"Журамласан толь гарснаар монгол хэлтэй холбоотой маргаан шийдэгдэж байгаа"

Үг, үсэг, хэл найруулгын алдаа аль болох гаргахгүй байхыг эрхэмлэдэг хэн бүхэн шинээр эмхэтгэсэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг сөхөн харж байгаа нь лавтай. Маргаан дагуулаад байсан зөв бичгийн дүрмийг  цэгцэлж байгаатай холбогдуулан шинээр гарсан толь бичгийн талаар албаны хүнээс тодрууллаа.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл дараах тайлбарыг өгсөн юм.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-той бид танилцаад хэдэн сарыг ардаа үдлээ. Зөв бичих дүрэм тойрсон эргэлзээ тээнэгэлзээг шийдэж өгч байгаа энэхүү толийг бүтээхдээ юуг баримталж, хэрхэн бүтсэн талаар мэдээлэл өгөөч?  

- “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь”-ийг бүтээхийн тулд хоёр жилийн хугацааг зарцуулсан. Энэхүү толийг бүтээхэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн одоогийн гишүүд оролцсон бөгөөд нийт 20 гаруй эрдэмтнээс бүрдэх ажлын хэсэг ажиллаж, хэл шинжлэлийн академич, шинжлэх ухааны докторууд хувь нэмрээ оруулсан. Энэ ажлыг гүйцэтгэсэн эрдэмтэд санаанаасаа зохиочихсон зүйл биш гэдгийг тодотгомоор байна. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд зохиосон 18 мянган үгтэй толь бичигт тулгуурласан, олон жилийн турш элдэв янзаар бичиж, зөв бурууг нь ялгахаа больсон үгийн зөв хувилбарыг тогтоож, журамласан бүтээл юм. Шинэ толь бичигт маань 37.486 үг орсон бөгөөд 6000 орчим гадаад үгсээс шигшиж 1000 гадаад үгийг номонд оруулсан.

-2011 онд “700 үг” журамлаж, “Цээж” гэдэг үгээ “Чээж” болгоод л олон нийт нэлээн будилах шиг болсон. Одоо шинэ толио л дагана биз дээ. Эсвэл нөгөө үгс хүчин төгөлдөр хэвээр үү?

-"Чээж" биш "Цээж" болгож журамласан. Уг толь хэвлэгдэн гарснаар 1941 оноос хойш гарч байгаа монгол хэлтэй холбоотой маргаан нэг тийш шийдэгдэж байгаа. Журамласан толь бичгийг баталсантай холбоотойгоор Төрийн зөвлөлийн 2011 оны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож байгаа. 

- Номын дэлгүүрүүдээр энэ толь бичиг худалдаалагдахгүй байх шиг харагдсан. Хаанаас олж авах вэ?

-Толь бичгийг худалдаанд зарж борлуулаагүй. Сургуулиуд, төрийн байгууллага, сэтгүүлчдэд үнэгүй тараасан. Мөн бүх төрлийн ухаалаг хэрэгсэл (гар утас, компьютер, ном уншигч)-д зориулсан аппликэйшн, электрон хувилбарыг бүтээсэн байгаа. Ингэснээр зөв бичихийг хүссэн хэн бүхэнд шалгаж, баталгаажуулах боломжтой болж байгаа юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай