Жэт Ли

Энэ хүн сул дорой зан эсвэл хэврэгхэн итгэл үнэмшил гэдгийг мэддэггүй. Түүний ер бусын хурд, туйлын төвлөрсөн байдал бусдаас онцолдог. Чи кунг-фугээр хичээллэдэггүй байлаа ч энэ дайчнаас суралцах зүйл бий. Бас энэ дайчин амьдрал бол   хайр гэж үздэг. 

1974 он. АНУ-ын Вашингтон хот. Цагаан Ордны өмнөх талбай дээр дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн өмнөө зогсох ази царайтай жаалхүү рүү тонгойн гар барин, толгойг нь илснээ “Залуу минь, чиний үзүүлбэр үнэхээр сэтгэл хөдлөм байлаа. Том болохоороо манай бие хамгаалагчдын нэг болох уу?” гэж асуулаа. Тэр жаал юм дуугаралгүй ичингүйрэн инээгээд өнгөрсөн бол бараг дээр байсан биз.

Гэтэл орчуулагчаар дамжуулан хэлсэн түүний хариулт сайнаар хэлэх юм бол тийм ч эелдэг бус сонсогдов. “Үгүй. Би тодорхой ганц хүнийг хамгаалмааргүй байна. Би том болооод эх орныхоо тэрбум хятад хүмүүсийг хамгаална” гэсэн жаалхүүгийн хариулт дэлхий даяар шуугиан тарьжээ. Тухайн үеийн Америкийн хэвлэл мэдээлэл коммунистууд жаал хөвгүүний тархийг угаасанд гайхах зүйлгүй хэмээн ёжилж байсан бол хятадын ард түмэн хүүгийн эх орончийг шүтэн бишэрсэн аж.

Энэ бол Америкт ушугийн үзүүлбэр үзүүлэх гэж Хятадаас ирсэн арван нэгэн настай Ли Лянцзе хүүгийн Ерөнхийлөгч Ричард Никсонд өгсөн хариулт байлаа. Тэрбээр шууд тавьсан асуултанд чин үнэнээсээ л хариулсан байв. Харин хорин жилийн дараа Ли Лянцзе хүү Жет Ли нэрээр дэлхий дахинд алдарших болно. Тэртээ 1974 онд өгсөн хариулт зөвхөн Жет Лигээс л гарах хариулт гэж өдгөө түүнийг мэдэх хүмүүс ярина.

Тэрбээр 1963 онд Бээжин хотод туйлын ядуу айлын тав дахь хүүхэд болон төржээ. Хоёр настай байхад аав нь нас баран, автобусны кондуктор хийдэг ээж нь хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн байна. Энэ гэр бүлд мөнгө туйлын хүрэлцээгүй байсан учир хүүхдүүд нь өлсөхийн зовлонг утгаар нь үзсэн гэдэг. Тиймээс Жет Ли нилээд хожуу найман нас өнгөрч байж сургуульд оржээ. Тэрбээр багаасаа тайван, дөлгөөн бас дуулгавартай хүүхэд байсан тул багш нар нь түүнд их хайртай байсан гэдэг. Биеийн тамирын хичээлд илүү сонирхолтой Жет багшдаа эл хичээлийг явуулахад тусалдаг байв.

Ингээд нэг өдөр Жет ангийнхантайгаа ушугийн хичээлийг очиж сонирхжээ. Спортын энэ төрөл жаалхүүгийн сэтгэлийг ихэд хөдөлгөн, хагас жилийн дараа Жет сургуулиа орхин Бээжингийн ушугийн академд элссэн байна. Тэнд өнгөрөөсөн цаг хугацаа, дасгал сургуулилт ямар байсныг нэг үгээр тодорхойлон хэлэхэд хэцүү аж. Хэтэрхий харгис ч гэмээр эсвэл бүр илэрхий тарчлаан зовоох арга ч юм шиг. Өглөөний зургаан цагт босож, гадаа зуны халуун ч бай, усан бороо зутгаж ч бай, дун өвлийн хүйтэнд ч бай хамаагүй дасгал сургуулилт найман цаг үргэлжилнэ.

Мэдээж ямар ч уучлах, өрөвдөх, сул орхих зүйл байхгүй. Нэгэн сургуулилтын үеэр Жет тавхайгаа гэмтээсэн ч энэ тухайгаа хэнд ч хэлсэнгүй. Зориг хатуужилтайдаа ч биш. Хэрэв дасгалжуулагч нь мэдсэн бол түүнд илүү хүнд ачаалалтай дасгал нэмж өгөх байжээ. Хоёр хоногийн дараа л түүний бэртлийг хажуу сургуулийн багш анзаарсан байна. Рентген зураг Жетийг хоёр хоног хугархай хөлтэй явж гэдгийг нотолжээ. Үүнээс хойш Жет өвдөлтөд тун өвөрмөцөөр ханддаг болсон гэдэг.

Жишээ нь тэрбээр 12 настай байхдаа улсынхаа том тэмцээнд оролцох үеэрээ санаандгүй толгойгоо дао сэлмээр зүсэж орхисон ч тэмцээнээ үргэлжлүүлсээр шувтаргын тулаанд өөрөөсөө бараг хоёр дахин ахмад эрийг ялж, түрүүг авсан аж.

Түүний авьяас жинхэнэ утгаараа 1974-1979 онуудад илэрчээ. Жет бүх хятадын ушугийн 15 тэмцээнд (эл тэмцээнүүд нь нэг ёсны албан бус дэлхийн аваргын тэмцээн хэмээн тооцогддог) ялалт байгуулан, ушугийн төрөлдөө нэгдүгээр гэдгээ нотолжээ. 1м 54 см өндөртэй, 65 кг жинтэй энэ шавихан тамирчны гол онцлог нь хурд, санаанд оромгүй хариу үйлдэл. Энэ чанар нь түүнийг өөрөөсөө хамаагүй том тамирчдыг ялахад тус болдог аж.

Үүнээс ч үүдэн түүнийг Жет (тийрэлтэт гэсэн англи үг) гэж нэрлэсэн байна. Жет Лигийн энэхүү бага нас түүний үзэл бодол, нийгэмд эзлэх байр суурь, биеэ авч явах зэрэгт нөлөөлжээ. Тэрбээр өөрийнхөө амьдралд, ажил хэрэгт, бусад хүмүүст туйлын хариуцлагатай ханддаг аж.

Жет Ли кино урлагт 18 настайдаа хөл тавьсан. “Шаолинь” гэдэг гурван ангит уран сайхны кино түүний анхны уран бүтээл. Жет Лигийн нэрийн хуудас болсон эл кино Шаолины тухай хийсэн хамгийн сайн бүтээл гэж судлаачид үздэг. Кино ертөнц спортын адил Жетээс багагүй хөлс, цус шаардсан. Уран бүтээлийн эхэн үедээ тулгарч байсан хүндрэлүүдийн талаар бараг домог болон тарсан байдаг. Эхний зургаан кинонд тоглох хугацаанд л гэхэд тэрбээр хөлөө хоёр удаа, тавхайгаа хэд хэдэн удаа, бугуй, хамраа хүртэл хугалсан байдаг.

“Тулаантай киноны жүжигчны мэргэжил эрсдэл өндөртэй байдаг. Та гэмтэл бэртэл авдаг уу? гэсэн сэтгүүлчийн асуултанд Жет “Бэртэлгүй өнгөрсөн зураг авалт гэж бараг үгүй. Ялангуяа уран бүтээлийнхээ эхэнд би их бэртэж байсан. Энэ төрлийн киноны жүжигчид, орлон тоглогчид ажлаа эрсдэлтэй шууд холбоотой гэдгийг сайн ойлгодог. Жишээ нь би 10 дайсантай тулалдаж байгаа хэсэгт тэднийг гэмтээх эсвэл эсрэгээрээ өөрөө бэртэл авах боломж өндөр байдаг. Тиймээс би хамтран тоглож байгаа хүнээ намайг бэртээчихлээ гэж уурлахгүй нь ойлгомжтой. Бас түүнийг гэмтээсний төлөө өөрөөс нь уучлалт гуйхыг надаас шаардана гэж би боддоггүй. Эрсдэл бол бидний ажлын салшгүй хэсэг юм даа” гэж хариулсан байдаг.

Уран бүтээлээ дөнгөж эхэлж байхдаа Хонг Конгийн алдартай кино компани болох “Golden Harvest”-тай хийсэн Жет Лигийн гэрээ нэг ёсондоо бараг боолчлолын гэрээ байв. Өдрөөс өдөрт нэр алдар нь өсөх болсон Жетийн уран бүтээлийн мөнгөн шагналыг тус кинокомпани хэдэн жилээр нэмээгүй гэдэг. Харин 1992 онд Жетийн менежер Жим Чой бусдад буудуулан нас баржээ. Албан бус мэдээллээр бол Жет Ли Хонг Конгийн нэгэн мафийн захиалгаар хийж буй кинонд тоглохгүй хэмээн татгалзсаны улмаас энэ хэрэг гарсан гэдэг.

Ингээд Хятадын болон бусад азийн орнуудын хорь гаруй кинонд тоголсны дараа Жет Ли 1998 онд алдарт Мэл Гибсонтой хамтарсан “Үхлийн зэвсэг 4” киногоор Холливудын хаалгыг тогшиж биш ёстой тийрч орж ирсэн гэж хэлж болно. Эл киноны дараа Жетыг Холливудын найруулагчид кинондоо тоглохыг ар араасаа урих болжээ. Түүний тоглосон “Ромео үхэх ёстой”, “Луугийн үнсэлт”, “Цорын ганц”, “Баатар”, “Аймшиггүй”, “Дайн”, “Мумми” зэрэг кинонууд үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг.

Харин жүжигчин өөрөө “Ромео үхэх ёстой” кинонд сэтгэл дундуур байдаг аж. Учир нь энэ кинонд компьютер график ашигласан нь уран бүтээлчийг зарчмаасаа ухрахад хүргэжээ. Өнөө цагт компьютер графикийн тусламжтайгаар дурын жүжигчин Жет Ли шиг үсэрч харайж, тулалдаж байна. Ингэхийн тулд найман цаг дасгал сургуулилт хийгээд хэрэггүй. Тусгай эффект дэм биш гай болох жүжигчин ганцхан Жет Ли л бололтой. Эл кинонд тоглосныхоо дараа Жет хэзээ ч ахиж тусгай эффект ашиглахгүй гэж ам гарчээ.

Түүнийг  “Матрица”, оскарын шагналт “Гэтэж буй бар, нуугдаж буй луу” кинонд тоголохыг урьсан боловч жүжигчин эр татгалзсан аж. Гайхсан олны асуултанд тэрбээр “Гэр бүлийн шалтгаантай байсан учир” гэж хариулсан байдаг. Тэрбээр эхнэртээ давхар биетэй болонгуут нь төрөн төртөл нь хажууд нь байна гэж амлажээ. “Гэтэж буй бар, нуугдаж буй луу” киног бүтээх үед Жетын хоёр дахь эхнэр жирэмсэн байж таарсан аж. Харин “Матриц”-ын хувьд гэвэл “надгүйгээр компьютер тоглочих юм байна” гэсэн хариулт жүжигчин маань өгсөн гэдэг.

Жет Ли шарийн шашинтан. Өдөр тутам тулгарах бэрхшээлийг шашны гүн ухааны тусламжтайгаар даван туулж болно гэж тэрбээр үздэг. Түүнийхээр нэр алдар бол хүнээс өрөөс нь хамаарах зүйл биш гэнэ. Тиймээс өөрөөс нь хамаарахгүй зүйлийн тухай санаа зовдоггүй гэжээ. Хүмүүст хэлэх гэсэн зүйлээ тэрбээр уран бүтээлээрээ дамжуулан хүргэдэг аж.

Жишээ нь “Баатар” киногоороо нэг хүний зовлон бүхэл бүтэн үндэстний зовлонгийн хажууд юу ч биш гэдэг утга санааг дамжуулсан бол “Аймшиггүй” кино хүний хамгийн том дайсан бол хүн өөрөө гэсэн санааны гүүр болсон гэнэ. “Дэлхийн хамгийн хүчтэй зэвсэг бол инээмсэглэл. Хамгийн том хүч бол хайр. Намгийн найдвартай хамгаалалт бол хүлцэнгүй байх... ”. Энэ бүхэн Жет Лигийн сургааль. Тэрбээр Далай ламтай нэг биш уулзаж адис авч байсан тухайгаа Хятадын эрх баригчдаас айлгүй олонд дэлгэсэн.

Тэр л шулуун шударга зангаараа Төвдийн тусгаар тогтнолыг дэмждэггүй гэдгээ ч хэлсэн. “Шарын шашин амьдралын тухай миний ойлголтыг илүү сайхан болгосон. Харин Төвдийн асуудал шашны тухай асуудал биш. Үндэсний хил хязгаар, угсаатны тухайд бол улс төрийн  асуудалд хамаарагдана. Энэ бол цэвэр Хятадын дотоод асуудал” гэж Жет Ли албан ёсны сайтдаа бичсэн байна. Уг хариулт тэртээх 1974 онд Цагаан Ордны өмнө АНУ-ын Ерөнхийлөгчид өгсөн жаалхүүгийн хариултыг эрхгүй санагдуулам.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай