СЭМҮТ-д эмчлүүлж байсан 15 настай хүү эмнэлэгтээ хар тамхи хэрэглэв

СЭМҮТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд мансуурсан байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн шалгаж эхэлсэн хэмээн баттай эх сурвалжууд мэдээллээ. Цагдаагийнхан СЭМҮТ рүү очиж шалгахад Дархан-Уул аймгаас ирж эмчлүүлж буй 15 настай Т мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд халааснаас нь гялгар ууттай өвс хураасан байна. Эмнэлгийн эх сурвалжууд “12.00 цагийн үед тэр хүүхэд нэг л сэжигтэй байхаар нь цагдаагийнханд дуудлага өгсөн. Халааснаас нь нунтаглаж хатаасан бор ногоон өнгийн өвс шиг юм гарч ирсэн. Бас шээсэнд нь тестийн шинжилгээ хийхэд эерэг гарсан нь мансууруулах бодис хэрэглэснийг баталж байгаа юм гэнэ лээ” хэмээн мэдээлсэн юм. Цагдаагийн хэлтсүүдийн Жижүүрийн шуурхай албаныханд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон холбогдох бусад байгууллагаас мансууруулах бодис хэрэглэсэн, эсэхийг шинжлэх “Multi drug screen test cup” хэмээх тест олгосныг ашиглан шинжилгээ хийсэн бололтой.

Хар тамхины хэрэгт шалгагдаж буй хүүхдийн тоо
(2015-2018 оны эхний найман сарын байдлаар)

Мансууруулах бодис хэрэглэдэг, донтсон хүүхдүүд манай улсад сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа. Мансууруулах бодис хэрэглэсэн гэх хэрэгт холбогдон ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шалгуулж буй насанд хүрээгүй хүүхдүүдийн тоо энэ он гарсаар найм болсон гэнэ. Өмнөх жилүүдэд хамгийн багадаа зургаан хүүхэд энэ төрлийн хэрэгт холбогдож байжээ. Хүүхдүүд цахим орчинд дураараа орж гарч, энэ төрлийн бодисыг боловсруулах, хэрэглэх аргыг сурч буй нь түгшүүр төрүүлэх болов. Хэдэн жилийн өмнө буюу 2012 онд 14 настай хүү 14-18 насныханд мансууруулах бодис зарж, яаж хэрэглэхийг заагаад ял шийтгүүлж байсан түүхтэй.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай