О.Нандин: Хамгийн гоё хот нь Лондон

Консерваторийн дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч, өнгөрсөн зун Испани, Франц, Англи, Италид болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд бүгдэд нь насны ангилалдаа тэргүүлсэн О.Нандинтай ярилцсан юм. Гурван настай байхад нь төгөлдөр хуурч, дэд профессор С.Саянцэцэг багш охиныг авьяастай болохыг нь таньж, шавиа болгосон байна.

Охин өдгөө естэй бөгөөд хөгжмийг том хүн шиг ойлгож тоглодгоор онцлог. Шавь нараа бага балчир гэж гололгүй олон улсын уралдаануудад өөрөө хөтөлж аваачиж оролцуулдаг, тэр ч бүү хэл Лондон дахь хүссэн хүн бүхэн хөл тавиад байдаггүй Виндзорын цайзад хүртэл тоглуулсан хүн бол охины мэргэжлийн багш нь юм. Бяцхан хөгжимчинтэй ярилцах сонирхолтой байлаа.

-Та нар өнгөрсөн зун багштайгаа хамт Европын олон оронд аялж, тоглолоо. Хэд хоносон бэ?

-46 хоносон.

-Очсон дөрвөн орны аль нь гоё санагдав?

-Англи орон бүх юмаараа хамгийн гоё. Лондонд машинууд замынхаа нөгөө талаар явдаг нь их сонирхолтой. Манайд баруун гар тийшээ явж байгаа нь замынхаа наад талаар явдаг бол тэнд цаагуураа явдаг. Зүүн тийш явж байгаа нь замын наагуур өнгөрдөг. Зам гарах болохоор буруу тийшээ хараад зогсчихдог байсан минь хөгжилтэй. Гэтэл нөгөө талаас машинууд ирээд байдаг. Эхэндээ толгой эргэж байлаа.

-Өөр юу таалагдсан бол?

-Лондонд барилгууд нь гоё. Байшингийн цонхнууд нь хүртэл зүй тогтолтой.

-Зүй тогтолтой гэхээр ямар гэсэн үг вэ?

-Жишээ нь нэг цонх доогуураа хар тавиур шиг юмтай байхад дараагийнх нь хоёр цонхонд байхгүй, түүний дараагийнхад байдаг. Тийм загвартай. Үүнийг зүй тогтол гээд байгаа юм.

-Яаж олж харав. Есөн настай хүүхэд анзаарахгүй өнгөрчихөж болмоор санагдлаа л даа.

-Биднийг очих үед аав, ээж минь бас Лондонд ирчихсэн байсан юм. Манай ээж тэнд санхүүгийн мэргэжлийн чиглэлээр сургалтад суухдаа аавтай хамт очсон. Бид уулзаад хотоор зугаалж явах үедээ харсан юм. Лондоны том цагийг харах гэж очсон чинь засвартай байсан. Гэсэн ч тэнд үзэх юм зөндөө.

Төвөөс буцаж явахдаа хотын дундуур урсдаг том голын гүүрээр явган явсан. Замдаа таарсан болгоныг харж, тэр тухай ярилцаж явсан юм. Тэгэхэд багш “Барилгуудыг хараад яв. Хөгжмөө, хөгжмийн зохиолуудынхаа тухай бодож, төсөөлөөд, бүтэц, зохион байгуулалтыг нь энэ байшингуудын хийц, загвартай харьцуулж хараад яваарай” гэсэн. Тэгэхээр нь хэлснийх нь дагуу хараад явлаа.

-Багшийнхаа хэлсэн болгоныг өөрийн болгох хэрэгтэй юм байна, тийм үү?

-Тийм.

-Лондон, Парис гэдэг Европын хоёр том хот ямар ялгаатай вэ?

-Парис улаан, шаргал гээд тод өнгөтэй барилгуудтай. Лондонд тийм тод өнгийн байшин, барилга байдаг ч хот нийтдээ бараандуу. Хар, цагаан, саарал өнгө давамгай.

-Нандин дөрвөн уралдаанд бүгдэд нь түрүүлжээ. Аль нь хэцүү байсан бэ?

-“Хамгийн хэцүү нь Италийнх шүү, сайн хичээгээрэй” гэж багш сануулж байлаа. Тэгээд ч тэнд хамгийн олон, зургаан удаа тоглосон. Ибла гэдэг хотод хамгийн том уралдаан нь болсон юм. Тэр их онцлогтой. 

Тоглох хүүхдүүдийн хүмүүжил, биеэ авч яваа байдал зэргийг хардаг. Шүүгчид нь тэнд байгаа хүмүүст өөрийгөө мэдэгдэхгүй, энгийн хүн шиг явж уралдаанд оролцох гэж байгаа хүүхдүүдийн биеэ авч яваа байдал, зан төлөв, харилцаа зэрэгт оноо өгдөг.

-Шалгууруудын нэг нь хүмүүжил гэдгийг мэдэж байсан болохоор та нар биеэ зөв авч явж, хоорондоо болон өрсөлдөгч гадаад хүүхдүүд, том хүмүүстэй ч гэсэн эелдэг харилцаж, нэг ёсондоо сонгодог хөгжим тоглодог хүүхдүүд ямар байх ёстой, тийм үлгэрийг үзүүлж байв уу?

-Тийм. Ер нь бид хоорондоо их сайхан харилцаатай, эвтэй байдаг. Манай багш хэн нь улсын хөгжмийн сургуулийн сурагч, хэн нь хувийн сургалтын суралцагч гэдэг нь хамаагүй, бүгд төгөлдөр хуур гэдэг хөгжим тоглож сурч байгаа хүүхдүүд болохоор яг адилхан.

Ах нь ах, дүү нь дүү нэг гэр бүл юм шүү гэдэг. Бид бүгдээрээ хоорондоо их сайн найзууд болсон.

 

-Хамгийн хэцүү гэж хэлсэн, Ибла хотод болсон уралдаанд насны ангилалдаа чи түрүүлжээ. Хэдэн орны хүүхэд өрсөлдсөн бэ?

-Энэ уралдаан олон төрлөөр болдог юм билээ. Хийл болон хөгжмийн бусад төрлөөр, бас дуучид ч оролцож байна лээ. Төгөлдөр хуурын төрлөөр бол монгол, итали, орос, солонгос, япон хүүхдүүд өрсөлдсөн.

-Чи ер нь тайзан дээр тоглохдоо айдаг уу. Эсвэл төрөлхийн тайван хүүхэд үү?

-Айдаг. Тоглохоор гарахын өмнө тайзны ард маш их айдаг. Гэхдээ багшийнхаа заасан тайвшрах дасгалыг яг хэлснээр нь нэг бүрчлэн дарааллаар нь хийхээр гайгүй болдог юм. Дасгалаа хийнгээ тайз руу гараад, сандал дээр суух үед зүгээр болчихсон байдаг.

-Хүүхдүүд зуны амралтаараа гадаад орнуудад 46 хоног аялж, юм үзэх гоё байсан байх. Очсон улс орон бүртээ уралдаанд оролцох нь яршигтай байгаагүй юу?

-Харин ч зүгээр л яваад байсан бол уйдах байсан байх. Өмнө нь их сайн давтсан байсан болохоор хэцүү зүйл байгаагүй. Уралдаанд орохын өмнө заавал тоглож үздэг байсан. Багш ядарч байгаа байх гэж бодоод, сэргээж, баярлуулъя гээд Италийн уралдаанд лав их хичээж тоглосон.

-Баярлуулж чадсан байна шүү дээ.

-Харин тийм (Нүдэнд нь нулимс цийлэгнэв). Хамгийн сүүлийн “Фантази” гэдэг зохиолоо тоглохдоо хөгжимдөө бараг орчихсон, би өөрөө тэр хөгжим дотор байгаа юм шиг тайван тоглосон. Тэр тоглолтоор сайн оноо авсан байх гэж боддог. Ингээд ийм олон уралдаанд оролцуулж, бидэнд гоё гоё улс орон үзүүлсэн багшдаа маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Бас явсан хүүхдүүдтэй сайн найзууд байж, цаашид ч гэсэн үнэнчээр нөхөрлөнө гэдгээ хэлье.

-Чи хөгжим сайн тоглодог шигээ үг, ярианы баялаг сайтай юм байна. Үгийн сонголт ч гэсэн анхаарал татлаа. Чи хэзээ ингэж сайн ярьдаг болсон бэ?

-Ээж минь надтай бага байхаас л байнга нээлттэй ярьдаг байсан. Ээжийн талын өвөө, эмээ минь багш нар болохоор тэр байх, надтай үргэлж ямар нэг сэдвээр ярилцаж байдаг. Ээж багш биш ч гэсэн багшлах сонирхолтой. Түүн шиг би бас багш болох юм сан гэж боддог. Саянцэцэг багш ойлгодог байх, надад өөрөөсөө дүү хүүхдүүд, эсвэл найз нартаа хөгжмийн хичээл зааж байгаарай гэж хэлдэг юм. Хүмүүстэй яриад л байхаар яриа болчихдог юм шиг байна (инээв).

-Чи том болоод багш болох уу?

-Магадгүй 40 нас хүрээд багш болох болов уу. Түүнээс наана би хөгжимчин байх учраас дандаа л тоглож байна гэж боддог.

-Чи сургуулиас зохион байгуулсан болон олон улсын олон уралдаанд амжилт гаргалаа. Жинхэнэ шилдэг хүүхэд юм аа.

-Би өөрийгөө бусадтайгаа яг адилхан хүүхэд гэж боддог. Хөгжмөө сайн давтаад л байх юм бол бүх хүүхэд амжилт гаргаж чадна. Тийм болохоор би хамгийн мундаг нь гэж өөрийгөө ерөөсөө боддоггүй. Тэгээд ч манай багш “Хүн биеэ тоож болохгүй. Найз нөхөдтэйгөө өмнө нь ямар харилцаатай байсан, яг түүн шигээ найзалж, нөхөрлөж явах ёстой” гэж хэлдэг. Би ч гэсэн тэгж боддог.

-Биеэ тоох гэж юу вэ?

-Өөрийгөө мундаг гэж бодоод, бусад хүүхдүүдийг тоохгүй байхыг хэлж байгаа юм. Манай ангийн Золзодмаа багш бас бидэнд зөндөө юм хэлж өгдөг. Ер нь манай ангийнхан хоорондоо их эвтэй.

-Эмээ, өвөө, багш нарынхаа үгийг хүлээж авч, байнга санаж явдаг сайн хүүхэд байна. Энэ жилийн турш мэргэжлийн хичээлээ сайн давтаж байгаад, ирэх зун дахиад олон улсын уралдаануудад орох уу?

-Үгүй. Испанид багшийн зохион байгуулдаг уралдаан, хөгжмийн наадамд л тоглоно. Багш биднийг ирэх зун амраана гэсэн. Дандаа “нүдээд” байж болохгүй гэсэн. Бид ирэх зуны амралтаараа далайн эрэгт олон хонохоор төлөвлөж байгаа.

-Чамд сонгодог хөгжмийн зохиолчдын хэн нь илүү таалагддаг вэ?

-Хамгийн гоё нь Моцарт, Бах хоёр. Моцарт хөнгөхөн хөгжимтэй. Бахын зохиолуудыг тоглоход сонирхолтой.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай