Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг болъё, улстөрчид өө

Бизнесийн салбарынхантай голчлон харилцаж, эдийн засгийн чиглэлээр түлхүү бичдэг сэтгүүлч найз минь Төрийн ордноос сурвалжилга, нийтлэл бэлтгэх үүрэг хүлээгээд ёстой л “соёлын шок”-нд орсноо надад хуучилсныг би мартдаггүй. Ярилцагч улстөрч нь товлосон цагтаа болзсон газраа ирээгүйгээр үл барам тайлбар хэлэлгүй, таг чиг алга болдог явдалтай нэг бус удаа нүүр тулсантайгаа тэр ер эвлэрч чадаагүй юм даг. “За гэвэл ёогүй” гэдэгчлэн алтаар хэмжигдэх цаг хугацаанаасаа хугаслан, товлон байж уулздаг, өөрийгөө ч, өрөөлийг ч хүндэтгэдэг бизнес, эдийн засгийн хүрээнийхнээс манай улс төрийнхөн эрс ялгаатайг тэрбээр тэндээс сурвалжилга, нийтлэл бэлтгэхдээ хангалттай анзаарсан байсан юм.

Өөрөөр хэлбэл, Монголын улстөрчдийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд 100 хувь итгэх аргагүй, заавал “запас”-тай бодож байх ёстой гэсэн үг. Харамсалтай нь, цэвэр бизнесийн салбараас ажлын гараагаа эхлүүлж, амжилтад хүрсэн тэр л нэр хүндээрээ төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн гэгдэх болсон зарим эрхэм ч төрөл арилжсан мэт өөрчлөгдсөнийг тэрбээр гайхан хуучилж байсан юм. Угтаа Монголын улс төр хамаарал бүхий хүмүүсээ ингэж муухай “хүмүүжүүлж”, муу занд сургадаг байх нь.

Үнэхээр ч олон нийт, иргэдэд хэлсэндээ хүрч, хариуцлагатай байх шаардлага манай нийгэмд ус, агаар мэт газар авч буй. Тиймээс ч 76 суудалтай парламентын 65-ыг нь бүрдүүлсэн, үнэмлэхүй олонх бүхий эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүнээр томилогдохдоо У.Хүрэлсүх гагцхүү хариуцлагын тухай ярьж гарч ирсэн гэхэд болно. Тэрбээр энэ нийгэмд юу үгүйлэгдэж буйг сайтар олж харсан хэрэг. Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх “Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана. Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана” гээд хариуцлагатай ажиллахыг танхимынхан хийгээд намынхандаа анхааруулж ирсэн. Тэр нь ч хүмүүст таалагдсан. Ингээд зогсохгүй энэ оныг сахилга, хариуцлагын жил болгон зарласан. Хариуцлагын талаар ярихад ганц Засгийн газрын тэргүүн гэлтгүй бүгд дуртай.

Гэвч хөмхийгөө зууж, харцаа ширүүлэн байж, хариуцлагын талаар хөндөөд үр дүнд хүрэх нь юу л бол. Хариуцлага тооцох учиртай улстөрчид, шийдвэр гаргагчид, тэдний бүрдүүлж буй төр тэр чигтээ хариуцлагагүй байна. Өнгөрөгч амралтын өдөр нийслэл даяар цахилгаан тасарсан. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар хэмжээний хохирол учирсныг хэлэх боломжгүй хэмээн тоомжиргүй хариулж буй Эрчим хүчний сайдаас хариуцлага нэхэх нь үнэндээ илүүц санагдсаныг нуух юун. “Болсон үйл явдлын төлөө салбарын сайдын хувьд та хариуцлага хүлээх үү” гэх асуултад “Хүлээ гэвэл хүлээж болно” гэж хэлчихээд харьяалах байгууллага, албан тушаалтны талаар шийдвэр гаргах эрхгүй тухайгаа шогширч, яамныхаа харьяанд авах хүсэлтэй буйгаа шуудхан илэрхийлж байгаа хүнтэй илүү зүйл ярих хэрэггүй мэт. 

Үүний өмнө Зам, тээврийн хөгжлийн яамны албан тушаалтнууд нэгнийхээ аминд хүрсэн эмгэнэлт явдал болсон. Ердөө дараахан нь үерийн улмаас төмөр замын осол болж тус салбарын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд сайн дураараа хариуцлага хүлээсэн. УИХ-ын чуулган эхэлтэл салбарын сайдын хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа ч дээрх үйл явдлуудаас болж олон хүн албан тушаалгүй болсон. Гэвч “Улс төрийн соёлд жишиг болж, ёс зүйн хариуцлага хүлээн Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалаас огцрох өргөдлөө Ерөнхий сайдад гарган ийнхүү огцорч байна. Намайг дэмжиж байдаг гэр бүл, журмын нөхөд, хамт олон, шүүмжлэгчдэд бүгдэд нь талархаж буйгаа илэрхийлж байна” хэмээн тун ч баяр хөөртэйгөөр, олны анхаарлыг өөр дээрээ татан байж хариуцлага хүлээх нь тийм ч таатай зүйл биш талаар олон хүн шивэр авир хийж л байсан.

Үнэндээ хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй улстөрчидтэй Монголын төрийн шийдвэр, үйл ажиллагаанаас илүү зүйл хүлээх юун. Уг нь хууль тогтоох явцад буюу УИХын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны явцад хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй эрхтэй ч үүнийгээ хэт явцууруулан ойлгодог тэдний үйлдлийн хойноос хариуцлага нэхээд нэмэргүй мэт. Гэхдээ энэ нь парламентын гишүүн бусдыг гүтгэх, нэр төрд нь халдах, хууль тогтоох индэр дээрээс худал мэдээлэл өгөх эрхтэй гэсэн үг биш л дээ, уг нь. Харин манайхан бие биеэ хэлшгүй муухайгаар булах нь бий. Муу, муухайгаар булсан нь ч, булуулсан нь ч ямар ч хувиралгүй өнгөрдөг нь бүр гайхалтай. Харин УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хамгийн сүүлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын хуралдаанд буюу гишүүдэд шаардлагатай мэдээлэл өгсөн төрийн албан хаагчийн үнэн, бодитой зүйл ярьсан, эсэхэд хяналт тавихаар болоод буй. 

УИХ-ын 76 гишүүнд олгодсон энэ эрх Ерөнхийлөгч, Засгийн газар, түүний гишүүдэд хамаатай мэт ойлгогддог нь ч нууц биш. Үгээ цэгнэдэггүй улстөрчид үйлдлээ хянах нь юу л бол. Өнгөрсөн онд Шинэ Зеландын Ногоон намын дарга нарын нэг 20 гаруй жилийн өмнө нийгмийн халамж илүү хүртэхийн тулд төрийн байгууллагад худал мэдээлэл өгч байсныхаа төлөө огцорсон. Хорин хэдхэн настай бүсгүй оюутан байхдаа охиноо өсгөхийн тулд дотуур байрны хөнгөлөлттэй нөхцөл олж авахын тулд ам бүлийн тоогоо нэмэгдүүлэн хэлснийхээ төлөөсийг 20 жилийн дараа “хүртсэн” нь энэ. Харин манайхан хамаг муу, муухайгаа нууж, далдлах, эрээ цээргүй аашлан, дураараа дургихын тулд төр рүү зүтгээд байх шиг.

Хийсэн үйлдэл байтугай хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй улстөрчидтэй байгаа цагт манай улс хөгжихгүй. Төрд гарчихвал яаж ч аашилж болно гэж боддог, тэрхүү хүсэл нь биелж байгаа цагт тэднээс илүү зүйл хүлээх хэрэггүй. Хий дэмий хариуцлага нэхэх шаардлагагүй. Удахгүй улиг болно. “Төрийн минь сүлд өршөө” гэж түмэн олноороо сүсэглэж байгаа цагт бидний дээр ядаж л “За гэвэл ёогүй” хүмүүс ажиллах ёстой. Хууль нь ямар байлаа ч хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байя, улстөрчид өө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай