Б.БАТХҮҮ: XIII-XVII зууны үед амьдарч байсан хүний шарил илрүүлэн хамгаалалтад авсан

Б.БАТХҮҮ: XIII-XVII зууны үед амьдарч байсан хүний шарил илрүүлэн хамгаалалтад авсан

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батхүүтэй ярилцлаа.

-Баян-Өлгий аймагт эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал ямар байна вэ?

-Баян-Өлгийд казах, урианхай, дөрвөд, тува болон баруун Монголын олон үндэстэн, ястан оршин суудаг. Одоо 24 000 өрх, зуу гаруй мянган хүн амтай. 2.2 сая толгой малтай, засаг захиргааны 13 сум, нэг тосгон, 90 багтай. Ерөнхийдөө аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг харьцангуй хөнгөн, тайван гэж дүгнэж болно. Манай цагдаагийн газар сүүлийн гурван жилийн хугацаанд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 8057 гомдол, мэдээлэл, 879 гэмт хэрэг бүртгэсэн. Хүн амын нягтаршил, газар зүйн байршил, шашин шүтлэг, зан заншил зэрэг уламжлалт соёлын нөлөөнөөс гадна аялал жуулчлал, ашигт малтмал, дэд бүтцийн хөгжил, гадаад, дотоод зах зээлийн хүчин зүйлүүдээс хамаарч хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, хулгай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг дийлэнхдээ гардаг.

Олон нийтийн газарт танхайрах, хүний биед халдах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Тамхины хяналтын, Архидан согтуурахтай тэмцэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам, эд зүйл хулгайлах явдал бусдаасаа өндөр байна.

-Та ЭЦГ-т ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдоод жил гаруй болжээ. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?

-Цагдаагийн байгууллага иргэд, олон нийтэд нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх нь чухал. Энэ нь алба хаагч бүрийн хичээл зүтгэл, сахилга бат, шуурхай, тасралтгүй үйл ажиллагаа, нэгдсэн бодлого, удирдлагын зохион байгуулалттай холбоотой. Мөн тухайн газар нутаг дахь нутгийн удирдлагын болон хамтран ажилладаг цэргийн, хууль сахиулах байгууллагууд, аж ахуйн нэгжийн дэмжлэг, туслалцаа чухал.

Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баталсан дүрэм, журам, заавар, стандартыг нэг мөр ойлгох, хэрэгжилтийг хангуулах, сурталчлан таниулах талаар онцгой анхааран ажиллаж байна. Мөн алба хаагчийн аюулгүй байдал, эрсдэлгүй ажиллах нөхцөл байдлыг хангах, албандаа хандах хандлагыг сайжруулах, итгэл үнэмшил бий болгох талаар олон ажил зохион байгуулж эхэлсэн. Бидний ажиллаж, амьдарч буй энэ бүс нутаг бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болсон хил хамгаалалтын түүхтэй салшгүй холбоотой. Хүүхэд, залуу үеийнхэн мартаж үл болох баруун хилийн тулгаралт, байлдаан өрнөсөн тэр газар шороо шүү дээ.

Баруун хилийн тулгаралтад амь биеэ зориулсан халх, казах, урианхай, дөрвөд, тува зэрэг үндэстэн ястны амар тайван амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа хамт олноороо би бахархдаг. Мөн хил хязгаар нутагт ажиллаж буй офицерын хувьд өөрийгөө хилчин хэмээн бодож баатарлаг өвгөдийнхөө түүхээр омогшдог.

-Алба хаагчдын албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх нь удирдагч хүний хувьд маш чухал. Ямар арга барил баримталж байна вэ?

-Манай Цагдаагийн газрын алба хаагчдын 70 хувь нь казах, 19 хувь нь урианхай, 11 хувь нь халх, дөрвөд, баяд, тува, захчин, торгууд зэрэг ястан, үндэстэн байдаг.

Цагдаагийн байгууллагад багагүй хугацаанд ажилласан, ялангуяа ЭЦГ-т тасаг, хэлтсийн даргаар ажиллаж байсны хувьд ажилдаа баримталдаг гол зарчим бол аливаа хүний үзэл бодол, үг яриа гэхээсээ илүү үйлдэлд нь итгэдэг. Хов жив ярьж, хамт олны уур амьсгалыг эвддэг, жалга довоор хуваагддаг, үндэсний хэт үзэл гаргадаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүн цагдаад ажиллахыг тэвчдэггүй. Энэ зарчмаар ажиллах болно гэдгээ хамт олондоо байнга хэлдэг. Бид иргэдийнхээ амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зөвхөн урагшаа харж, шинийг санаачилж, нойр хоолоо хугаслан, сэтгэлээ чилээж ажиллах ёстой. Цагдаад ажиллаж байгаа хүн зөвхөн цалин авах гэж ажилладаггүй гэдгийг алба хаагч бүр ойлгож мэдрээсэй гэж хүсдэг. Мөн ажиллаж байх үедээ зөвхөн шат дарааллаар ахих боломж гэж байхаас, алгасах, өөр ямар нэг арга замаар албан тушаал дэвших явдал байх ёсгүй гэдгийг сануулж ойлгуулахыг хичээдэг.

Аливаа зүйлд няхуур нямбай, цэгцтэй, тэгш хандахыг хичээж, надад итгэл хүлээлгэсэн ЦЕГ-ын удирдлага, Баян- Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдынхаа, өлгийчүүдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө ажиллаж байна. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд “Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлж, ил тод, шударга, шуурхай, хуульч ажиллагааг хэвшүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлсэнтэй холбоотой удирдах ажилтнуудыг үүрэг, хариуцлага болон алба хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр шат шатны хяналтыг сайжруулах талаар ажиллаж байна. Бид цаашдаа цагдаагийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийг дааж ажиллах нь хамгийн чухал. Хууль сахиулах байгууллагын удирдах ажилтнууд хэрхэвч сул дорой, ашиг сонирхлын зөрчилтэй, бусдаас хараат байж болохгүй.

Эмч, эрүүл мэндийн байгууллагынхан эрүүл мэндийн, бид аюулгүй байдлын тусламж үзүүлдэг. Хамгийн гол нь “Цагдаа бусадтай л адил хүн шүү” гэдгийг иргэд ойлгож, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Цагдаа нь цагдаа шиг байж, иргэд нь ойлгож дэмжих нь чухал юм даа.

-Баян-Өлгий аймагт хил дамнасан малын хулгай, эсвэл зөвшөөрөлгүйгээр ховор, нэн ховор амьтан агнах, барих, хил давуулахыг завдсан хэрэг үе үе гардаг. Сүүлийн үед нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Хил дамнасан хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал харьцангуй тайван байна. Гэхдээ нөхцөл байдлаа хяналтаас алдаж болохгүй. Энэ чиглэлээр тагнуулын болон хил хамгаалах байгууллага, иргэдтэй хамтран ажилласаар байна. Үүний дүнд хил зөрчин мал хулгайлахыг завдсан этгээдүүдийг саатуулсан. Тухайлбал, ОХУ-ын Тува улсын дөрвөн иргэн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, Ногооннуур сумын нутаг, Асгат гэх газраас адуу хулгайлсан болохыг тогтоон, энэ оны хоёрдугаар сарын 18-нд саатуулж, харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн. Шүүх тэдэнд хоёр жил, долоон сар хорих ял шийтгэсэн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.

Хил орчмын бүс нутагт оршин сууж байгаа малчид, ард иргэдэд хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд нягт хамтран ажиллаж байгаа. 2018 оны эхний долоон сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 16-г бүртгэсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 23 хувиар өссөн үзүүлэлт. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад мал хулгайлах гэмт хэргийг тусад нь зүйлчилсэн нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал заалт болсон.

Манай аймаг дэлхийд ховордсон марал буга, булга, суусар, халиу, баавгай, аргаль, янгир, ирвэс, шилүүс, зэрлэг гахай зэрэг амьтнаас гадна харцага, ёл, бүргэд, сар, тоншуул, хун, хотон, хойлог, алтан гургалдай, галуу, нугас зэрэг ховор болон нэн ховордсон жигүүртэн шувуудтай бөгөөд цагдаагийн байгууллагаас мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Энэ оны эхний найман сарын байдлаар хууль бусаар ан агнасан гэмт хэрэг гараагүй.

-Булш хиргисүүр ухах, гэмтээж сүйтгэх гэмт хэрэг гардаг. Ялангуяа казахууд хадны оршуулга ухаж төнхөх явдал гардаг гэсэн мэдээлэл ШУА-ийнханд ирсэн байсан. Энэ үнэн үү?

-Аймгийн нутаг дэвсгэрт хадны оршуулга, хиргисүүр, хадны зураг, бичээс, чулуун зэвсгийн болон хүрлийн үеийн олдворууд, шашны холбогдолтой эд өлгийн зүйл зэрэг олон төрлийн дурсгалыг археологийн хайгуул, бусад байдлаар олж, бүртгэсэн байдаг. Судалгааны байгууллагын мэдээллээр 8000 гаруй дурсгал байдгийн 50 хувь нь археологи, палеонтологийнх гэдэг юм билээ.

Манай Цагдаагийн газраас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эртний булш, бунхан, хадны оршуулгыг хамгаалах, тонож, сүйтгэхээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохион байгуулж ажилласан. Үүний үр дүнд тус аймгийн Буянт, Алтанцөгц суманд XIII-XVII зууны үеийн байж болох эртний хүний шарил илрүүлэн, хамгаалалтад авч, холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн. Цаашдаа энэ асуудалд цагдаагийн байгууллагын зүгээс анхаарч ажиллана. Палеонтологийн хүрээлэнгийнхэн үүнд ихэд талархаж, цаашид ч түүх, соёл, археологи, палеонтологийн дурсгалыг хамгаалахад хамтарч ажиллахаа илэрхийлсэн.

Сонирхуулахад, тус аймгийн Цэнгэл сумын нутаг, Шивээт хайрхан уулын энгэр бэлийн хад чулуунуудад зурсан хадны зураг бий. Энэ нь Төв Азийн хадны зургийн урлагийн томоохон төвүүдийн нэг бөгөөд эртний анчид, малчид үлдээсэн түүхтэй юм билээ.

Шивээт хайрхны хадны зургийг Дэлхийн соёлын өвд бүртгэсэн, энэ бүс нутагт 4000 жилийн тэртээ нүүдэлчин түмний хэдэн зуун жилийн туршид бүтээн хөгжүүлж даган мөрдөж байсан хүрэл зэвсгийн үеийн соёл, зан үйл болон урлагийн бүтээлийн цогц илэрхийлэл юм. Шивээт хайрхны хадны зургийн дурсгалт газар нь Төв Ази болон Зүүн Хойд Азийн нүүдэлчдийн хүрлийн үеийн соёл иргэншил, тэр үеийн түүхэн хөгжлийн онцгой гэрч нотолгоо болон оршиж байгаа гэж үздэг. Өнөөдрийн байдлаар түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах гэмт хэрэг бүртгэгдээгүй.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгож, бүтэц, зохион байгуулалтаа бэхжүүлэх, техник, технологийг шинэчлэх, олон нийтийн оролцоог хангах чиглэлээр цогц арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн ЦЕГ-ын даргын 2018 оны А/177 дугаар тушаалаар “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх цагдаагийн байгууллагын бодлогын баримт бичиг” баталсан.

Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн газраас зохион байгуулан явуулж байгаа урьдчилан сэргийлэх ажлыг бодлогын баримт бичигт тусгасан ажил, арга хэмжээнд уялдуулан зохион байгуулах бодлого баримтлан ажиллаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн 34 байгууллагатай Хамтран ажиллах гэрээ байгуулан, ажиллаж байгаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд үр дүнгээ өгч байна. Тухайлбал, гэрээ байгуулсан 34 байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан орон тооны бус ажилтантай болсон. Үйл ажиллагаа явуулж буй орчиндоо хяналтын камер суурилуулж, авто зогсоол, хууль сурталчлах самбар, танхимтай болсон гэх зэргээр олон ажил хийлээ. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлд хийсэн судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн дэс дараатай, зорилтот бүлэгт чиглүүлэн, олон нийтийг татан оролцуулах, иргэд өөрсдийнхөө өмч хөрөнгө, аюулгүй байдлаа хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг арга барилаар зохион байгуулан ажиллаж байна.

Гэмт хэрэг, зөрчлийг үйлдсэнийх нь дараа хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө зарцуулж илрүүлэх бус, урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь чухал болсон.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай