Шинзо Абэг эрх баригч намын ДАРГААР СОНГОВ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэг тус улсын эрх баригч Либерал ардчилсан намын даргаар гурав дахь удаагаа сонгов. Телевизээр шууд үзүүлсэн санал хураалтад парламентын 405, бус нутгийн хууль тогтоох байгууллагын 405 гишүүн оролцлоо. Ингэхэд Ш.Абэ 553, түүний өрсөлдөгч, Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишибү 254 санал авсан байна.

Тийнхүү нам нь эрх баригч хэвээр үлдвэл Абэ Засгийн газраа 2021 он хүртэл тэргүүлэх юм. Японы хэвлэлүүдэд мэдээлснээр тэрбээр ирэх сарын эхээр Засгийн газартаа болон намынхаа удирдлагад халаа, сэлгээ хийх бодолтой байна. Ялбал шинэ Японыг бий болгохын тулд шинэчлэл хийнэ гэж сонгуулийн өмнө тэрбээр мэдэгдсэн юм.

Либерал ардчилсан намын дүрэмд зааснаар намын дарга гурван жилийн хугацаагаар гурван удаа уг албан тушаалыг хашиж болно. Гэхдээ завсарласны дараа дахин намын даргын төлөө өрсөлдөж болох гэнэ. Хэрэв Абэ Засгийн газраа үргэлжлүүлэн тэргүүлбэл ирэх жилийн арваннэгдүгээр сард уг албан тушаалыг хамгийн удаан хашсан дээд амжилт тогтооно. Одоо уг амжилтыг ХХ зууны эхээр гурав дараалан сонгогдож, 2886 хоног Ерөнхий сайдаар ажилласан Таро Кацура эзэмшдэг юм.

Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр одоогийн Ерөнхий сайд эдийн засаг, гадаад бодлогод гол анхаарлаа хандуулжээ. Хүн амын тоо буурч, нийгэм нь хөгширч буй үед нийгмийн дэмжлэгт тулгуурласан “абэномикс” гэгдэх шинэчлэлийн чиг бодлого баримтлах, мөн хөдөө аж ахуйг хөгжүүлж, энэ салбарт залуу мэргэжилтнүүдийг татахыг Абэ хичээж байв. Ерөнхий сайд энэ сарын 14-нд болсон гол мэтгэлцээний үеэр гадаад бодлогын талаар хоёр зорилт тавин ажиллахаа мэдэгджээ. Тодруулбал, ОХУ-тай газар нутгийн маргаан болон найрамдлын гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийж, Умард Солонгосын тагнуулчдын хулгайлсан Японы иргэдийн асуудлыг шийдэх гэнэ. Эхний зорилтын хувьд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин найрамдлын гэрээ байгуулах шийдвэр төгс буйгаа харуулсан учир ирэх арваннэг болон арванхоёрдугаар сард дээд хэмжээнд олон улсын чуулга уулзалтын үеэр хоёр талын дээд хэмжээний хэлэлцээ хийх нь чухлыг Абэ тэмдэглэжээ.

Шинзо Абэ Ерөнхий сайдаар анх 2006 оны есдүгээр сарын 26-наас 2007 оны есдүгээр сарын 26-ны хооронд ажилласан байна. Бүх нийтийн сонгуульд Либерал ардчилсан нам итгэл төгс ялсны дараа 2012 оны арванхоёрдугаар сард тэрбээр хоёр дахь удаагаа Засгийн газраа тэргүүлжээ. Түүний талынхан эдийн засгийн шинэчлэл хийхэд, мөн 2020 оны Токиогийн олимпт илүү анхаарахыг нэг бус удаа шаардсан байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай