Олон нийтийн оролцоот сургуулийн олон талын өгөөж

“Орохдоо үнэгүй, гарахдаа такстай” хэмээн дунд сургуулийн сурагчдын эцэг, эхийн хурлыг егөөдөн хэлэх хүн цөөнгүй. Сургууль, анги, танхим, хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг ярилцан, гарах арга замыг шийдвэрлэхийн тулд багш нар эцэг, эхийн хурал зарладаг. Түүнд нь хүмүүс дуртай дургүй очиж, зарим нь бүр “Мөнгө л хураах гэж байгаа биз” хэмээн хамраа ч цухуйлгахгүй байсаар хүүхэд нь сургуулиа төгсдөг. Аль ч сургууль, цэцэрлэгт нийтлэг эл асуудлыг шийдэх, тодруулбал, эцэг, эхчүүдийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх ажлыг Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг, Боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэгийнхэн хамтран эхлүүлсэн нь бодитой үр дүнд хүрчээ.

“Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг идэвхжүүлэх нь” төслийг дээрх байгууллагууд орон нутагт хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг хэд хэдэн аймагт хэрэгжүүлсний нэг нь Ховд. Тус аймгаас 10 сургуулийг сонгож, 2016 оны 1-6 дугаар сард дээрх дэд төслийг хэрэгжүүлж дууссан ч одоогоор 24 сургууль хаялгүй, нутагшуулж чадсан байна. Гол зорилго нь хүүхдийн мэдлэг боловсролыг дан ганц багш, сургуульд даатгаад орхих биш, эцэг, эхчүүд ч чухал хувь нэмэр оруулах ёстойг ойлгуулахад орших аж. Энэ нь тус аймагт бүрэн хэрэгжиж, сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ сургуульд юу хэрэгтэйг мэддэг, цаашилбал, ямар төсөвтэйг нь ч гаргаахгүй болсныг нүдээрээ харлаа.

Үүний тод жишээ бол Ховд аймгийн VII сургуулийн хамт олон. Хүн ам өсөж, аймгийн суурьшлын бүс тэлсэн тул 2011 онд тус сургуулийг байгуулжээ. Гэр хорооллын дунд байрладаг, нийт 1100 сурагчтай тус сургуулийн сурагчдын олонх нь аав, ээж нь хөдөө мал малладаг, эсвэл ажилгүй гэх мэт амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур аж төрдөг гэнэ. Гэр нь хөдөө байдаг учраас сургуульдаа сурахын тулд айлд амьдардаг, эсвэл хамаатнуудынхаа дүү нарыг хараад айлын хашаанд гэр барьж амьдардаг хүүхэд олон. Тийм хүүхдүүдийн сурлага ч гавьдаггүй байсныг тус сургуулийн захирал учирласан юм.

Хөдөө мал малладаг аав, ээж нь хааяа л ирдэг тул бараг л ямар сургуульд, хэрхэн сурч байгааг нь ч мэддэггүй нь энгийн үзэгдэл байжээ. “Олон нийтийн оролцоот сургууль” төсөл хэрэгжүүлэх анхны 10-т тус сургууль багтжээ. Төслийг хэрэгжүүлэхдээ бүгдэд нь яг адилхан чиг баримжаа өгөх биш, тухайн сургуульд тулгамдаж буй асуудлыг нь ярьж, хэлэлцсэний үндсэн дээр тусламж үзүүлсэн аж. VII сургуульд төслийн багийнхан чадавхжуулах сургалт зохион байгуулж эхлэхдээ багш, сурагч, эцэг, эх гэх мэт 150 гаруй хүнийг хамруулсан гэнэ. Тэднээс асуудалтай байгаа зүйлсийг нь судлахад сургуулийн үйл ажиллагаанд эцэг, эхчүүд огт оролцдоггүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Тиймээс юун түрүүнд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн, бүгдэд нь хуралд ирэх урилга хүргүүлж эхэлжээ. Урилга хүлээн авч, ирсэн эцэг, эхчүүдээс бага, дунд, ахлах бүлгээс тус бүр 10 хүн сонгон, сайн дурын бүлэг байгуулж, тэднээр дамжуулан эцэг, эхчүүдийн оролцоо, идэвхийг сайжруулах болжээ. Тодруулбал, бүлгэмийн 30 гишүүн өөрт ойрхон нэг, нэг хүнд сургуулийн үйл ажиллагааг танилцуулах зарчмаар ажиллаж эхэлсэн нь үр дүнд хүрсэн байна. Төсөл хэрэгжүүлсэн хоёр жилийн хугацаанд тэд хамгийн түрүүнд бага ангийн сурагчдыг дүрэмт хувцсаа зөв боловсон өмсөх, мэндлэх, хүндлэх ёсонд сургахад нь анхаарчээ.

Түүнчлэн дунд ангийн сурагчид хичээлээ тасалж, цахим тоглоомын төв, биллиардын газарт цагаа өнгөрүүлж буйг зогсоож, хяналт тавьжээ. Сайн дурын бүлгэмийн эцэг, эхчүүд өөрсдийн хүсэлтээр хүүхэд, багш нарт хяналт тавьж, сургуулийн ойр орчимд байсан цахим тоглоомын төв, биллиардын газруудыг хаалгажээ. Эхний тавьсан зорилт биеллээ олсон тул тэд дараагийн зорилтоо дэвшүүлсэн нь хүүхдийг номд дуртай болгох арга байж. Бүгдэд нь унших номын жагсаалт гарган өгч, эцэг, эхчүүд ч тус зохиолуудыг уншин, хүүхдүүдтэйгээ ярилцах тусгай цаг гаргасан байна.

Эцэг, эхтэйгээ ярилцаж эхлэхээр хүүхдийн сонирхол нэмэг дэж, илүү их хичээх хандлага ажиглагдаж буйг тэд хэлсэн юм. Энэ мэтээр хүүхдийнхээ хичээлд анхаарсны үр дүнд элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо аймгийнхаа 24 сургуулиас 20, 21-т бичигддэг байсан тэд өнгөрсөн жил дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Тус сургуулийн 11-ийн “Б” бүлгийн сурагч Д.Хулан “Урьд нь ээж, аав минь хичээлээ хий, ном унш гэж загнахаас биш, юуг нь ойлгож, эсвэл ойлгохгүй байгааг асуудаггүй байсан. Харин одоо хамт ном уншиж, санал бодлоо солилцож буй учраас зав л гарвал ном уншмаар санагддаг болсон” гэлээ.

Хүүхдийнхээ сурлагад бодитой хувь нэмэр оруулсан тэд цаашлаад сурах орчинд нь анхаарч эхэлсэн байна. Сургууль нь маш хүйтэн, хүүхдүүд гадуур хувцастайгаа суусан ч даардаг байсныг нь эцэг, эхчүүд тэнд сайн дураараа ажиллаж эхлээд л ойлгожээ. 4-5 жил хөөцөлдөөд сургуулийнхаа дулааныг шийдвэрлэж чадаагүй захирал эцэг, эхчүүдийн оролцоотойгоор өнгөрсөн зун асуудлыг шийдсэн аж. Уурын зуухаар халаадаг тус сургуулийн паар гар хүрэхийн аргагүй халдаг хэрнээ л дааруулаад байсанд мэргэжлийн хяналтынхан “Цонхоороо дулаан алддаг” гэсэн дүгнэлт гаргасан аж.

Тиймээс эцэг, эхчүүд тойрогтоо очсон УИХ-ын гишүүд болон аймаг, сумынхаа Засаг дарга нарт удаа дараа шаардлага тавьж БСШУСЯ-наас 80 сая төгрөгийн санхүүжилт авч, бүх цонхоо вакум болгожээ. Ийнхүү одоо тэд дулаахан, тавтай нөхцөлд хичээллэх болсон байна.

VII сургуулийн захирал Ц.Алтантунгалаг “Би нэлээд хөөцөлдөж, шат шатны удирдлагуудад асуудлаа хэлж байв. Намайг хэлэхээр “Сургуульдаа л мөнгө гуйж байна” гэж ханддаг байсан. Харин өөрсдийн биеэр мэдэрсэн эцэг, эхчүүд сургуулийн дулаалгын асуудал яриад эхлэхээр “Үнэхээр шийдвэрлэхгүй бол болохгүй юм байна” гэж ойлгож эхэлсэн л дээ. Эцэг, эхчүүдийн оролцоо, хүч юуг ч бүтээж болдгийг харууллаа” гэв. Түүнчлэн малчдын хүүхэд олон байдаг тус сургуульд дотуур байр маш чухал байсан гэнэ. Ялангуяа зургаан настай, нэгдүгээр ангийн сурагчид, аав, ээжийгээ санах, хичээлээс нь ирж авах хүн байхгүйгээс орой, үдэш айх, бүр нохойд хөөгдсөн тохиолдол ч бий.

Үүнээс болж хүүхдүүд гэр рүүгээ зугтах, улмаар сургууль завсардах тохиолдол ч гардаг байж. Тиймээс дотуур байртай болох хүсэлтээ мөн л салбарын яамандаа хүргүүлж, УИХ-аар энэ онд 500 сая төгрөг батлуулсан байна. Энэ хичээлийн жилд тус сургууль сурагчийн дотуур байр, урлагийн заал, спортын талбайгаа бүрэн шийдэх болсон нь төслөөс суралцсан зүйлээ томоохон ажил хэрэг болгож байгаагийн тод жишээ аж. Дунд ангийн сайн дурын бүлгэмийн гишүүн В.Очир “Би хүүхдийнхээ сургууль руу бараг ирдэггүй байсан. Багшийнх нь урилгын дагуу хуралд суугаад бид хүүхдийнхээ төлөө хөдлөх ёстойг ойлгосон.

Түүнээс хойш хүүхдүүд, багш нар хичээлдээ хэрхэн анхаарч байгааг хянаж эхэлсэн. Мөн “Би юу хийж өгч чадах вэ” гэдгийг анхаарсан юм. Жишээлбэл, бүлгэмийн гишүүд хамтран нэг хүүхдийн эцэг, эхийн гэрт очиж ногоо тарихад нь тусалсан. Үүний хариуд тэд амьдралын боломж муутай дөрвөн хүүхдэд дүрэмт хувцас авч өгсөн. Би тогтсон ажилгүй, олдсоноо хийж, амьжиргаагаа залгуулдаг байлаа. Сургуулийн ажилд идэвхтэй тусалж эхэлснийг минь захирал үнэлж, жижүүрээр авч ажиллуулсан. Их баяртай байна” гэсэн юм.

Мөн ахлах ангийн эцэг, эхчүүдийн төлөөлөл Д.Цэвээнсүрэн “Би барилгын дотоод чимэглэл хийдэг. Сургууль, соёлын ажлаас хол хөндий байсан ч хүүхдийнхээ ирээдүйн төлөө ажиллах хэрэгтэйг ойлгосон. Бид хүүхэд, багш нарын асуудалд хөндлөнгөөс оролцоод байгаа мэт боловч эргэх холбоогоор бие биенээ хянадаг тогтолцоо үр дүнд хүрч болдгийг харууллаа. Олон сумын сургуулийнхан биднээс туршлага судлахаар ирдэг. Энэ бол цаг үеэ олсон, чухал төсөл болсон гэж бодож байгаа. Эцэг, эх өөрсдөө хариуцлагатай болж эхлэхээр багш нарын хариуцлага ч нэмэгдэж байна” гэлээ.

Сурагч, сургуулийн орчны асуудлаа шийдвэрлэж чадсан тэд одоо нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж эхэлжээ. Бүх нийтээрээ гялгар уутнаас татгалзах аяныг зохион байгуулж, өөрсдөө цаасан уут үйлдвэрлэж эхэлсэн байна. Орон нутгийг хөгжүүлэх санд төсөл бичсэнээр бага хэмжээний санхүүжилт авч чадсан бөгөөд сургуулийнхаа нэг танхимыг үйлдвэрлэлийн өрөө болгон тохижуулжээ. Хүүхэд, багш нарын өдөр тутам хаядаг цаасыг ангилж сурган, түүнийгээ Улаанбаатар руу үйлдвэрт өгч, оронд нь уут хийх бэлэн цаас авч, эцэг, эхчүүд, багш, сурагчдыг хуваарийн дагуу ажиллуулдаг аж.

Нэг хүн сард нэг удаа, хоёрхон цаг зарцуулснаар өдөрт 100-200 ширхэг уут үйлдвэрлэж байна. “Цаасан уутны үйлдвэрлэл их сонирхолтой санагдсан. “Өөрийнхөө гараар ийм гоё зүйл бүтээж чадлаа” гэж бодоод ангиараа хичээл завсарлангуут л танхимдаа ирдэг” хэмээн уутандаа цавуу түрхэж суусан 9-ийн “Б” бүлгийн сурагч Ч.Болор-Эрдэнэ өгүүлэв. Одоогоор хүнсний дэлгүүр, эмийн сан гээд нийт зургаан байгууллагад уутаа үнэ төлбөргүй өгч эхэлсэн нь гялгар уутны эсрэг тэмцэж буй бодит ажил болж буй. Энэ мэт ажлыг тоочвол барагдахгүй. Алдаа, дутагдлаа засахаар эхэлж байсан тэд өдгөө бусдыг сургах хэмжээнд хүрсэн нь бахархууштай.

Ганц VII сургууль л ийм мундаг ажиллаж байгаа юм биш. Бүгд өөр өөрсдийнхөө тулгамдаж байсан асуудлуудыг шийдвэрлэж чадсанаа аймгийнхаа “Хүүхдийн хөгжил-олон нийтийн оролцоо” анхдугаар чуулган дээр танилцуулсан юм.

Мөнххайрхан сум аймгийн төвөөсөө 155 км-т оршдог. Тус сургуульд хамгийн тулгамдсан асуудал нь мөн л эцэг, эхийн оролцоо. Сумын сургууль гэдэг утгаараа эцэг, эх нь тэр бүр багш нартай нь уулзаж чаддаггүй. Тиймээс эцэг, эхчүүдийг дөрвөн хэсэгт хувааж, бага, дунд, ахлах анги болон дотуур байрны хүүхдүүдийн эцэг, эхийн зөвлөл байгуулсан аж. Өдгөө хамгийн үр дүнтэй, сайн ажиллаж буй нь бага анги, дотуур байрны сурагчдын эцэг, эхийн зөвлөл гэнэ. Бага насны хүүхэдтэй харицаж буй багш нарт ачаалал их байдгийг эцэг, эхчүүд биеэрээ мэдэрч, цаасан хайчилбар хийхэд нь туслах гэх мэтээр оролцож эхлэв.

Харин дотуур байранд амьдардаг сурагчдын эцэг, эх мал төллөх үеэр ажил ихтэй байдаг учраас бусад цагт хүүхдэдээ анхаарлаа илүү хандуулах болсон байна. Мөн намар хичээл эхлэхэд эцэг, эхийн өдөрлөг зохион байгуулахад 80-90 хувьд нь ээжүүд ирдэг байсан бол одоо аавууд нь идэвхтэй оролцдог болсныг тус сургуулийн захирал Б.Түвшинзориг хэлсэн юм. Анх хэрхэн ажиллахаа мэдэхгүй байсан тэднийг сургуулийн захирал нь Мянгад, Манхан сумын сургуулиуд руу дагуулж яван, эцэг, эхчүүд нь хэрхэн ажиллаж байгааг таниулж, туршлага судлуулжээ. Түүнээс санаа авсан эцэг, эхчүүд сургуулийн дотуур байрны аяга, халбага, сэрээ муудсан байгааг анзаарч, өөрсдөө санаачлан “Нэг өрх, нэг кг ноолуур” аян зохион байгуулав.

Ингэснээр нэг айлаас 50-100 мянган төгрөг авч байна гэсэн үг. Энэ мөнгө нь нийт 2.5 сая төгрөг болж, түүгээрээ бүх хүүхдийнхээ аяга, халбага, сэрээ, усны сав зэрэг ахуйн хэрэглээг нь хангасан байна. Харин одоо тэд дотуур байраа халуун устай болгох зорилт тавьжээ. Өнгөрсөн хоёр жилд эцэг, эхчүүд нь сумынхаа халуун усны газартай түншлэлийн гэрээ байгуулж, нэг хүүхэд таван шуудай аргал өгч, мөн сумынхаа Засаг даргад хүсэлт тавьж 500 мянган төгрөг шийдүүлснээр бүтэн жил усанд орох эрхтэй болсон гэнэ. Жил бүр Засаг даргаас санхүүжилт гуйх боломжгүй тул эцэг, эх нь сумынхаа ИТХ-д дотуур байрны нөхцөлийг сайжруулах санал гаргажээ.

Үүний дагуу аймгийнх нь ИТХ-аас 80 сая төгрөг шийдвэрлэж, бүрэн засвар хийсэн байна. Орон нутгийг хөгжүүлэх сангийн төсвийг хуваарилахын тулд иргэдээс санал авч, хамгийн олон санал авсан ажилд хөрөнгө төсөвлөдөг учраас хүүхдүүдийн эцэг, эх биеэрээ ойлгох нь хамгийн чухал байдгийг Б.Түвшинзориг захирал хэлсэн юм. Тиймээс эцэг, эхчүүд дотуур байрыг халуун устай болгох саналаа ирэх сард болох аймгийн ИТХ-д хүргүүлэх аж. Хэрэв батлагдвал тус сургуулийн дотуур байр ирэх оны есдүгээр сард халуун устай болох гэнэ. Энэ мэт тулгамдаж буй асуудлыг эцэг, эхчүүдийн тусламжтайгаар шийдвэрлэж, үүнийг дагаад хэн хэнийх нь хариуцлага өндөрсөж байгааг аймгийн Боловсролын газрынхан ч хэлж байв.

Зөвхөн сургууль гэлтгүй цэцэрлэгүүдэд ч энэ төсөл өгөөжөө өгсөн жишээ олон. Томчуудын хэн, хэнийнх нь хариуцлагагүй байдлын гол хохирогч нь хүүхэд. Нэгэн сургуулийн захирал “Бидний төлөө, бидний хүүхдүүдийн төлөө “Боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэг”-ээс ирж ажиллаж байгаа хоёр багшийг хараад би үнэхээр ичсэн. “Харь элгийн хүмүүс ингэж санаа тавьж байхад, бид ч гэсэн хариуцлагатай ажиллах хэрэгтэй юм байна” гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн” хэмээн танхимд сууж байсан хэдэн зуун багшийн өмнө хэлсэн юм. Ингэж алдаа дутагдлаа олж, засаж, залруулж буй тэдний ажил улсад загвар төсөл болох хэмжээнд хүрчээ. Тэднээс туршлага судлах гэж бусад аймгийнхан ч ирж уулзсан гэнэ.

“Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг идэвхжүүлэх нь” төслийн “Олон нийтийн оролцоот сургууль” дэд хөтөлбөр Ховд аймагт сүүлийн хоёрхон жилд энэ их өгөөжийг авчирчээ. Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй уг төсөл зөвхөн боловсролын салбарт хэрэгжээд дуусах биш, шат дараатайгаар бусад салбарт нөлөөлөх аж. Ховд аймагт боловсролын салбарт төслөө амжилттай хэрэгжүүлсэн тэд одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж эхлэх гэж буй юм билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай