Цэцэрлэг сэрдлийн бай болов

Цэцэрлэг сэрдлийн бай болов

Монголчууд хэзээнээсээ хардамтгай, сэрдэмтгий улс. “Энэ намайг яачих бол, ингээд хэлчихвэл буруудах болов уу” гэсэн хардалт, болгоомжлол аар саархан үйлдлээс нь “үнэртдэг”. Ямар сайндаа л социологич Ю.А.Левада бидний нийтлэг араншинг “Хардамтгай, булхай луйварт гарамгай” гэж тодорхойлсон байдаг. Байгалиас угшилтай, эсвэл олдмол аль нь болохыг мэдэхгүй ч монголчуудын шошго болтлоо гаарсан энэ араншин цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг, эхчүүдээс сүүлийн үед бүр ч тод цухалзах боллоо.

“Охиноо яаж ийгээд цэцэрлэгт явуулчих юм сан” хэмээн өнгөрсөн жил нэлээд “юм” болж байж санаснаа гүйцэлдүүлсэн хамаатны ах маань гурван настай бяцхан үрээ гэрийн хорионд оруулжээ. “Би цүнхээ үүрээд чэчэрлэгтээ явъя даа, аав аа, ээж ээ намайг аваад яваач” гэж өглөө бүр уйлагнах Цэнгүүний цэцэрлэгийн багшийг өвөө, эмээ нь орлох болов. Яагаад охиноо цэцэрлэгт нь явуулахаа больсныг ээжээс нь асуухад “Цэцэрлэгтэй холбоотой янз бүрийн муу муухай зүйл дуулдаад, аав нь хаширлаад явуулахгүй гэж шийдсэн. Ангидаа тоглож байгаад гэмтээд, тархиа хөдөлгөсөн. Багш нь “Хүүхэдтэй тоглож байгаад сандлаас унасан” гэж тайлбарласан ч манай хүн итгээгүй” гэв. Өглөө нь дэгдээхэйтэй шар цүнхээ үүрээд дуртай нь аргагүй албандаа явж, орой нь “Тэр тэгсэн, ингэсэн” гэж ангийнхныхаа тухай “өнгөт”-өөр ярьдаг байсан охин гэрт “хоригдсон” шалтгаан нь энэ.

Үүнтэй ижил бас нэг явдал найзын минь эгчид тохиолджээ. Канадад сүүлийн хэдэн жил амьдарч байгаад ирсэн эгчийнх нь сэтгэлийг хамгийн их гонсойлгосон зүйл нь Монголын цэцэрлэг гэнэ. Сургалтын арга барил, орчин гээд бүх зүйл нь таалагдаагүй бололтой. Цэцэрлэгийн багш нарын тухай ёозгүй яриа ч түүнийг айлгасан бололтой. Тэрбээр дөрвөн настай охиноо Улаанбаатарын цэцэрлэгт “тушаах”-аас болгоомжилж, “Индиго” хүүхэд хөгжлийн төвийн сургалтад явуулах болжээ. Харийн оронд амьдарч байхдаа ч охиноо бусдад санаа амар даатгаж орхидог байсан бүсгүй цэцэрлэгээс ийн харшилжээ.

Дээрх жишээнүүд танд хөндий хол мэт санагдаж байж мэдэх. Гэвч том зураглалаар нь харвал өнөөгийн нийгмийн бодит төрх юм. Бага насны хүүхдийн бие бялдар, хэл яриа, сэтгэхүйн хөгжлийн үндэс суурийг тавьдаг сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо, тэр дундаа цэцэрлэгийн тухай сайнаасаа илүү саар мэдээ нийгэмд элбэгшжээ. Зарим эцэг, эх хүүхдээ цэцэрлэгт явуулахаас эмээж, татгалзаж байхад, нэг хэсэг нь “Яах бол” гэсэн айдастайгаар хөтлөн хүргэдэг болж. Үүний цаана өнөөх л хардах, болгоомжлох сэтгэл нуугдаж буй. Цэцэрлэгийн багш нарын ёс зүйгүй, хуншгүй үйлдэлтэй холбоотой бараан мэдээ сүүлийн үед байнга чих дэлсэх болсон нь эцэг, эхчүүдийг ийм болгон хувиргаж, монголчуудын хардамтгай занд тос нэмлээ.

Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” цэцэрлэгийн тогооч ой хүрээгүй хүүхдийг “Хоолоо идсэнгүй” хэмээн хэрцгийгээр зодсон бичлэг хоёр жилийн өмнө олон нийтийн сүлжээнд тархаж, нийгэмд цочроо өгсөн. Гэтэл үүнээс хойш ийм хэрэг тасарсангүй. Зөвхөн энэ он гарснаас хойш цэцэрлэгийн багшийн ёс зүйгүй байдалтай холбоотой долоон хэрэг гарчээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн хавар “Амила” цэцэрлэгийн багш бага насны хүүхдийг алгадаж, чирч гулдчиж буй бичлэг ил болсон. Холбогдох байгууллагууд хэрцгий багшид хариуцлага тооцон, ажлаас нь чөлөөлсөн. Энэ явдлын мөр балраагүй байтал дахин нэг багш бага насны хүүхдэд хэрцгий хандсан тухай мэдээлэл түглээ.

Хатуу багшийн гарт дэглэгдсэн хүүгийн ээж Anu Tsendsuren гэх фэйсбүүк хаягтай эмэгтэй “Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Нарны үрс” хувийн цэцэрлэгийн бага бүлэгт явдаг хоёрхон настай хүү минь 2018 оны есдүгээр сарын 13-нд зэрлэг багшийн хүчирхийлэлд өртлөө. Тус өдрийн оройноос маргааш өглөө хүртэл гэдэс нь гүйлгэж, царай нь цонхийгоод цэцэрлэгтээ явах боломжгүй болсон. Шалтгааныг нь олохоор цэцэрлэгийн камерын бичлэгийг ухрааж үзэхэд, туслах багш хүүд минь үнэхээр харгис ханджээ. Багшаас нь яагаад ингэснийг асуухад “Уйлаад байхаар нь тэгсэн” гэж хариулсан” хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ. Хүүхдээ хүчирхийлэлд өртсөн гэж үзэж байгаа эмэгтэйн цахим сүлжээнд тавьсан бичлэгийг үзэхэд багш нь хүүг өрөөсөн хөл, гараас нь өргөн, нэгэн өрөө рүү оруулж буй нь харагдлаа. Хүүг угаалгын өрөөний хүйтэн шалан дээр нүцгэн удаан байлгаснаас өвдсөн гэж ээж нь үзэж байгаа гэнэ. Харин “Нарны үрс”-ийнхэн “Багш нь хүүг эв хавгүй өргөж явснаас ийм ташаа ойлголт бий боллоо” гэж тайлбарласан аж.

Үнэн зөв нь эцэслэн шийдэгдээгүй байгаа энэ хэргийг шүүх гэсэнгүй. Гол нь эл бичлэгийн талаарх иргэдийн сэтгэгдлээс эцэг, эхчүүдийн хандлага тод харагдаж байна. Тэднийхээр цэцэрлэг шиг аюултай объект, цэцэрлэгийн багш шиг найдваргүй, аюултай хүн байхгүй гэнэ. Цөөн хүн “Хүүхдэдээ хир халдаадаггүй эцэг, эхчүүд ийн сүржигнэлээ” гэж тэрсэлсэн байхад олонх нь “Камергүй цэцэрлэгт хүүхдээ битгий оруулаарай. Багш нарт итгэхэд хэцүү болсон” гэсэн аминч захиас үлдээжээ.

Цэцэрлэг бол багачуудын хувьд өсөж хөгжих даль жигүүр ургуулдаг газар. Тиймээс хүүхэд насны минь сайхан дурсамжууд цэцэрлэгтэй салшгүй холбоотой байдаг. 12 жилийн зурагтай сандал, хувцасны шүүгээ, баримлын шаврын үнэр, гараар хийсэн шинэ жилийн гоёл одоо ч сэтгэлд ойр. “Маргааш хурдан болоосой” гэж нэрийг нь ч хэлж чадахгүй найзууддаа тэмүүлдэг байв. Гэтэл одоо цэцэрлэгийг хүүхэд хорих байр шиг үздэг хүн олширчээ. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын стандарт, арга барилын дагуу үйл ажиллагаа явуулдаг, жишиг цэцэрлэг өчнөөн бий. Үүнийг үгүйсгэхгүй. Харин нар, сар, мөрөөдөл, гэсэн элдэв гоё үгээр хаягласан зарим хувийн цэцэрлэгээс болж сургуулийн өмнөх боловсрол олгох онцгой үүрэгтэй байгууллагын нэр хүнд доошоо “шидэгдэв”. Хүүхэд нь нойроо харамлан өглөө жаахан уйлагнах төдийд “Манай хүүхэд цэцэрлэгтээ явах дургүй болчихлоо. Яасан юм бол” гэх хардалт, бие нь бага зэрэг зовуурилахад л “Хэн миний хүүхдийг өвтгөчихөв” хэмээх сэрдлэгийн гол бай нь цэцэрлэгийн багш нар болжээ.

Бэлтгэсэн: Ж.Сувд

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай