжийг сайжруулахаас гадна эрүүл мэндэд ч тустай.

Б.ГАНЖАРГАЛ (Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн ажилчин):

-Нийслэлд ногоон байгууламж хангалттай байдаггүй. Тиймээс байгаа жаахан ногоон байгууламжаа хамгаалах хэрэгтэй. Гэтэл иргэд тэгдэггүй. Явган хүний зам хажууд нь байхад л зүлгэн дээгүүр туучдаг. Түүгээр ч зогсохгүй шөнийн цагаар ногоон байгууламж руу шээж, бөөлжин, нус цэрээ хаядаг.

Энэ мэт бүдүүлэг үйлдлээ засаж, байгаа ногоо байгууламжаа хайрлах хэрэгтэй. Түүнээс гадна мод, бутыг хэлбэржүүлэхэд иргэд бухимдаж, мод тайрлаа, ногоон байгууламж сүйтгэлээ гэлцдэг. Өвс, бутыг тайрч хэлбэржүүлэн, цэвэрлэхгүй бол хэт өндөр ургахаараа захаасаа гандаж, үхнэ. Байнга засаж, багасгаж байвал ногооноороо үлддэг. Мод, бут, өвсийг байгальд байхад нь амьтад идэж, засдаг шиг хот доторх модыг засахгүй бол гундаж насжилт багасдаг юм.

Н.ИШХАНД (Баянзүрх дүүргийн XVII хорооны иргэн):

-Албан байгууллагууд эзэмшил талбайдаа цэцэг тарьж, нийслэл дэх ногоон байгууламжийн тоог нэмэх хэрэгтэй. Түүнд нь хяналт тавих ёстой. Мөн мод, бут тогтмол тарьдаг шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэхэд түлхэц болохуйц ажил хийвэл зүгээр. Өөрөөр хэлбэл, байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, дэмжих бодлого дутаж байна. Түүнчлэн цэцэрлэгч нарыг гадаад руу явуулж туршлага судлуулах хэрэгтэй. Гадаадын орнууд ногоон байгууламжаа хэрхэн арчилж, ямар технологиор тарьж байгааг нүдээр харсан хүмүүсийн хандлага өөрчлөгдөнө шүү дээ.


ДЭЛХИЙН ЖИШИГ

Мод тарихад судалгаа Шаардлагатай

Манай улстай уур амьсгал, орчин нөхцөлийн хувьд ойролцоо хойд хөрш олон улсын байгаль орчны “Greenpeace” байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах холбоотой хамтран мод тарих төсөл хэрэгжүүлсэн нь амжилтад хүрч байгаа аж. Сүүлийн жилүүдэд гуу жалга үүсэж, хөрс элэгдэн, үржил шим нь буурсны улмаас ой мод бүхий талбай эрс хумигджээ. Жижиг голууд ширгэж, байгалийн тогтолцоо алдагдсаар байна. Тиймээс ойн зурвас газар бий болгож, мод суулгах шаардлага тулгарчээ. Үүнтэй холбогдуулан Оросын мэргэжилтнүүд дэргэдээ мод үржүүлгийн жижиг газар байгуулах саналыг дунд сургуулиудад тавьсан гэнэ. Ингэснээр багш, сурагчид үрээр мод тарьж, суулгацаа өөрсдөө арчлахын зэрэгцээ модны төрөл зүйл, зориулалтын талаар мэдлэгтэй болдог байна. Мэдээжийн хэрэг суулгах үр, гарын авлага болох сурах бичгээр хангаад зогсохгүй модоо суулгах газар зааж өгөх, ойг нөхөн сэргээх арга хэмжээ авах чиглэлээр мэргэжилтнүүд дэмжин ажилладаг гэнэ.

Оросууд есдүгээр сард мод тарьдаг. Үүний өмнө “Greenpeace”-ийнхэн судалгаа явуулж, хаана мод суулгах шаардлагатай байгаа талаарх мэдээлэл, зөвлөмжийг багтаасан “Өөрийн модоо суулгаарай” гарын авлага бэлтгэж, олон нийтэд хүргэдэг. Дунд сургууль бүрт түгээдэг энэ хэвлэл сурагчдыг мод тарих хөдөлгөөнд нэгтгэдэг аж. Газар тариалангийн технологийг хаана зөрчиж, аль газарт хөрс муудсан, хаана залуу мод суулгах шаардлагатай талаарх мэдээллийг түүнээс авч болох юм.

Тухайлбал, хаягдсан тариалангийн талбайд сайн ургадгаар нь хус суулгасан нь үр дүнтэй болохоо хэдийн харуулжээ. Сүүлийн үед хуш суулгаж туршсан нь бас амжилттай болж байгаа гэнэ. Энэ ажлыг сурагчидтай хамтран хийж буй нь тэдэнд оршин суугаа бүс нутгийнхаа ирээдүйд гар бие оролцох боломж олгодог. Улмаар орчин тойронд нь болж байгаа зүйлийн талаарх хүүхдүүдийн үзэл бодол өөрчлөгддөг аж. Тухайлбал, гал түймэр гарвал хийсэн ажил нь талаар болох учир сурагчид гал түймэртэй тэмцэх тухай ухуулах болон зурагт хуудас өөрсдөө бэлтгэн тараах зэргээр асуудлыг цогцоор шийдэхийг чармайх болжээ.

Үүний сацуу тариалангийн талбайн ойролцоо өвөл унах тунадасны хэмжээ ихсэхэд нөлөөлдөг улиангарын зурвас үүсгэж, мод 25 метр өндөр болоход үр тарианы ургац дөрөв дахин өссөн туршлага бий аж. Энэ мэтчилэн туршилт, судалгаанд үндэслэн модоо суулгахдаа хойч ирээдүйгээ гар бие оролцуулах замаар сургаж байна. 5-6 дугаар ангийн сурагчдын суулгасан залуу мод тэднийг сургуулиа төгсөхөд, цэргийн алба хааж, эсвэл их сургууль төгсөөд ирэхэд харьцангуй өндөр ургасан байх юм. Мод арчилж, ургуулах талаар багаас нь ийнхүү зааж сургасан учир тэд мод хэзээ ч тайрахгүй. Дашрамд хэлэхэд, хойд хөршид мод тайрах ажлыг орон нутгийн захиргаа нь хариуцдаг гэнэ. Харин нөхөн сэргээх, эсвэл цэвэрлэгээ хийхээр түүвэрлэн тайрч байгаа нь хуульд нийцэж буй, эсэхэд төрийн агентлаг хяналт тавьдаг аж.

Хотод модыг хөрсөнд суулгах болон тусгай хөдөлгөөнт савтай нь байрлуулах гэсэн хоёр арга хэрэглэдэг. Суурин газарт зохих байгууллагаас зөвшөөрөл авсны дараа захиалагч, гүйцэтгэгч хамтран ажилладаг гэнэ. Хэрэв шинэ дүүрэг тохижуулж буй бол мод, ногоон байгууламжийн арчилгааг барилгын компани хариуцдаг аж. Цэцэрлэг, сургууль, гудамж, өргөн чөлөө зэрэг хотын объектуудын ногоон байгууламжийн арчилгааг тухайн дүүргийн захиргаа хариуцдаг байна. Байгууллагын дэргэдэхийг уг барилгыг эзэмшигч, эсвэл түрээслэгчид тохижуулж, арчилдаг.

Бэлтгэсэн: З.Амгалан

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай