Монгол, япон эмэгтэйчүүдийн “Бүсгүй мэлмий”-г тольдоорой

Эмэгтэйчүүдийн нүдээр хорвоо ертөнц хэрхэн харагддагийг гэрэл зургийн хальснаа буулгаж, олонд дэлгэсэн “Бүсгүй мэлмий-2” үзэсгэлэн Театрын музейд гурав хоног үргэлжлэх нь. Өчигдөр нээлтээ хийсэн эл үзэсгэлэнд Монголын долоо, Япон улсын хоёр зурагчны бүтээлийг дэлгэжээ. Манай эмэгтэй гэрэл зурагчид өмнө нь “Таван өнгө”, “Амьдралын өнгө”, “Ертөнцийн өнгө” нэртэй үзэсгэлэн гаргаж байсан.

Тэдгээрийн шилдэг бүтээлээс дээжлэн өнгөрсөн жил “Бүсгүй мэлмий” уран бүтээлийн “тайлан”-гаа тавьсан бол энэ жил Японы гэрэл зурагчидтай хамтарч буйгаараа онцлог байлаа. Японы уран бүтээлч Хироэ Шимада эл үзэсгэлэнд шувууны зургаар оролцож байгаа аж. Хоккайдо мужийн хатуу ширүүн уур амьсгалд амьдардаг өхөөрдөм, жижиг амьтдад сэтгэл татагдан, гэрэл зураг авч эхэлсэн тэрбээр “Шувуудтай ойр байж, танилцаж, нөхөрлөх нь миний амьдралын салшгүй нэг хэсэг. Эдгээр бяцхан амьтны өхөөрдөм төрх хүмүүст бага ч болов аз жаргалтай агшин бэлэглэж чадвал би баярлана” гэлээ.

Наран улсаас ирсэн нөгөө уран бүтээлч нь Мацүмото Ёшико. Нягтлан бодогч мэргэжилтэй тэрбээр гэрэл зураг сонирхож эхэлснээсээ хойш 20 гаруй жил тасралтгүй энэ чиглэлээр ажиллаж буй аж. “Бүсгүй мэлмий-2” үзэсгэлэнд япон залуусын этгээд, содон хувцаслалт, нүүр будалт, үсний засалтыг харуулсан 20 орчим бүтээлээ дэлгэсэн байна. Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сард аяллаар ирэхдээ Монголын эмэгтэй зурагчидтай уулзаж, хамтарсан үзэсгэлэн гаргах тухай ярилцсан. Үзэсгэлэнд оролцох зургаа сонгохдоо япончуудыг арай өөр өнцгөөс харуулахыг зорилоо. Олонх хүн Япон улсыг Фүжи уул, кимоно, сүмогоор төсөөлдөг.

Үүнээс арай өөрөөр буюу 1998-2000 оны залуусын дунд дэлгэрч байсан үс, нүүр будалт, хувцаслалтын сонин, содныг харуулахыг хичээсэн юм. Гэхдээ энэ бол тэдний өдөр тутмын хувцаслалт бус, эрх чөлөөгөө мэдэрч, чөлөөтэй хувцасласан өдрийн дүр зураг. Манай улс олон хүн амтай. Тэр дундаас өөрийнхөөрөө, эрх чөлөөтэйгөөр нэг өдөр ч болтугай амьдарч буй залуусыг харуулахыг зорьсон” гэв. Тэрбээр “Mongolian woman” номоо үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа. Тус номд Монголын өөр өөр мэргэжилтэй 50 гаруй бүсгүйн зураг багтсан аж.

Монгол зурагчдын дотроос Г.Эрдэнэтуяагийн бүтээлүүд олны анхаарлыг ихээр татлаа. Эмэгтэй зурагчид хамтарсан үзэсгэлэн гаргаж эхэлснээс хойш тасралтгүй оролцож буй тэрбээр энэ удаа амаржих газрын нэг өдрийн сурвалжилгаа олны хүртээл болгосон юм. “2013 онд авсан эл сурвалжилгаараа эмэгтэй хүн ээж болох торгон агшин, дэлхийд шинэ хүн болон мэндэлж буй бяцхан “ертөнц”-ийн анхны дүр төрх, мөн төрөх тасагт ажиллаж буй эмч, эх баригч, эмнэлгийн ажилтнуудын нэг өдрийн ажлыг харуулахыг зорилоо.

Эмэгтэйчүүд, эх хүн, эрчүүдийн сэтгэлд ч энэ бүх нандин агшин тод үлдэнэ гэдэгт итгэж байна” гэж Г.Эрдэнэтуяа онцоллоо. “Өнөөдөр” сонинд ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн оны “Бүсгүй мэлмий”-д амьдралын хатуу хөтүүг үүрч яваа тэрэгчин, ТҮК-ийн ажилтан эмэгтэйн нэг өдрийн амьдралыг харуулсан сурвалжилгаа толилуулж байсан билээ.

“Бүсгүй мэлмий-2”-ын бас нэг онцлог нь залуу уран бүтээлчдийг оролцуулсан явдал байлаа. Япон улсын Хоккайдо мужид болдог, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг гэрэл зургийн уралдаанд энэ жил анх удаагурван монгол сурагч оролцож, мөнгөн медаль хүртсэн. Тэдэнд урам өгч, дэмжих зорилгоор бүтээлийг нь дэлгэжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай