Р.Түмэнжаргал: Багш бэлтгэдэг сургуульд хамгийн сайн дүнтэй хүүхдүүдийг элсүүлэх хэрэгтэй

Олон улсын багш нарын баяр боллоо. Манай улсын сургуулиуд, багш нар ч энэ өдрийг дор бүрнээ сонирхолтой тэмдэглэж өнгөрүүлэв. Үүнийг тохиолдуулан ардын хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг эгэл жирийн мянга мянган багшийн төлөөлөл болгож, улсын тэргүүний 24 дүгээр дунд сургуулийн математикийн тэргүүлэх зэргийн багш, 9-ийн “Е” бүлгийн анги удирдсан багш, боловсролын тэргүүний ажилтан Р.Түмэнжаргалтай ярилцсан юм.

-Та 33 дахь жилдээ багшилж байгаа юм байна. Ажлаасаа залхах, ядрах үе байдаг уу?

-Үгүй. Тухайн өдрийн ажлын ачаалал их байвал мэдээж ямар ч хүн ядарна. Түүнээс биш ажлын чадвараа алдталаа ч юм уу, тамирдаж байгаагүй. Түр зуурын сэтгэлийн хямралд орсон байвал ангийн хаалга татахын өмнө уртаар амьсгаа аваад гаргахдаа “Хүү” гэж өөртөө нэг хэлээд л орж явчихдаг. Нэг цагийн хичээлийн дараа өнөөх гуниг, бага зэргийн хямрал мартагдсан байдаг юм. Багшийн ажлын сайхан нь хүүхдийн ариун, гэгээн орчинд ажилладагт байдаг.

-Багш нар мэргэжлээрээ бахархах нь олонтоо. Та мөн адил уу?

-Энэ мэргэжлийг сонгосондоо баярладаг. Би социализмын үеийн, багшийн нэр хүнд өндөр байх үеэс ажиллаж эхэлсэн сурган хүмүүжүүлэгч. Ажлын гараагаа өндөр сэтгэгдэлтэй эхэлсэн болохоор тэр үү, одоо болтол би багш болохыг аминчлан захидаг байсан аавдаа, мөн багш болох сэдэл төрүүлсэн ангийн багш Л.Олзвойдоо баярлаж явдаг. Аав маань өөд болсон.

Харин багш минь одоо БНСУ-ын хөрөнгө оруулалтаар байгуулсан “Гэрэлт ирээдүй” сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байна. Миний аав ажилчин хүн л дээ. “Миний охин, багш гэдэг их гоё мэргэжил юм байна. Юу ч мэдэхгүй хүмүүст эрдэм заагаад, амьдралыг нь чиглүүлээд өгөх нь сайхан юм. Охин минь, багш л болдог юм шүү” гэж хэлдэг байсан. Харин Л.Олзвой бол манай ангийн багш.

Биднийг Говь-Алтай аймгийн Тайшир сумын найман жилийн дунд сургуулийн тавдугаар ангид сурч байхад УБДС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгсөөд томилолтоор очихдоо манай ангийг дааж авсан. Биеэ сайхан авч явдаг, үг, яриа цэгцтэй, гавшгай, шаргуу, одоогийн залуусын ярьдгаар цоглог багш. Түүнийг хараад “Багш гэж ямар гоё хүн байдаг юм бэ. Би яг ийм багш болно оо” гэж бодсон. Хүүхэд насанд төрсөн бодол хүчтэй юм билээ.

Тэр эрчээрээ Багшийн дээд сургуулийн математикийн ангид элссэн. Уг нь сурлагын дүнгээр аймгийн төвийн I арван жилийн хэмжээнд хоёрдугаарт жагсаж, гадаадын дээд сургуульд элсэх хуваарь авсан байсан л даа. Гэсэн ч тэр жил бие муутай дүүдээ хань болж, аав, ээждээ ойр байх шаардлагатай байсан болохоор эх орондоо сурах хэрэгтэй болсон юм. Тэгээд багаасаа хүсэж байсан багш мэргэжлээ сонгосон.

-Түрүүн социализмын үед багшийн нэр хүнд сайн байсан гэсэн. Одоо ямар вэ?

-Нийтэд нь аваад үзэхэд тийм сайнгүй байна уу даа гэж хардаг. Гэхдээ тухайн багшаас хамаарна. Өөрийгөө бол шавь нартаа, хамт олондоо гайгүй хүндтэй, “ясны” багш гэж бодож явдаг (инээв).

-“Ясны” багш гэдгийг тайлбарлаж өгөхгүй юү?

-Ажилдаа чин сэтгэлээсээ дуртай, үүнээс өөр ажил хийх, орлого хайх бодолгүй, ямар нэг шалтгаанаар зам мөрөөсөө хазайхыг хүсдэггүй гэсэн үг юм уу даа. Намайг нийслэлийн 39 дүгээр сургуулийн сургалтын менежерээр томилчихов оо. Тэгэхэд нь ердөө удалгүй өөрийн хүсэлтээр буцаад багш болж байлаа.

Багш нартай биш, харин хүүхдүүдтэй ажилламаар, хичээл заамаар, сурагчдаа элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэмээр санагдаад болдоггүй. Тэгэхээр нь зүрх сэтгэлээ даган, хүсэлт гаргаад дахин шавь нарынхаа өмнө зогсох болсон. Ажилдаа зүрх сэтгэлээ өгсөн багш олон бий гэдэгт итгэлтэй байна. Тиймгүй бол юу болох билээ.

-Боловсролын салбарт асуудал олон. Бага, дунд боловсролын чанар муу байна гэж хаа хаанаа үзэх болсон. Санал нэг байна уу?

-Зарим талаар санал нийлнэ. Багш бэлтгэдэг сургуулиудыг чанаржуулах шаардлага байгаа. Үүний тулд сурлага сайтай хүүхдүүдийг элсүүлэх хэрэгтэй юм. Боловсролын шинэчлэлийн хүрээнд заавал хэрэгжүүлэх бодлогын нэг нь энэ. Дунд сургуулиа сайн, бүр үлгэр жишээ дүнтэй, сахилга бат сайтай төгссөн хүүхдүүдийг шилж элсүүлэх ёстой.

Үүнтэй уялдуулаад оюутнуудыг багш болгон төгсгөхдөө амьдрах ахуй нөхцөл, хангамжийг нь шийдэж өгөөд нийслэлд ч бай, орон нутагт ч бай томилох хэрэгтэй. Тэгж бэлтгэсэн сайн багш нар сайн шавь төрүүлнэ.

-Гуч гаруй жил ажиллахдаа ихэвчлэн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги дааж байжээ. Ийм тодотголтой анги онцлогтой байдаг уу?

-Нээрэн эргээд бодоход хоёр удаа л жирийн анги төгсгөсөн юм байна. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид шилдэг хүүхэд л авдаг гэсэн ойлголт давамгай байдаг. Гэтэл зарим жилд шалгаруулалтаар шигшиж авсан хүүхдүүд шилдэг анги болдоггүй тохиолдол бий. Янз бүрийн түвшний сурлага, хүмүүжилтэй хүүхдүүд орж ирдэг.

Гэсэн ч анги бүрдүүлж авсан л бол хүүхдүүдээ төлөвшүүлж эхэлнэ дээ. Анги хэрхэн удирдаж байгаагаас багшийн ур чадвар харагддаг. Багш нар нийтлэг зарчмын дор ажиллах ч, өөр өөрийн арга барилтай. Би бол багш, сурагч, эцэг, эхийн гурвалсан холбоог сайн үүсгэж ангиа удирддаг. Энэ холбоог хэрхэн үүсгэх вэ гэдэг бас чухал. Хүүхдээр дамжуулж эцэг, эхийг нь судална.

Сурагчдын маань эцэг, эх ямар ахуй амьдрал, боловсрол, зан чанартай хүмүүс вэ гэдгийг нь тодорхойлж байгаад тухайн тухайн гэр бүлд тохирсон барилаар ажилладаг. Эцсийн дүнд эцэг, эхчүүд миний сурагчид мэт болсон байдаг юм. Би залуу багш нарт зориулж “Анги удирдах нь” гэдэг гарын авлага гаргасан. Түүндээ мэдэж, сурснаа харамгүй бичсэн.

-XXI зууны багш гэж хэн бэ?

-Сурагчдаа жигд сайн хөгжүүлж чаддаг бол энэ зууны багш. Хүүхдийг хөгжүүлэх гэдэгт их олон зүйлийн ухаан багтана. Шавь нараа хөгжүүлэх зорилгодоо хүрэхийн тулд багш нар өөрсдөө цаг үеэсээ түрүүлдэггүй юм гэхэд хоцрохгүй байх, үүний тулд шинэ мэдлэг, мэдээллээр өөрийгөө байнга цэнэглэж байх хэрэгтэй. Сурах бичиг шаардлага хангахгүй байна гэсэн яриа гарсаар байна. Сурах бичиг боловсруулах багийн гишүүний хувьд харахад зарим нь учир дутагдалтай байдаг нь үнэн.

Гэхдээ сурагчдаа хөгжүүлэхийн төлөө ажилладаг багш нарт сурах бичиг ямар байх нь төдийлөн сонин биш. Сурах бичиг гэдэг бол хүүхдүүдэд зориулсан туслах хэрэгсэл. Багш нар сурагчдаараа номд байгаа бодлого бодуулах төдийгөөр ажиллах юм бол энд, самбарын өмнө зогсохын хэрэг байхгүй.

Би хагас жилийн хугацаанд сурагчдад ямар чадвар эзэмшүүлмээр байна, түүнийгээ хөтөлбөр болгож, сурагч нэг бүрт өгдөг. Хүүхдүүд бодлогуудыг аажим бодсоор, өөртэйгөө ажилласаар хугацаанд нь гүйцээж, хамгаалдаг. Ийм хөтөлбөрөө гаргаад авчихсан байхад хэцүү юм ерөөсөө байхгүй.

Хичээлийн цагт сурагчдаа аль болох өөрсдийг нь ажиллуулж, өөрсдөөр нь юмны учрыг олуулж, тэднээр мэдлэг бүтээлгэх нь тухайн хичээлийн зорилго байх ёстой. Багш гагцхүү сурагчдаа удирдан, чиглүүлэх үүрэгтэй. Харин тэдний өмнөөс тоо бодогч, самбарт бичигч биш юм. Хүүхдүүд өөрсдөө ажиллахын хэрээр мэдлэг тэднийх болно. Хэн ч булааж авахгүй. Харин багш самбарт бодож, хариу гаргаад, сурагчид хуулж бичээд гэртээ харих юм бол мэдлэг багшид л үлдэнэ.

-Сүүлийн үед сургалтад хөтөлбөрөөр дамжуулж нэвтрүүлэх гэж хичээгээд барахгүй байгаа, зарим багш эсэргүүцээд байдаг шинэчлэл, аргачлал энэ биш үү?

-Сурагчидтайгаа чин сэтгэлээсээ, тэднийхээ төлөө ажилладаг багш нар одоо бүгд ийм аргачлалаар хичээлээ удирдан явуулж байгаа.

-Түрүүн яриан дундаа ангид онцгой хүүхэд ороод ирээсэй, тийм сурагчтай ажиллахсан гэж боддог гэсэн. Онцгой гэж ямар сурагчийг хэлж байна вэ?

-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги гэдэг бол энэ хичээлийг бусад ангийнхнаас хэдэн цагаар илүү үздэг, мөн хөтөлбөр нь арай гүнзгий байхыг хэлж байгаа юм. Ийм ангид сурагчдыг шалгаруулалтаар авдаг. Орж ирсэн хүүхдүүд дунд математикийн хичээлдээ сайн ч, бусад хичээлд дургүй, бас сахилга бат төдийлөн сайнгүй байх нь бий. Эсвэл сайн сурлагатай ч, нийтэч биш, бүрэг хүүхэд байдаг.

Зан төлвийн ийм ялгаатай сурагчдыг ангийн ажилд жигд оролцуулах, аливаа арга хэмжээнээс хоцроохгүй байх, сэтгэл санааны хувьд сэвгүй байлгах гээд тусгайлан ажиллах шаардлага гардаг. Наад зах нь ангийн сурагчдын дунд байр суурийг нь бэхжүүлэх, нөхдөөр нь хүлээн зөвшөөрүүлэхээс авхуулаад хичээл зүтгэл илүү шаардагддаг л даа. Ийм хүүхэдтэй ажиллах сонирхолтой байдаг юм. Ажлын үр дүн мэдэгдэм байдаг.

-Жишээ татаж ярьж болох уу?

-Манай ангид сэргэлэн цовоо, математи кийн хичээлдээ сайн ч, бусад хичээлээ хийх дургүй Билгүүн гэж хүү байлаа. Би түүнд анхаарал илүү хандуулдаг байв. Ангийн зарим сурагч “Багш яагаад ингэдэг юм бол” гэж боддог байсан ч байж магадгүй. Хэрвээ жаахан буруу ажиллавал сургуулиа орхичихмоор ч юм шиг, ер нь хөдөлгөөнтэй хүүхэд. Ээж нь хүүгийнхээ төлөө санаа тавьсаар байгаад сүүлдээ бид дотноссон.

Хэдийгээр манайх математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ч энэ хичээлийг бүр нарийвчилж үздэг сургуулийн түвшинд заахгүй болохоор тухайн сурагчийн оюуны чадамжид хүртэл ажиллаж чаддаггүй гэсэн үг. Ээж нь надтай зөвлөлдлөө. “Хүүгээ хамт олондоо, багшдаа дассаныг нь бодоход энд нь байлгамаар юм шиг. Гэтэл математиктаа сайн байгааг нь бодохоор өөр, илүү мэргэжлийн сургууль руу шилжүүлэх нь зөв ч юм шиг. Тэглээ гэж бодоход очоод анги хамт олонтойгоо эвтэй, аятай байх болов уу, яах бол гэж бодогдоод байна. Яавал дээр вэ” гэсэн л дээ.

Тэгэхээр нь хоёулаа сайтар ярилцаж байгаад “Олонлог” сургууль руу шилжүүлсэн. Гэтэл одоо тэнд их сайн сурч байна. Бид бүгд баяртай байгаа. Бас нэг тохиолдол бий. Манай ангийн нэг хүү бүрэг гэж жигтэйхэн. Түүний нэр хүндийг анги дунд өсгөх ямар арга байж болох талаар байнга бодож явна л даа. Янз бүрээр үзье гэж бодоод нэг өдөр ганцаарангаар нь ангийн шал угаалгаад, маргааш нь ангийнхандаа энэ тухай хэлж магтсан юм.

Тэгэхэд өнөө хүү өөрийг нь магтаж байгаад итгэж ядсан янзтай гайхаж хараад байсан. Хүүгийн нэр хүнд тэр өдрөөс илт өссөн. Дараа нь бас нэг далим гаргаж магтсан. Түүнээс хойш бүр дуу орж, яваандаа ангийнхан дундаа бужигнаж явдаг болсон. Энэ мэтчилэн хүүхдийн төлөө гаргасан сэтгэл, зүтгэлийн үр дүн илт мэдрэгдэм анзаарагдах нь багшийн ажлын үр дүн байдаг. Энэ үр дүнгийн төлөө багш нар ядарсан ч үгүй юм шиг, өвдсөн ч, тэр бүр ёо гэхгүй ажилладаг.

-Өөр ямар сонирхолтой үйлдэл, шийдэл танаас хүлээж болох вэ?

-Хүүхдүүд надаар гоё юм яриулах дуртай. Би сурагчдынхаа хэлдгээр ярьж байна л даа. Манай сургуулийг төгссөн, одоо амжилттай яваа хүмүүсийн тухай, эсвэл цаг үеийн анхаарал татсан сэдвээр заримдаа хичээлийн 20 минутад ярьчихсан байдаг.

Хичээлийн цагаас авлаа, яанаа гэж бодмоор байвч, сурагчидтайгаа дотночлон яриад, даалгавраа маш сайн хийгээд, нэмж бодоод ирээрэй гэхэд бүгд биелүүлсэн байдаг. Дуртай, сонирхолтой сэдвээр нь яриа өрнүүлсний үр дүн ингэж гардаг.

-Таныг “Саятан багш” гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ?

-Нийслэлээс багш нарт олгодог болсон шагнал. Журмын дагуу дүүрэг, дүүргээс хоёр, гурван багш тодорхойлоод шагнадаг. Би нэг жил энэ шагналыг авсан. Сая төгрөгөөр урамшуулдаг юм. Багшийн хөдөлмөр, зүтгэлийг тухайн тухайн үед нь үнэлж явдаг одоогийн систем зөв юм уу гэж боддог. Мэргэжлийн зэргийг хамгийн багаас нь авхуулаад заах аргач, тэргүүлэх гэх зэргээр өгсүүлж олгосоор хамгийн сүүлд зөвлөх багш болгодог нь урам өгч, идэвхжүүлдэг юм шиг санагддаг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай