Бодлогын хүүг 10 хувьд хэвээр үлдээв

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр хуралдан, бодлогын хүүг 10 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэв. Олон улсын зах зээлд эрдэс баялгийн үнэ харьцангуй өндөр байснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт дээшилж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, улмаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж байна.

Гэвч эдийн засгийн төлөв гадаад зах зээлээс өндөр хамааралтай хэвээр буй аж. Тухайлбал, том гүрнүүд хоорондын гадаад худалдааны хязгаарлалт, зарим улсад хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хөгжиж буй орнуудаас гадагшилж байгаа хөрөнгийн урсгал зэрэг нь ам.долларын ханш бусад валютын эсрэг чангарахад хүргэсээр байна гэв. Энэ нь гадаад орчны тодорхой бус байдыг үүсгэдэг аж.

Тиймээс тогтворгүй байдлаас үүдэх эрсдэлээс сэргийлэн, эдийн засгийн урт, дунд хугацааны тэнцвэртэй байдлыг хангахын тулд бодлогын хүүг хэвээр хадгалахаар болжээ. Гэхдээ Мөнгөний бодлогын зөвлөл гадаад сектороос үүдэх эрсдэл, цаашдын төлөв, зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан бодлогын хүүг өөрчлөх, эсэхийг ахин хэлэлцэхээр боллоо. Түүнчлэн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгон нэмж, ирэх оны эхнээс мөрдүүлэхээр тогтсон байна.


Бэлтгэсэн: С.Цэрэндулам

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай