Х.Мөнхзул: Сэтгүүлчдийг шүүх, хүчний байгууллагаар дарамтлах нь ихэслээ

Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референт Х.Мөнхзултай ярилцлаа. Тус байгууллагынхан Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын нэр бүхий гишүүдэд хүргүүлжээ.

-Хүний эрхийн хамгаалагч гэж хэнийг хэлэх вэ. Манай улсад хүний эрхийн хамгаалагч гэсэн нэр томьёо байхгүйгээс нэгдсэн мэдээлэл, тоо баримт бүрхэг гэж ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж илтгэлдээ дурдсан байна.

-Хүний эрхийн хамгаалагч гэдэг нь хүн төрөлхтөнд заяагдсан хамгийн үнэт зүйл болох эрх чөлөөг бодитойгоор эдлүүлэхийн төлөө тэмцэж буй хүн бүрийг хамруулсан өргөн хүрээний ойлголт. Үүнд нийгмийн шударга ёсны төлөө ажилладаг хуульч, өмгөөлөгч, хариуцлагагүй уул уурхайгаас болж сүйдсэн байгаль орчин, бэлчээр, газар усныхаа төлөө тэмцэж буй малчин, байгаль хамгаалагч, хөдөлмөрлөх эрх, цалин мөнгөнийхөө төлөө дуугарч байгаа багш, үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд гээд хэн ч байж болно.

Гэхдээ хүний эрхийг хамгаалж байна гээд бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэхгүй зөрчих, шударга бус замаар, хууль ёсны үйл ажиллагаа явуулахгүй, хүчирхийллийн аргаар тэмцэж болохгүй. Тэд хүний эрхийн хамгаалагч биш. Дэлхийн өнцөг булан бүрт хүний эрхийн хамгаалагчид үгээ зоригтой хэлж, шударга ёсны төлөө үйл ажиллагаа явуулсныхаа төлөө амиа алдах, дарамт шахалтад орж, эрх чөлөөгөө хязгаарлуулах, хүчирхийлэлд өртөх явдал газар авлаа. Хүний эрхийг зөрчиж буй улс орнуудад ийм тохиолдол илүү харгис шинжтэй гарч байна.

Мөн ардчилсан зарим улсад ч цөөнгүй гарсаар байгаа. Тиймээс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, энэ талаар хууль, эрх зүйн ээлтэй орчин бүрдүүлэхийг улс орнуудад уриалдаг. Харин манай улсад хүний эрхийн хамгаалагч гэсэн нэр томьёог хуульчлаагүй, тэдний эрхэд халдсан тохиолдлыг нэгдсэн байдлаар бүртгээгүй, статистик, тоо баримт байхгүй.

Зөвхөн ХЭҮК болон бусад төрийн бус байгууллагын хийсэн судалгаа, мэдээллээр л хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, Монголд хүний эрхийг хамгаалагчид халдсан халдлага, гомдлыг бүртгэх, баримтжуулах тэдний аюулгүй байдлыг хамгаалах албан ёсны тогтолцоо бүрдээгүй.

-Хүний эрхийн хамгаалагчид нийгэмд ямар тустай юм бэ. Тэдэнд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Хүний эрхийн хамгаалагчид нь хүний эрхийн зөрчлийг илрүүлж, мэдээлэл цуглуулан, төрийн үйл ажиллагааг хөндлөнгөөс хянаж, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг шаарддаг нийгмийн шударга ёс, сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн сайн сайхан амьдрал, ямар нэгэн ялгаваргүйгээр адил тэгш эрхтэй байлгах, айх айдасгүй нийгмийг бүтээхийн төлөө ажилладаг, үгээ хэлдэг тийм л иргэний зоригтой хүмүүс юм.

Ийм хүн олон болж, тэднийг шахаж хавчихгүй байснаар улс орон хөгжиж, нийгэмд шударга ёс тогтоно гэж үздэг. Хүний эрхийн хамгаалагч нар нь үйл ажиллагаагаа айх айдасгүйгээр аюулгүй орчинд явуулж чадаж байгаагаар нь аливаа орны ирээдүйг дүгнэж болохоор. Хүний эрхийн хамгаалагч нарын үйл ажиллагааг дэмждэггүй, шахаж хавчдаг бол тухайн улс хүний эрхийг дээдлэхгүй байна гэсэн үг.

Өнөөгийн манай нийгэмд эрх мэдлийн төлөөх тэмцэл, улс төрийн ашиг сонирхлоор талцан хуваагдсан байдал илт давамгайлсан. Эрх мэдэлтнүүд, бүлэглэлүүд, төрийн болон томоохон корпорацууд хүний эрх, шударга ёсны төлөө дуугардаг хүмүүсийг чимээгүй байлгах арга хэмжээгээ дэлхий нийтэд идэвхжүүлж байна.

Монгол дахь хүний эрхийн хамгаалагчийн асуудлыг 2014 онд ХЭҮК анх удаа судалж, УИХ-д илтгэсэн. Уг судалгаагаар тэднийг заналхийлэх, сэтгэл санааны дарамтад оруулах, мэдээлэл өгөхөөс татгалзах, авах боломжийг нь хязгаарлах, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэх, үл ойшоох, төвөгшөөх, төрийн байгууллагын зүгээс хүнд суртал гаргах, ялгаварлах, шударга бус хандах, цалин, нийгмийн халамжийг хязгаарлах, ажлаас халах, ажлын байрны дарамтад оруулж буй нь тогтоогдсон.

Судалгаанд оролцогчдын 38 хувийнх нь нэр төр, алдар хүндэд халдан, доромжилж, сэтгэл санааны дарамт, шахалтад оруулж, заналхийлжээ. Тухайлбал, саяхан Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч цаазаар авах ялыг дэмжихгүй байгаа талаар байр сууриа илэрхийлэн, вэб сайтад ярилцлага өгснийхөө төлөө хэл амаар доромжлуулсан. Ялангуяа хүний эрхийн эмэгтэй хамгаалагчдын эсрэг цахим орчинд үг хэлээр дайрч, доромжлох, сүрдүүлэх, нэр төрийг нь гутаах үйлдэл цөөнгүй гарах боллоо.

Хүний эрх, жендерийн тэгш байдлын талаар дуугарсан эмэгтэйчүүдийг “Солиотой хүүхнүүд”, “Уламжлалт үнэт зүйлд аюул учруулагч” гэж нэр, хоч өгөх нь түгээмэл байна. Жишээ хэлэхэд, 10 гаруй жилийн өмнө гэр бүлийн хүчирхийллийн талаар ярихад “Гаднаас мөнгө авах зорилгоор Монголд байхгүй асуудлыг оруулж ирлээ, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн нэр томьёо ч байхгүй, юун эмэгтэйчүүдийн эрх, “Эхнэр, илжиг хоёрыг сардаа нэг удаа гөв” гэдэг биз дээ, нөхрийнхөө толгой дээр гарах гэсэн даварсан хүүхнүүд” гэсэн хандлага давамгайлж байсан.

Хүчирхийллийн эсрэг төвийн эмэгтэйчүүдийг (би ч бас тэр үед ажиллаж байв) ийм байдлаар гоочилдог, бүр гар хүрэх, мөрдөн мөшгөх, хамгаалах байрны цонх хагалж, хаалга эвдэх явдал цөөнгүй гарч байв. Гэтэл энэ асуудал Монголд байхаар барахгүй, одоо хуулиар зохицуулж байна шүү дээ.

Манай улс гэр бүлийн хүчирхийллийг дотоод асуудал гэж үзэх хандлагаас салж, гэмт хэрэг, хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг боллоо. Энэ нь хүний эрхийн эмэгтэй хамгаалагч нар дарамт, доромжлолыг хүлцэн байж, нийгмийн сэтгэл зүйг өөрчлөхөд хувь нэмэр оруулсан жишээ юм.

-Хамгийн их дарамт шахалтад ордог нь аль мэргэжлийнхэн байгаа бол?

-Сэтгүүлчид. Хүний эрх, шударга ёсны төлөө үзгээ барьсан сэтгүүлчдийг хууль, шүүхийн байгууллагад дуудаж сүрдүүлэх, эрүү, зөрчлийн хэрэг үүсгэн айлган сүрдүүлэх явдал их. “Глоб интернэшнл” ТББ-аас гаргасан мэдээллээр 1999-2017 онд нэр төр, алдар хүндэд халдсан, гүтгэлэг, доромжлолтой холбоотой шүүхээр шийдвэрлэсэн иргэний болон эрүүгийн нийт 848 хэргийн 426 буюу 50.2 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдож байна.

Мөн 2006 оноос сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрхэд халдсан 701 зөрчлийг тус байгууллага бүртгэжээ. Сэтгүүлчдийг шүүх, хүчний байгууллагаар дарамтлах явдал 61 хувьтай гарсан байна. Мөн байгаль орчны төлөө тэмцэж буй иргэний нийгмийн идэвхтэн, үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагынхан дарамт шахалтад өртөх нь элбэг.

-Манай улсад хүний эрхийн хамгаалагчдын талаарх хууль, эрх зүйн орчин ямар байна. Бие даасан хуультай болчихвол тэднийг хамгаалж чадах уу?

-Манайд “Хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох, тэднийг аливаа халдлагаас хамгаалах эрх зүйн зохицуулалт байхгүй. Хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааг бүхэлд нь хамгаалж, дэмжихийн тулд хуульд ганц нэг заалт оруулснаар асуудал бүрэн шийдэгдэхгүй. Иж бүрнээр нь шийдвэрлэх бие даасан хуультай болох нь зүйтэй.

Тиймээс ХЭҮК, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын нэр бүхий гишүүдэд хүргүүлсэн. Хуулийн төсөлд хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах механизм бий болгосон. Өөрөөр хэлбэл, ХЭҮК-ын дэргэд бие даасан хараат бус байдлаар ажиллах төр, олон нийтийн төлөөлөл бүхий хороо байгуулах юм.

Энэ хороо нь хүний эрхийн хамгаалагчид халдсан зөрчлийн талаарх мэдээлэл, гомдолтой танилцаж, шуурхай арга хэмжээ авах, учирсан болон учирч болзошгүй аюул, эрсдэлийг тодорхойлж, эрх бүхий байгууллагаар хамгаалуулах зэргээр ажиллана. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгжийн хүлээх нийтлэг үүргийг тусгасан. Хуультай болчихвол хүний эрхийн хамгаалагч аюулгүй, эрсдэлгүй тайван орчинд өөрийн болон өрөөлийн эрхийн төлөө ажиллах боломж бүрдэнэ.

-Хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл, байдал Монголд ямар байгааг Европын аюулгүй байдлын ардчилсан институт хэлэлцсэн юм байна. Тэд бидэнд ямар үнэлгээ өгсөн бол?

-Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Ардчилсан институт хүний эрхийн газраас Монгол Улсын хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдал, тэднийг хамгаалахад төрийн зүгээс хүлээх үүргийн биелэлт, тулгарч буй бэрхшээлийг судалж үнэлгээ хийх зорилгоор манай улсад өнгөрсөн сарын сүүлчээр ажилласан.

Тэд төрийн болон төрийн бус, хүний эрхийн байгууллага, хүний эрхийн хамгаалагч нартай уулзаж хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус байгууллага үнэлгээний дүнгээ нэгтгэн, Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудад хандсан зөвлөмж бүхий тайланг удахгүй хүргүүлнэ гэсэн.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай