Сэтгүүлчдийн үнэлэмж-БАЛДОРЖ шагнал

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагнал гардуулах 10 дахь удаагийн ёслол нь энэ үдшийн хүндэт зочин болсон сэтгүүлчид, зочид, шүүгчдийн аль алинд баяр бахдал төрүүлж, сэтгүүлчдэд мэргэжлийн таашаал мэдрүүлсэн онцгой баяр болж өндөрлөлөө.

Шагнал гардуулах ёслолыг нээж төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдоржийн дотнын анд, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди үг хэлсэн юм.

Сэтгүүлчид БАЛДОРЖ шагналд өрсөлдөхийн төлөө бүтэн жилийн турш бэлтгэж, шударга шүүлтийн дор мэргэжлийн ур чадвараа шалгуулдаг. Энэ нь ч тус шагналын үнэ цэнэ болоод өндөр босго билээ. Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд БАЛДОРЖ шагнал олгох шүүгчдийн зөвлөлд хэн хэн ажилладаг вэ. “Балдорж сан”-гийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Шүр, Монголын урлагийн зөвлөлийн үүсгэн байгуулагчдын нэг, Монголын боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, СУИС-ийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимийн эрхлэгч, Тайз дэлгэцийн урлаг судлалын профессорын багийн профессор, МЗЭ-ийн Судлал шүүмжийн үндэсний төвийн гишүүн, хэл, бичгийн ухааны доктор П.Батхуяг, МУИС-ийн профессор, хэл шинжлэлийн ухааны доктор Ж.Баянсан, “Монгол ньюс” ХХК-ийн ерөнхий менежер, “Балдорж сан”-гийн нарийн бичгийн дарга Б.Баярмагнай, “Намуун зэт” продакшны захирал, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Пүрэвдаш, Азийн урлагийн их, дээд сургуулиудын холбооны дэд ерөнхийлөгч, Европын урлагийн их сургуулиудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Балдорж сан”-гийн шүүгчээр тасралтгүй 10 жил ажиллаж буй СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос нарын есөн шүүгч БАЛДОРЖ шагналд өрсөлдөхөөр илгээсэн сэтгүүлчдийн бүтээлүүдийг шүүн тунгаалаа.

Сэтгүүлчдээс арав дахь удаагийн шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдийг ямар шалгуураар шүүсэн, онцлог нь юу байсан талаар хоёр шүүгчтэй товч ярилцсан юм.

СЭТГҮҮЛЧДИЙН УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛЖ, ДЭЛХИЙН ТҮВШИНД ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ

Ж.БАЯНСАН (МУИС-ийн профессор, хэл шинжлэлийн ухааны доктор):

-Эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгмийн амьдралд тулгамдаж буй асуудлыг цувралаар нийтэлсэн болон тухайн сэдвээр хөндсөн асуудлаа хэр зэрэг судалгаатай бичсэн бэ гэдгийг голчлон анхаарлаа. Тухайн мэдээллээ баримтаар хэрхэн нотолсон, шийдвэрлэх арга замыг яаж дэвшүүлснийг үндэслэл болгосон. Мөн сэтгүүлчийн оролцоо, мэдээллийнхээ араас хэр их явсан, судалгаагаа яаж хийсэн, хэл найруулга, утга санаа ямар байсныг чухалчилсан юм. Багаар ажиллаж, хамтарсан бүтээл ирүүлсэн сэтгүүлчид цөөн

гүй. 10 дахь удаагийн шалгаруулалт хүртэл олон удаа тунаж үлдсэн сэтгүүлчид бий. Тэд бичиж буй сэдэв, асуудалдаа тууштай байгаа, эсэх, тухайн жилд бичсэн бүтээлийн чанар чансаа, өсөж өөдөлж буй байдлыг харьцуулан дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, материалаа боловсруулж буй ур чадвар нэмэгдсэн, бүтээлийн мөрөөр тухайн асуудлыг шийдсэн байдлыг гол шалгуур болгов. Энэ хугацаанд 100 гаруй шилдэг бүтээл шалгаруулжээ. Бүтээлийн мөрөөр ажил зохиодог, гарсан үр дүнг нь дараагийн шалгаруулалтын үеэр таницуулдаг, сурталчилдаг баймаар байна.

Мэргэжлийн сэтгүүлчид эрдэм шинжилгээний хурал хийж, бүтээлээ хэлэлцүүлдэг, түүнийг нь сургалт, судалгаанд эш татдаг байгаасай. Өндөр хөгжилтэй оронд өрнөж буй нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааг Монголд хэрэгжүүлэх талаар төр, засаг, хэвлэл мэдээллийн байгууллага хамтран ажиллах цаг болсон. Өөрийн оронд тулгамдсан асуудлыг бичих нь чухал ч сэтгүүлчдийн хүчийг ашиглан, мэргэжлийг нь дээшлүүлэх нь илүү үр нөлөөтэй. Гадаад улсад аялуулж нүд тайлуулах нь зөв ч сэтгүүлчдийн ур чадварыг сайжруулж, дэлхийн түвшинд хүргэх хэрэгтэй байна. Манайхан олон улсын шилдэг сэтгүүлчидтэй хамтран бүтээл туурвиж болно шүү дээ. Зөвхөн тогоон дотроо чанагдаад, шөл нь борлоод гашуурч болохгүй. Монголын сэтгүүлчид дэлхийн том сэтгүүлчидтэй эн зэрэгцэх цаг болсон гэж бодож байна.

МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ, ҮНЭТ ЗҮЙЛД ИЛҮҮ АНХААРААСАЙ

С.ЧУЛУУН (Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор):

-2014 оноос хойш сэтгүүлчдийн бүтээлтэй танилцаж, шүүн тунгаалаа. Монголын сэтгүүл зүйн өнөөгийн хандлага, бичих ур чадвар, судалгаа, эрэл хайгуул хэр хийснийг түлхүү хардаг. Би эрдэм шинжилгээний чиглэлийн хүн учраас бүтээл нь шинжлэх ухаан болон илүү бодит зүйлд суурилсан, эсэхийг анхаардаг. Нэг сайн тал нь сэтгүүлчид сэтгэлийн хөөрлөөр, уянгын халилтай гэхээс илүү судалгаа, бодит мэдээлэлд тулгуурласан нийтлэл олон бичжээ. Үүнийг дүгнэхэд урамтай байлаа. Мөн сэтгүүлчид хамтарч, бие биеэ нөхөж ажиллах чадвар нь нэмэгджээ. Дутмаг зүйл ч бий. Нийгмийн болж, бүтэхгүй зүйлийг бичихээс гадна энэ байдлаас гарах арга замыг эрэлхийлдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, монгол хүний үнэт зүйлийг сэргээх, үнэ цэнийг ойлгуулах, соён гэгээрүүлэхэд илүү анхаарах шаардлагатай. Өнөөдөр уул уурхай, ажилгүйдэл, ядуурлаас илүү монгол хүн үнэ цэнээ алдчихсан, үнэт зүйлгүй болжээ. Дараа жилийн БАЛДОРЖ шагналд өрсөлдөх сэтгүүлчид үүнд илүү анхаарч, үзгээ хурцлаасай гэв.

Уг ёслолд уламжлал болсон сонирхолтой шигтгээ нь өнгөрсөн жилийн БАЛДОРЖ шагналтны үгийг сонсох байдаг. Түрүү жилийн гран при шагналт, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт мэргэжил нэгт сэтгүүлчид, зочдод хандаж хэлсэн үгэндээ “БАЛДОРЖ шагнал бол зөвхөн урам зориг, нэр хүнд биш, илүү мэргэших, сайн сэтгүүлч болохын төлөөх өөрөө өөртэйгөө ажиллах ташуур юм байна. Нийгэмд гүйцэтгэх сэтгүүлчийн үүргийг ч тодорхойлж өгдөг шалгуур болсон” хэмээн дурдсан.

УЛААНБААТАР ХОТЫН БАНК ДАРААГИЙН АРВАН ЖИЛД Ч ИВЭЭН ТЭТГЭНЭ

“Балдорж сан”-тай хамтарч ажилладаг Улаанбаатар хотын банкны дэд захирал Г.Ганцэцэг байгууллагаа төлөөлөн шилдэг сэтгүүлчдийг урамшуулж, дэмжих замаар хамтарч ажиллахад таатай байдаг талаар ийнхүү ярьсан юм. Тэрбээр “Монголын сэтгүүл зүйн салбарын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагааг дэмжиж, ивээн тэтгэж ирсэн нь манай байгууллагын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй улсынхаа хөгжилд оруулж байгаа зөв зүйтэй алхам гэж үздэг. Улаанбаатар хотын банк сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгох БАЛДОРЖ шагналыг дараагийн 10 жилд ч ивээн тэтгэнэ” гэлээ.

Н.БАГАБАНДИ: Балдорж бол ирээдүйг угтан харж, дөтлөн ойртуулсан авьяас билигтэн

Амар сайн байцгаана уу. БАЛДОРЖ шагнал гардуулах оюунлаг, гэгээлэг, авьяас билгийг урамшуулан тэтгэх ёслолдоо Та бид дахин цуглацгаалаа. Морилон саатсан бүх хүнд гүнээ талархаж байна. “Мөнхийн үйл хэрэг бүтээдэг хүмүүс ямагт цагаасаа урьд бурхны орныг зорьдог” гэх ухаантны үг үнэн ажээ. Миний дотнын анд Цэрэндоржийн Балдорж цагаасаа урьд биднээс одсон ч, үйл хэрэг нь мөнхрөн үргэлжлэх тавилантай, амьдрал нь богино ч, алдар гавьяа, үйлс бүтээл нь уртаас урт он жилүүдийг дамнан үргэлжлэх заяатай байсны гэрч нь та бид билээ. Шагнал гардуулах энэ өдөр үг хэлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуулийн эрхээ иргэд бодитой эдлэн хэрэгжүүлэх үйл хэрэгт Ц.Балдорж үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатан байсныг бахархан дурсаж байх учиртай. Ц.Балдорж Монгол оронд ардчилсан, хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийн үрийг суулгаж, эх орноо хэвлэлийн эрх чөлөөний хаант улс болгох их үйл хэргийг зөн билгээрээ үүсгэн эхлүүлж, атрын шанг татаж, ган тулган дахь галыг асаан бадраасан шинэчлэгч, ирээдүйг угтан харж, дөтлөн ойртуулсан авьяас билигтэн мөнийг нь жил бүрийн энэ өдөр дээдлэн дурсаж, мэхийн хүндэтгэж, талархах үүрэгтэй гэж өмнө өгүүлж байснаа дахин давтан хэлж байна.

Сэтгүүл зүйн хатан тулганд үнэний гал мөнхөд дүрэлзэн асаж байх учиртай гэж Ц.Балдорж үздэг, хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцдэг байсан юм. Бялдуучлал үнэний заналт дайсан. Бусдын нүд рүү эгц харж байгаад үнэнийг өчих эр зориг, эрүүл ухаан, сэтгэлийн тэнхээ бялдуучид ямагт дутна. Үнэн өөрөө хуурамч зан болон бялангач занг тэвчишгүй тусгалын толь байдаг. Бялангачийн үг болоод үйлдэл нь хэзээ ч чин сэтгэлийн гүнээс гардаггүй. Бялдуучлал нь аль нэгэн эрх мэдэл, бэл бэнчин, нэр төртэй этгээдэд хөнгөн хийсвэр татагдаж, түүнд итгэгдэн, хүрээлэлд нь нэвтрэхийн тулд ичиж зовохоо үл мэдэн долигонон магтаж, түүний дэргэд ичгүүртэй жижгэрч чадах өчүүхэн хүмүүсийн хиймэл хувь тавилан юм. Том тэнэг өөртөө бялдуучлах жижиг тэнэгийг заавал олдог. Үнэний эрэлч-сэтгүүлчид том тэнэгийн нүдний харц, хурууны дохиогоор хөдөлдөг жижиг тэнэг байж хэрхэвч болохгүй.

Ой гутам нялуун магтаал хэлж байгаа хүндээ ч, магтуулж байгаа хүндээ ч ямар ч нэр төр авчирдаггүй. Бялдуучлал гэж юу вэ. Энэ бол таны харц болгоны хариуд боолын долигонолоор инээж байдаг, таны хэлсэн үг бүрт уулга алддаг, таны бүх үйл хөдлөлд алга ташиж байдаг тийм уян хатан хүлцэнгүй ааш зан юм. Сэтгүүлчдийн ёс төртэй, ёс суртахуунлаг гэр бүлд бялдууч орогнох орон зай байх учиргүй гэж Ц.Балдорж үгээр хэлж, үйлдлээр хязгаарладаг байлаа. Сэтгүүлчийн ган үзэг зөвхөн үнэний тухай бичиж, сэтгүүлч үнэний дуу хоолойгоор дуугарч байвал уншигч, үзэгч, сонсогчид бидний хойноос эргэлзэж тээнэгэлзэлгүй явах болно гэдэгт тэрбээр бат итгэлтэй байсан юм. Ц.Балдоржийн үнэнийг эрхэмлэх үзэл бодол, итгэл үнэмшил үзэг нэгт нөхдийнх нь үнэт зүйл болон үеийн үед хэрэгжиж байгаасай гэж хүсэж байна.

Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарч, хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрх, үүрэгтэй байхыг ардчилсан нийгэм иргэн бүрээс адил шаарддаг. Хүн төрөлхтний түүхийг ажваас сайн төрийн толгойд хууль, муу төрийн толгойд дарга даамлууд заларч иржээ. Монгол төрийн толгойд хууль заларч, хаад, харцас ялгаагүй хар толгойтой бүхэн нэгэн адил байх зарчмыг Ц.Балдорж чанд баримтлахыг дэмжихийн зэрэгцээ хуулийн засаглал тогтоход сэтгүүлчдийн эх оронч үзэл, мэргэжлийн ёс зүйн үүрэг хууль сахиулагчдаас дутуугүй үйлчлэх ёстойг тэрбээр гүн ухамсарласан байсан юм. Бусдын захиалгаар буюу баримт нотолгоогүйгээр хүний нэр төрийг сэвтээх бусармаг үйлдэлд орооцолдох нь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйд гал, ус мэт харш. Хууль зөрчсөн болон ёс зүйн үүргээ умартсан хэн боловч, түүний дотор сэтгүүлчид гэм хийсэн бол зэм хүртэх нь зүйн хэрэг. Сэтгүүлч нийгмийн өмнө хүлээсэн давуу үүрэгтэй болохоос давуу эрх хэн ч өгөөгүй, өгөх ч учиргүй гэдгийг ямагт санаж ажиллах учиртай. Хууль зөрчигчид, хуулийг завхруулагчтай хийх амаргүй тэмцэлд дөрөв дэх засаглалын хүчирхэг дуу хоолой, дэмжлэг туслалцаа ус, агаар мэт хэрэгтэй хэвээр байна.

Ц.Балдорж олон төрөл зүйлээр жигд сайн бичдэг, сайхан бичдэг, ширгэшгүй ундаргат, олон цутгалант мөрөн гол мэт авьяастан байлаа. Эх дэлхий, Монгол эх орноо хайрлаж хамгаалах сэдэв нь түүний хамгийн хайртай, сэтгэл зүрхээ шингээн бичдэг төрөл зүйл нь байв. “Байгаль даажигнахыг хүлээн зөвшөөрдөггүй, тэрбээр ямагт шударга, ямагт хүчтэй, ямагт хатуу чанга, хэзээд үнэн зөв байдаг, аливаа алдаа төөрөгдөл гагцхүү хүмүүсээс л гардаг” гэдгийг Ц.Балдорж зөн мэдрэмжээрээ маш сайн ухамсарладаг байсан сэтгүүлч. Гучин жилийн тэртээ Ц.Балдоржийн бичсэн “Далай ээж цаазын тавцанд” нийтлэл нь Монгол орны хоймор нутгийг эзлэн, дур булаан цэлэлзэх үзэсгэлэнт Хөвсгөл нуурыг хамгаалах үйлсэд тэр үеийнхээ нам, төр, олон нийтийг нэгтгэж, цаазын тавцангаас зайлуулж чадсан юм. Тэгвэл одоо Далай ээж дахин цаазын тавцанд ойртож очсоныг тэнд очоод, нүдээрээ хараад ирсэн хүмүүс гуниглан халаглан, дахин давтан ярихыг харамсан сонслоо. Хэрэв энэ маягаараа цааш хэдэн жил үргэлжилбэл нуурын эрэг орчмын нутаг хамгийн том хогийн цэг, Далай ээж өөрөө эдүгээгийн нийслэл хотын цэвэрлэх байгууламж мэт болох нь гэж нэн гутранги бодлоор харамсан ярьцгааж байна. Эх оронч, авьяас төгөлдөр сэтгүүлчид “Далай ээж цаазын тавцанд II” нийтлэл бичиж, аюулын харанга дэлдэн, эх орныхоо цэнхэр сувд эрдэнэ-Хөвсгөл нуураа бузар буртаг бүхнээс авран хамгаалаасай гэж эрхэмлэн хүсэж байна.

Ц.Балдорж ажилсаг, бүтээлч нэгэн байсан бөгөөд хөдөлмөр нь уран бүтээл болон хувирдаг авьяаслаг, мэдэрдэг сэтгүүлч, тайз, дэлгэцийн шинэлэг, сэтгэлгээний бүтээл туурвигч-утга зохиол, урлагийн нэр төртэй төлөөлөгч, өөрийн цаг үеийнхээ шилдэг менежерийн нэг байлаа. Тэрбээр авьяас билиг, амжилт ололтоороо сайрхан бардамнаж явсангүй, ажилдаа дур сонирхолтой тэмүүлж, дуртай ажлаа бүхнээс сайн хийхийг л эрмэлздэг байсан юм.

Ц.Балдорж цаг үеэсээ түрүүлэгчдийн нэг, бусдыг араасаа дагуулагч, зам мөр гаргагчдын тоонд бүтээсэн бүтээлээрээ зүй ёсоор орно. Зам мөр гаргагч, бүтээлч хүмүүсийн нэр алдар он жилүүд улиран одох тусам улам бүр тодорч, үйлс бүтээлийг нь араас нь дагагчид тасралтгүй үргэлжлүүлж баяжуулсаар байдаг нь бахархалтай. БАЛДОРЖ шагналын эздийн бүтээлийг жил жилдээ эмхэтгэн ном болгон хэвлүүлж, хойч үеийнхний уншиж судлах, ургаж хөгжих яндашгүй эх булаг болгож байгааг онцолж дурдам олзуурхууштай. Шагналд сойгдож ирсэн бүтээлүүдийг шүүн тунгааж, хэлэлцэн ярилцаж, чин шударгаар сонгон шалгаруулахад цаг заваа харамлалгүй, сэтгэл гарган, мэдлэг туршлагаа зориулж ирсэн шүүгчдийн багт үнэхээр баярлаж байна.

Сэтгүүл зүйн тэнгэртээ од болон гялалзаж явахыг БАЛДОРЖ шагналын эздэд хүсэн ерөөе. БАЛДОРЖ шагнал олгох уламжлалт, нэр хүндтэй ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархаж байгаагаа дахин илэрхийлээд ёслолын ажиллагаагаа нээцгээе.

Асуудлыг гүнзгий судалж бичих чадвар дутагдаж байна

 (БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол дээр шүүгчдийг төлөөлж хэлсэн үг)

Э.СОНИНТОГОС

-Сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, жилийн шилдэг сэтгүүлчдийг тодруулах БАЛДОРЖ шагнал гардуулдаг ёслолын үдэшт морилон саатсан эрхэм зочдын амгаланг айлтгая. Монголын сэтгүүлчид, улс төр, нийгэм, соёл, хүмүүнлэгийн салбарын зүтгэлтнүүдийн хуран цугладаг хүндэтгэлийн үдэштэй болсоор 10 жил боллоо. Монголын нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, мэргэжлийн бөгөөд чөлөөт сэтгүүл зүйг Монголд түүчээлсэн Цэрэндоржийн Балдоржийн мэндэлсэн өдөр ийнхүү Монголын сэтгүүлчдийн шилдгийг тодруулдаг ёслол хүндэтгэлийн өдөр болсоор 10 дахь жилтэйгээ золгож байна. Эрхлэгч эзгүй 10 жил болсон ч түүний түүчээлэн хөгжүүлсэн, эрхэм гэгээн үйлсийг мэргэжил нэгт анд нөхөд, гэр бүл, шавь нар, хамтран зүтгэгчид нь үргэлжлүүлэн авч явааг нотлон харуулдаг, сэтгүүлчдийн хүсэн хүлээдэг ийм нэг сайхан ажил.

Шалгаруулалтад ирсэн материалууд Монголын өнөө цагийн сэтгүүлчдийн хөгжил, төлөв байдлыг харуулаад зогсохгүй өнөөдрийн Монгол орны нүүр царай, тулгамдсан асуудлуудын өнгө төрхийг тодорхойлдог гэж хэлж болно.

Эхний таван жилд нийгмийн амьдралын эрээн бараан, улс төр, хүний эрх, уул уурхай, байгаль орчин, хуулийн гажуудал, нөлөө бүхий хүмүүсийн тухай ярилцлага, нийтлэл зонхилдог байсан бол сүүлийн таван жилд эгэл жирийн хүмүүсийн амьдрал, шинжлэх ухаан, танин мэдэхүй, хүүхэд, эмэгтэйчүүд, эдийн засгийн ээдрээтэй амьдралыг эрэн сурвалжилсан, редакцын зүгээс бодлогоор дэмжсэн, мэргэжлийн сэтгүүлчдийн багийн бүтээл давамгайлах болсон нь сайшаалтай. Шилдэг бүтээлийг тодруулахдаа сэтгүүлчдийн зарцуулсан хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, сэдэв, нийтлэлээс хүлээх үр дүнг чухалчилдаг. Балдорж эрхлэгчийн сэтгүүлчдийн бүтээлд ханддаг хэмжүүрийг ягштал мөрддөг гэж хэлж болно.

Б.Ганчимэг сэтгүүлчийн Дагвадоржтой хийсэн гал цогтой, олны сэтгэлд бахархал, хүндэтгэлийн гэгээ татуулсан ярилцлага, “Сумын эмнэлгээс Хараат 2 хүртэл” эрүүл мэндийн цуврал сурвалжилга орчин цагийн сэтгүүл зүйн шилдэг бүтээл мөн хэвээр байна. Яг ийм ур чадварын өндөр түвшинд сэтгүүлч ухаан зарж, ур чадвараа сорьж бичсэн нийтлэл өнөө ч эрэлттэй байна. Өнөөдрийн Монголын нийгэмд сэдэв хангалттай бий. Г.Отгонбаяр сэтгүүлч задлан шинжилж, тоймлон дүгнэж бичдэг шинж, сэтгэлгээний цараагаараа ялгарч, 10 жилд зургаан удаа шилдгүүдийн эгнээнд аргагүй л багтжээ. Балдорж эрхлэгч сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэлэхдээ, тэр дундаа залуу сэтгүүлчдийг дэмжихдээ онцгой нэгэн байлаа. Тийм ч учраас Ж.Тэгшжаргал сэтгүүлч 23-хан насандаа 2013 онд БАЛДОРЖ шагналыг гардсан нь нэгдүгээрт, түүний авьяасыг үнэлсэн, хоёрдугаарт, урам нэмж, ташуур өгөх гэсэн зорилготой байлаа. Бас чөлөөт уран бүтээлч, Монголын нэгэн үеийн шилдэг сэтгүүлч Эрдэнэбаатарын хүү Энхцолмон сэтгүүл зүйд бас нэгэн шинэ өнгө нэмж байна. Түүнээс материал ирүүлэхийг шүүгчид хүлээдэг болсон. Харамсалтай нь, хоёр залуу сэтгүүлч маань редакцын өдөр тутмын амьдрал, сэтгүүл зүйн гал тогооноос яг одоо хол хөндий байгаа нь бүтээлийнх нь чанар, мэргэжлийн ур чадварт сөргөөр нөлөөлөх вий дээ. Харин редакцын өдөр тутмын амьдрал дунд буцалж яваа сэтгүүлчдийн тоонд Б.Энхмарт, Э.Хүрэлбаатар нарыг нэрлэмээр байна. Энхмартын бичвэр улам бүр чамбайрч, хэл найруулга, ур чадварын хувьд сайжирсаар байгааг олзуурхан тэмдэглэе.

Сэтгүүлчид бусдаас сонссоноо, эсвэл өөрийнхөө бодсоныг уншигчид тулгах, мэдэмхийрэх, баримт нотолгоог олон эх сурвалжаас авахгүй залхуурах, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийг бусдыг доромжлох, нэр хүндийг сэвтээх зорилгоор ашиглах, бас хэн нэгний эрх ашигт санаатай болон санамсаргүй үйлчлэх, үнэнийг гуйвуулах зэргээр мэргэжлийн сэтгүүл зүйд байж боломгүй алдаа гаргахгүй байх үүрэг, хариуцлагыг нийгмийн өмнө хүлээдэг. Өнөөдөр сэтгүүл зүйн салбарт бага сагахан өрсөлдөөн байгаа хэдий ч, өөрийн гэсэн өнгө аястай, өргөн цар хүрээтэй, нийтлэлийн бодлогоороо өрсөлддөг хүчтэй тоглогчид цөөн байна. Цахим ертөнц Монголд асар богино хугацаанд хурдтай хөгжиж, мэдээ мэдээллийг хурдацтай түгээж, хүчтэй бичигчид тэр нийгмийн сүлжээнд байгаа ч өдөр тутмын сонин, телевизүүдийн үнэ цэнэ, үзэгч, уншигчдаас тэдний үгэнд үнэмшдэг хандлага хэвээр байна. Ринчен гуайн хэлсэнчлэн ард түмэн сэтгүүлчийн үгээр ертөнцийг тольддог хэвээрээ байна. Энэ жилийн шалгаруулалтад 88 сэтгүүлч, 170 шахам материалаа ирүүлсний дотор сайт, телевизийн сэтгүүлчдийн оролцоо нэмэгдсэнээрээ онцлог байлаа.

Өнөөдрийн Монголын сэтгүүлчдийн бичих ур чадвар сайн, сэдэв өргөн байна. Залуучууд жигд сайн бичиж байна. Харин эх баримтын хойноос залхууралгүй явах, асуудлыг гүнзгий судалж бичих, бичиж байгаа зүйлийн цаад утга санааг ойлгож, мэдэж бичих чадвар дутагдаж байна. Сэтгүүлчид өсөж том болж эрийн цээнд хүрмээр байна. Мэдлэг, боловсролоо дээшлүүлж, олон улсын эх сурвалжуудыг өөрсдөө шууд ашиглаж сурмаар байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өөрөөр хэлбэл, сонин, сэтгүүл, телевиз, сайтууд ашгийн төлөөх байгууллага мөн байж болох ч тэнд бичиж буй сэтгүүлчид бизнес эрхлэгчид биш юм. Нийгмийн өдөр тутмын амьдралд гарч байгаа эерэг болоод сөрөг үзэгдлийг эрэн сурвалжилж, нийгмийг сайн сайхан тийш хөтлөхийн төлөө, нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд онцгой үүрэг хүлээсэн, улс орныхоо ирээдүйд итгэх итгэлийн галыг түлж, сөрөг саадыг илчлэн арилгахад эрх мэдлийг төвлөрүүлсэн маш хүчтэй нийгмийн хэсэг бол сэтгүүлчид юм. Тийм ч учраас Балдорж эрхлэгч нэгэнтээ “Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэ цэнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” гэж хэлсэн нь та бидний мөрдөн дагах хатуу шугам, бидэнд үлдээсэн мөнхийн гэрээслэл билээ.

Монголчууд бид энэ бөмбөрцөг дэлхий дээр диваажин мэт газар шороонд мэндэлсэн хүмүүс. Энэ бурхны хишгийг хэрхэн зөв шингээж, хувь заяаныхаа эзэн болж байгааг өдөр тутам соргогоор сурвалжилж, өнө мөнхөд орших Монгол орны ирээдүйд итгэх итгэлийг хүмүүст халдаах үндсэн үүрэгтэй та бүхний онцгой бөгөөд хариуцлагатай хөдөлмөрийг чинь бодитой дэмжин, урам өгөхөд “Балдорж сан” жинтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.

БАЛДОРЖ шагнал бол сэтгүүлчдийн шилдгүүдийг тодруулж, урамшуулж, гадаадад амрааж, алжаал ядаргааг нь тайлахын зэрэгцээ сэтгүүл зүйн профессорууд, эрдэмтэн, шүүмжлэгчидтэй хамтран шилдэг бүтээлүүдийг судлан үнэлж дүгнэдэг болсоор гурван жил болсон. Монголын орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлагад шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ өгөхийг зорьж судлаач, шүүмжлэгчдийн онол, практикийн бага хурлыг хийж, сэтгүүл зүйн шүүмжийг хөгжүүлэх зорилгоор шүүмжийн уралдааныг их, дээд сургуультай хамтран өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэллээ. Тийм ч учраас БАЛДОРЖ шагналыг сэтгүүл зүйг дэмжсэн олон талт тогтолцоог бүрдүүлж байна гэж хэлье. Энэ ажлыг 10 жилийн турш тогтвортой авч яваа, тогтвортой төдийгүй улам олон талт болгон хөгжүүлэн буй, хөрөнгө хүчээ харамгүй зарж байгаа Балдорж эрхлэгчийн гэргий, Монголын нийгэм, соёл, сэтгүүл зүйн нэрт зүтгэлтэн Намсрайн охин, сэтгүүлч Шүр болон, үр хүүхдүүд, анд нөхдөд нь Шүүгчдийн зөвлөлийн өмнөөс гүн талархал дэвшүүлье. Монголын сэтгүүлчдийн үг нь үнэн байж, үр дүнд хүрч, эх орон минь хөгжин дэвших болтугай.

Ц.ЭЛБЭГДОРЖ: БАЛДОРЖ шагналын 100 дахь шалгаруулалт улам өргөн дэлгэр болог

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүрэгт ажлаа өгснөөс хойш анх удаа олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцсон нь БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол байлаа. Тэрбээр дэд байр эзэлсэн багт шагнал гардуулсныхаа дараа үг хэлсэн юм.

-БАЛДОРЖ шагналтан тодрох гэж буй энэ мөчийг тохиолдуулан халуун баяр хүргэе. Би цэргийн сэтгүүлч мэргэжилтэй. Монголын сэтгүүл зүйн шилдгүүдийг тодруулах үүрэгтэй “Балдорж сан”-гийн үйл ажиллагаанд бахдаж явдаг. Аливаа салбарт манлайлна гэдэг хэцүү. Тэр тусмаа сэтгүүл зүйн салбарт бүр ч хэцүү. БАЛДОРЖ шагнал бол манай сэтгүүл зүйн салбарт үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн, нөгөө талаас мэргэжлийн бөгөөд сэтгүүл зүйн манлайллыг авч яваа. Цэрэндоржийн Балдоржийн хайрт хань, үр хүүхэд, уг санг үүсгэн байгуулсан хүмүүс, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог шүүгчид гээд бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсье.

БАЛДОРЖ шагналын 100 дахь шалгаруулалт энэ үдшээс ч илүү өргөн дэлгэр болж, үйл ажиллагаа нь олон арван жил үргэлжлэх болтугай гэлээ.

Байгаль орчны сэдэв урьдын адил анхаарлын төвд хэвээр

БАЛДОРЖ шагналын шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн арав дахь удаагийн шалгаруулалтын шилдэг 25 бүтээлийг танилцуулав. Эдгээр 25 бүтээлээс шүүгчид 12-ыг шилж, чанар, чансаагаар нь гран при буюу БАЛДОРЖ шагналтныг тодруулж, дэд байрын сэтгүүлчийг тодорхойлж, “Шилдэг арав”-ыг шалгаруулсан билээ.

Ёслолын ажиллагаа хөтөлбөрийн дагуу явагдсаар 2018 оны БАЛДОРЖ шагналтныг зарлах торгон мөч ойртсоор байв.

Канад улсын ЭСЯ түрүү жилээс эхэлж “Балдорж сан”-тай хамтран ажиллах хүрээнд БАЛДОРЖ шагнал гардуулах үеэр охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал хөндөж бичсэн шилдэг сэтгүүлчид нэрэмжит шагнал олгодог болсон. Энэ удаа уг тусгай шагналын эзнээр чөлөөт сэтгүүлч Ж.Мандхай тодорсон юм. Түүнд шагналыг нь Канад улсаас манай улсад суугаа Элчин сайд Дэвид Спрул гардуулж өглөө.

Үүний дараа БАЛДОРЖ шагналын “Шилдэг арав”-т жагссан сэтгүүлчдийг нэрлэн, шагналыг нь олгохоор тайзнаа урив. “Bloomberg” телевизийн сэтгүүлч, “Монголд үйлдвэрлэв” цуврал нэвтрүүлгээрээ шалгаруулалтад өрсөлдсөн Н.Хонгорзул, МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч “Аниргүйн гүн дэх цаг хугацаа” цуврал ярилцлага, “Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос, сэтгүүл зүй карьер хөөдөг салбар биш” нийтлэлээ сойсон Б.Алтанхуяг, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч “Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчуудын нэг өдөр” сурвалжилгаараа шалгарсан Э.Хүрэлбаатар, “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч, “Харилцуурын цаадах нулимс”, “Гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол” нийтлэлээрээ тодорсон З.Цэлмэг, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч, “Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрх олгоё”, “Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалъя” цуврал нийтлэлээр оролцсон Б.Солонго, “Монголын медиа корпорац”-ын сэтгүүлч, “Өв соёлгүй Монгол” цуврал нийтлэл, нэвтрүүлгээрээ өрсөлдсөн С.Батзаяа, “MN 25 дугаар суваг” телевизийн найруулагч Д.Эрдэнэбаяр, нэвтрүүлгийн албаны сэтгүүлч, редактор Ж.Пүрэвдаваа, зураглаач Г.Мөнхбаяр, зураглаач Г.Нацагдорж нарын “Үндэсний контент: Монгол, Солонгост нэг удаа” телевизийн цуврал нэвтрүүлгийн баг, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч “Бид болон Монголын тал нутаг чамд хайртай” нийтлэл, “Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам” сурвалжилгын эзэн Б.Энхмарт, “ТВ-9” телевизийн сэтгүүлч “Хасах градус: Алт дагасан харуусал буюу гэрийн буурины эрх мэдэл” цуврал, “Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн” нэвтрүүлэг үзэгчдэд хүргэсэн Д.Ганзориг,  “Өнөөдөр” сонины сэтгүүлч “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжилга болон “Амьдрал сайн уу” цуврал нийтлэлээрээ “Шилдэг арав” жагсаалтыг тэргүүлсэн Х.Уянга нар тайзнаа төр, нийгмийн зүтгэлтнүүд, соён гэгээрүүлэгчдийн төлөөллөөс шагналаа гардаж авсан юм.

БАЛДОРЖ шагналын “Шилдэг арав”-т хэн хэн багтсан нь ямагт сонирхол татдаг бол шагналын дэд байрын эзэн хаанахын, ямар бүтээлээр өрсөлдөж шалгарсан сэтгүүлч байх бол гэдэг хүлээлт бас л сэтгэл догдлуулсан агшин байдаг. Энэ удаа дэд байрт МҮОНР-гийн сэтгүүлч Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн нарын гишүүнтэй эрэн сурвалжлах мэдээллийн “Баримт” нэвтрүүлгийн баг шалгарчээ. “Хүний эрх” сэдвээр эрэн сурвалжилсан цуврал нэвтрүүлгээрээ энэхүү нэр хүндэд хүрсэн залуусыг БАЛДОРЖ шагналын тайзнаа хүндэтгэн залав.

10 дахь удаагийн БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын амьсгаа даран нэрийг нь чагнах торгон агшин бол шалгаруулалтын гран при буюу БАЛДОРЖ шагнал хүртэж буй сэтгүүлчийн нэрийг зарлах. Энэ удаагийн БАЛДОРЖ шагналтнаар үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, Т.Энхбат нар шалгарсан юм. Өглөө бүр “шуурхай”-д хамт сууж, үдэш бүр цуг сониноо хэвлэлтэд шилжүүлдэг хамтран зүтгэгчдээ амжилтын, алдар хүндийн тавцан өөд алхаж явахыг харахад цээж баяраар дүүрч, алга таших завсраа өөрийн эрхгүй хашхирсан даа. Сэтгүүлч Т.Энхбат өмнө нь хоёр удаа энэ шатаар алхаж явсан түүхтэй. Тэрбээр 2014, 2017 онд БАЛДОРЖ шагналын “Шилдэг арав”-ын нэгээр тодорч байсан юм. Залуу сэтгүүлч Ж.Сувдмаа “шөрмөстэй” нэгэн. Тэрбээр 2017 оны шалгаруулалтаар “Шилдэг арав”-т багтаж, тайзнаа шагнал гардан авч байсан. Ийнхүү танхимд цугласан зочдын, БАЛДОРЖ шагналтан болохыг гэрчлэх Бал эрхлэгчийн гэгээн дүртэй цул алтан тэмдэг хэний энгэрт шаргалтан гялалзах бол гэсэн хүлээлт тайлагдав.

БАЛДОРЖ сангаас 10 дахь жилдээ зохион байгуулсан сэтгүүл зүйн шилдэг бүтээлд БАЛДОРЖ шагнал олгох ёслолын ажиллагааны анхаарал татсан бас нэгэн агшин бол БАЛДОРЖ шагналтны хэлэх үг байдаг. Энэ жил гран при шагналыг хоёр сэтгүүлч авсан тул дараалан үг хэлсэн юм. Сүүлд нь үг хэлсэн, оюутны ширээнээс өндийгөөд гурав дахь жилдээ ажиллаж буй Ж.Сувдмаа хэлэх үгийнхээ заримыг баярын нулимстайгаа холин залгиж үзсэн. Тэрбээр хамтарч ажилласан, хариуцлагатай уул уурхай Монголд байгаа, эсэхийг судалж мэдэхээр ханиндаа эх орноо хөндлөн гулд туулсан сэтгүүлч Т.Энхбат ахдаа баярласнаа бол харин тодорхой хэлж чадсан юм. Мөн итгэл хүлээлгэж, редакцдаа хүлээж авсан “Өнөөдөр” сониныхондоо ямагт баярлаж явдгаа хэлэв.

Балдоржийн НОМИНТҮШИГ: Сэтгүүлчдээ хүндэтгэж, товлосон өдрөө солилгүй шагналтнуудаа тодрууллаа

БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолыг өндөрлүүлж “Балдорж сан”-гийн тэргүүн Б.Номинтүшигийн хэлсэн үгийг хүргэе.

Сайн байцгаана уу.

Сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбар, энэ мэргэжлийн нийгэмд эзлэх байр суурийг ойлгон, хүндэтгэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж болон олон улсын байгууллага, бизнесийн салбарын төлөөлөл төр, нийгмийн зүтгэлтнүүддээ сан болон салбарынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж, энэ оройн амар амгаланг эрье. Мөн тусгай байр, шилдэг 10, дэд байрт шалгарсан сэтгүүлчид, шинэхэн БАЛДОРЖ шагналтнууддаа баяр хүргэе. Би хэдий сангийн тэргүүн ч редакцад харьяалагддаг гэдэг утгаараа шагналын шүүлтийн явцад оролцох эрхгүй байдгийг эрхэм зочдодоо дуулгах нь зүйтэй байх аа.

БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын өдрийг тухайн үеийн төрийн өндөрлөгийн ажлын төлөвлөгөөнөөс хамааран товлодог ч есдүгээр сарын энэ л үед зохион байгуулсаар ирсэн түүхтэй. Учир нь аавын маань төрсөн өдөр есдүгээр сард болдог юм. Энэ жилийн хувьд бид уламжлал ёсоор БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын өдрөө тохирсон ч төрийн гурван өндөрлөг маань ирсэнгүй. Тэд нарт тохируулан өдрөө дахин товлох боломж байсан. Гэвч сэтгүүлчдэд маань урилга нэгэнт хүргэгдсэн байсан тул өдрийг нь соливол уг ёслолын гол, хамгийн хүндтэй зочид болох сэтгүүлчдээ үл хүндэтгэсэн хэрэг болно гэж бид үзсэн. “Сэтгүүл зүйн их хурд” гэгдэх болсон БАЛДОРЖ шагналын ёслолын ажиллагаанд төр, нийгэм, бизнесийн эрхэм төлөөллүүд аавын минь дурсгалыг хүндэтгэхийн сацуу сэтгүүлч мэргэжил, нийт сэтгүүлчдийг хүндэлж, үнэлж байгаагаа харуулахаар ирдэг. Сэтгүүлчид өөрсдийн амаргүй ажил, мэргэжлээрээ бахархаж, нийгэмд эзлэх байр суурь, хэр чадлаа зөв үнэлэн том байх ёстой гэдэг аавын захиас, “Балдорж сан”-гийн барьж байгаа байр суурь.

БАЛДОРЖ шагналт Отгоо ах маань БАЛДОРЖ шагналын нэр хүндийг өндөрт өргөж, нийгэмд эзлэх байр суурь, нөлөөг нь өргөжүүлэх нь Монголын сэтгүүл зүйн үүрэг гэж хэлсэн байсан. 10 жилийн турш шагналынхаа нэр хүндийг өргөж яваа сэтгүүлч нартаа баярлалаа. Нийгэмд хамгийн их өөрчлөлтийг авчрах чадалтай сэтгүүлчдийн “арми”-даа энэ орой хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж, шинэхэн БАЛДОРЖ шагналтнуудаа өлгийдөн авсанд нь баяр хүргэе. Ирэх жилийн БАЛДОРЖ шагнал хүртэл уран бүтээлээр арвин байхын ерөөл тавья.

Монголын сэтгүүлчид бүргэд шиг өндөрт нисэж, шинэ махаар хооллох болтугай

Т.ЭНХБАТ (“Өнөөдөр” сонины Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны тоймч):

-Эрхэм хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна. Юуны түрүүнд хамт олондоо, үе үеийн “Монгол ньюсчүүд”-дээ талархал илэрхийлье. Ургүй бичлээ гэж ташуур өгч байсан дарга нар, улам сайжирна гэж урам өгч байсан найзууддаа баярлалаа. Ж.Сувдмаа бид хоёр өнгөрсөн зун хариуцлагатай уул уурхайн эрэлд гарч 10 мянга гаруй км зам туулсан. Маш олон хүнтэй уулзаж, мэдээлэл авлаа. Уул уурхайн бодлого нь оновчгүй, зөрчил ихтэй, замбараагүй байна. Эх орондоо болон Монголын эгэл жирийн иргэдэд өгөөжгүй байгаа учраас малчид, иргэд уул уурхайг хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Уул уурхай том ашиг өгдөг шигээ том сүүдэртэй салбар.

Тиймээс уул уурхайгаас хариуцлага нэхсэн сэдвээс сэтгүүлчид хэзээ ч холдож болохгүй. Би ч гэсэн үргэлжлүүлнэ. Одоо бол орилох биш, онож бодох цаг нь болсон. Мөн энэ мөчид Ц.Балдорж эрхлэгчийг дурсахгүй байхын аргагүй. Миний амьдрал энэ эрхэм хүнтэй ямар нэгэн байдлаар холбогдож ирсэн. Байгуулсан сургуулийг нь төгсөж, сонинд нь ажиллаж байна. “Ц.Балдоржийн байгуулсан сургуулийг төгсөхөд алзахгүй” гээд явуулсан аавын минь захиас бодогдож байна. 2004 онд “Өнөөдөр” сонинд дадлага хийх боломж олдож, анх удаагаа өглөөний шуурхай хуралд сууж үзсэн. Тэр үед эрхлэгч “Монголын сэтгүүлчид бүргэд шиг өндөрт нисэж, шинэ махаар хооллох ёстой. Элээ шиг доогуур нисэж, өвдөл, цөвдлөөр хооллох ёсгүй” гэж хэлж байсан нь одоо ч миний дэвтэрт бичээстэй бий. Монголын сэтгүүлчид бүргэд шиг өндөрт нисэж, шинэ махаар хооллох болтугай.

Шагналтай зэрэгцээд айдас, түгшүүрийн “дохио” хангинаад эхэллээ

Ж.СУВДМАА (“Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны сэтгүүлч):

-Ийм эрхэм, хүндтэй шагнал авсандаа маш их баяртай байна. Бас тэр хэрээр айдас, түгшүүрийн “дохио” хангинаад эхэллээ. Гэхдээ энэ айдас цаашдын минь замыг гэрэлтүүлэх цагаан мөртэй, мэргэжилдээ эзэн байж, улам их хичээх, хөдөлмөрлөх урмын ташуур болно гэж итгэж байгаа. “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжилгаа бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Төв аймгийн Заамар сумаас эхэлж, түүнээс хойш улсынхаа хэд хэдэн аймаг, суманд ажилласан. Энэ хугацаанд биднийг цаг зав, хөрөнгө санхүүгээр харамгүй дэмжсэн удирдлагууддаа, урам зориг хайрлаж байсан хамт олондоо, мэргэжил нэгт ах, эгч, найзууддаа маш их баярлалаа. Мөн мэргэжлийн үүднээс үргэлж тусалж дэмжин, чиглүүлж байдаг хамтрагчдаа баярлалаа.

Монголын сэтгүүл зүйд тод мөр үлдээх, сайн нэвтрүүлэг хийхийн төлөө ажиллана

Г.БАТЗАЯА (МҮОНР-гийн сэтгүүлч)

-Өнгөрсөн жил “Гологдсон зүрх” нэвтрүүлгээрээ “Шилдэг 10”-т багтсан. Ингэж анх удаагаа энэ нэр хүндтэй шагналыг хүртэж, шилдгүүдийн эгнээнд багтсанаараа “Бид чадах юм байна” гэсэн итгэл, урам зориг өвөрлөж, нэвтрүүлгээ илүү олон хүнд хүргэе, сайн бүтээл туурвия гэж бодон МОҮНТ-ийнхэнтэйгээ хамтарч хүний эрхийн сэдэвт цуврал нэвтрүүлгүүд хийж эхэлсэн. Тиймээс ч нэг шат ахиж, дэд байрт шалгарсан байх гэж бодож байна. Монголын нийгэмд сэтгүүлчдийн нэр хүнд унаж буй өнөө үед сэтгүүлчдийг мэргэжлийн, ёс зүйтэй байх үндсэн чиглэл рүү БАЛДОРЖ шагнал хандуулж, зөв тал руу нь чиглүүлдэг гэж ойлгодог. Тийм ч учраас олон залуу энэ нэр хүндтэй шалгаруулалтад хүчээ сорьж, нийтлэл, сурвалжилгаа сойдог. Цаашид Монголын сэтгүүл зүйд тод мөр үлдээх, сайн нийтлэл, нэвтрүүлэг гаргахын төлөө хичээж ажиллах болно. Бидний ихийг хийх үйлсэд минь үргэлж тусалж, дэмжиж байдаг МҮОНР-гийн ах, эгч нар болон хамт олондоо баярласнаа илэрхийлье.

Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон, мэргэшсэн сэтгүүлч бүр авах боломжтой

Ж.ЗОЛЗАЯА (МҮОНР-гийн сэтгүүлч)

-Манай баг өнгөрсөн жил гуравдугаар байрт шалгарсан. Энэ жил ч мөн шагнал авна гэсэн итгэл тээж ирлээ. МҮОНР-гийн эрэн сурвалжлах багийн хамт олон ихэвчлэн хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн асуудлыг голчлон хөндөж буй. Мөн нийгэм, байгаль орчны асуудлыг орхигдуулахгүйг хичээдэг. Энэ жилийн БАЛДОРЖ шагналын дэд байр эзэлсэн бүтээлүүдийг хийхдээ нийгэмд тулгамдаад буй асуудлыг бодит жишээгээр гаргахыг хичээсэн. Үүний үр дүнд төр, засаг гаргасан шийдвэрээ эргэн харж, тэдэнд нөлөөлөх санааг нэвтрүүлгээрээ дамжуулан хүргэдэг. БАЛДОРЖ шагнал бол хэн хийсэн, хөдөлмөрлөсөнд очдог шагнал гэж боддог. Тиймээс эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон, мэдлэг, мэдээлэлтэй, мэргэшсэн сэтгүүлч болгон уг шагналыг авах бүрэн боломжтой. Залуу сэтгүүлч та бүхэн зүгээр л өөрийгөө дайчлаарай гэж хэлмээр байна.

Үнэний талд бичсээр байх болно

Х.УЯНГА (“Өнөөдөр” сонины Улс төр, гадаад мэдээллийн албаны тоймч):

-Сэтгүүлчдийн шударгаар, ур чадвараараа мацаж, оройд нь гардаг цөөхөн оргилын нэг, цагаахнаар өрсөлдөж, хүч сорьдог хамгийн том талбар бол БАЛДОРЖ шагнал. БАЛДОРЖ шагналын энэ жилийн шалгаруулалтад би “Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл”, “Хувьсан өөрчлөгдсөөр байгаа үнэн буюу цианидын хэргийн буруутан хэн бэ”, “Амьдрал сайн уу” зэрэг хэд хэдэн цуврал нийтлэл, сурвалжилга бэлтгэсэн. Үнэний талд байж, хүчгүйг нь өмгөөлөх юм сан гэсэн сэтгүүлчийн хүсэл, сэтгэл, хүч хөдөлмөр маань тодорхой хэмжээгээр үр дүнд хүрч, “Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл” цувралын дараа Баянхонгор аймгийн Галуут сумын Их дугуй хэмээх ховор ан амьтан нутагшдаг, байгалийн үзэсгэлэнт газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гарч, Өлзийт голын голдирлыг өөрчилж, ай савд нь алт олборлохоор дайрсан компанийн хууль бус үйл ажиллагааг зогсоосон.

“Хувьсан өөрчлөгдсөөр байгаа үнэн буюу цианидын хэргийн буруутан хэн бэ” цуврал сурвалжилгаараа Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг компани баяжуулах үйлдвэртээ цианидын уусмал алдсан хэргээ дарагдуулж, гурван ажилтнаа хордоогүй гэсэн дүгнэлт гаргуулахаар хөөцөлдөж явааг гаргаж тавьсан. Удаан хугацааны дараа ажилчид цианидад хордсон гэсэн дүгнэлт үнэн зөвөөрөө гарч, компани тэдний эрүүл мэндэд анхаарал хандуулан, БНХАУ, БНСУ-д эмчлүүлж буй. Үүнд үнэний талд байх гэсэн ганц зорилготой сурвалжилга маань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Хийсэн ажлуудаас маань “Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл”, “Амьдрал сайн уу” цуврал маань БАЛДОРЖ шагналын “Шилдэг 10”-т багтлаа. Ажил хийх бүх л боломж, нөхцөлөөр хангадаг удирдлага, хамт олондоо баярлалаа.

Сэтгүүлчдэд илүү ихийг хийж бүтээх урам зориг өгдөг

Д.ГАНЗОРИГ (“ТВ-9” телевизийн сэтгүүлч)

-Оюутан болсон цагаасаа БАЛДОРЖ шагналын шалгаруулалтыг алдалгүй үзэхийг хичээж, шалгарсан сэтгүүлчдийн бичсэн нийтлэл, сурвалжилга, ярилцлагыг шимтэн уншдаг байлаа. Шилдэг нийтлэл, нэвтрүүлгүүдээс сэтгүүлч хүн ямар хэмжээнд ажиллах ёстой талаар ойлголт авч байсан. 2015 онд сургуулиа төгсөж, мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш жил бүр нийтлэлээ илгээж, өөрийгөө сорьдог байсан юм. Би заавал энэ шалгаруулалтад оролцож, өөрийгөө сорих ёстой гэсэн шалгуурыг өөртөө тавьсаар ирсэн. Өнгөрсөн жилүүдэд хичээж, хөдөлмөрлөсний минь үр шим өнөөдөр гарч, энэ том шагналыг хүртсэндээ баяртай байна. Байгаль орчин, ялангуяа уул уурхайн хэт хамаарлаас болж нутгийн иргэд хэрхэн хохирч, уйлж, цөхөрч байгааг харуулахыг, тэр дундаас Хөвсгөл нуурын асуудлыг дэлгэж гаргасан. Тэнд иргэд хүн, малгүй шахагдан зовж байгаа үнэн бодит байдлыг хоёр удаагийн нэвтрүүлгээрээ харуулах гэж хичээлээ. БАЛДОРЖ шагнал сэтгүүлчдэд илүү ихийг хийж бүтээх маш том урам зориг өгдөг. “Дараа жил үүнээс илүүг хийж, хөдөлмөрлөж чадна” гэх их тэмүүллийг, бүтэн жил, магадгүй түүнээс ч олон жилийн эрч хүчтэй хамт авч чадлаа. Маш их баяртай байна.

Бүтээл болоод амьдралдаа хариуцлагатай, үнэ цэнэтэй байх өөрчлөлтийг надад авчирсан

Б.ЭНХМАРТ (“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч)

-2017 оны есдүгээр сарын 9-ний орой бол миний нэгэн мөрөөдөл биелсэн, өмнөхөөсөө илүү сайн зүйл хийх урам зориг авсан сайхан цаг, мөчүүд байсан. Монголын сэтгүүл зүйн хамгийн үнэ цэнэтэй шагналын эзэн болсны дараа надаас гарах үг, өгүүлбэр бүрээс минь уншигчид том зүйл хүлээж байгаа гэж бодох үнэндээ халуун, адгуу, юу ч хийж чадахгүй байх вий гэсэн айдсаар дүүрэн байсан. “Бид болон Монголын тал нутаг чамд хайртай” дурсахуй, тэмдэглэл бол яг тэр шатаж, хулчийж байх үедээ дотроо бодоод л, бичих үг өгүүлбэрээ дахин дахин засаж байсан өдрүүдийнх. Нэг амралтын өдрөөр Өвөрхангай руу, тэр япон эрийн гэрэлт хөшөө рүү яваад ирсэн. Тэгснээсээ хойш хэдэн өдөр болсны дараа цаг суугаад биччихсэн. Дахиж харалгүй хоёр өдөр өнжөөд, тэр хугацаандаа Кобаяашигийн хамгийн сүүлд сонссон дууг хэчнээн удаа сонссон юм, бүү мэд. Анх энэ талаарх мэдээллийг өгсөн эгчтэй дахин уулзаж, сонинд

нийтлүүлэх өдрөө хэд гурван засвар хийгээд хэвлэлтэд өгсөн. Нийтлэл гарсны өглөөнөөс хүмүүс утасдаж, захидал бичин, олон хүн “БАЛДОРЖ шагнал эзнээ олжээ” гэхэд нь л жаахан уужирсан. Энэ бол “Монголын Пулитцер”-ийг хүртсэнийхээ үнэ цэнийг даах юм сан гэсэн шаталтын дүнд бичигдсэн нийтлэл. БАЛДОРЖ шагналын эзэн болоогүй байсан бол тэр ээж, хүү хоёрын гунигтай мөртлөө ухаарал өгсөн үйл явдлыг хам хум биччих ч байсан юм бил үү. Эл шагнал ажилдаа дуртай, сайхан юм хийх сэн гэж бодон, хичээдэг сэтгүүлчдийг урамшуулж, алдаршуулахаас гадна одоогийнхоосоо илүү мундаг болох ёстой гэсэн үүрэг, хариуцлага, даалгавар өгдөг. Бас жирийн нэг сэтгүүлчийг салбарынхан төдийгүй олон нийтийн дунд өндөрт өргөж, алдартай сэтгүүлчдийн эгнээнд аваачдаг нь маш том үнэ цэнэ. Үүнийг дааж явах нь БАЛДОРЖ шагналын эздийн хамгийн том үүрэг. Миний уран бүтээл болоод амьдралд хариуцлагатай хийгээд үнэ цэнэтэй байхын гэгээн өөрчлөлтийг яах аргагүй эл шагнал авчирсан. Сэтгүүлч бидэнд бичих, сурвалжлах, илчлэх, өөрчлөх маш олон зүйл бий. Миний хувьд байгаль орчноо өмгөөлдгөөрөө өмгөөлнө, жирийн сайхан амьдралыг олонд хүргэж, хүмүүсийг санаж, сэрээх сурвалжилгуудаа хийдгээрээ хийнэ ээ. БАЛДОРЖ шагнал бол хэн хүссэн нь “Энэ жил авна” гээд хүртчихдэг шагнал биш. Үнэхээр сайн бүтээл хийн, боловсруулан, бодож, шинжлэн, үр дүнг нь үзэж чадвал хэн ч эзэн нь болж чадна. Би дуртай зүйлээ хийж, оюун санаагаа сэтгүүл зүйд зориулж байгаа бүх хугацаандаа 2017 оноо бататгахыг хичээнэ.

БАЛДОРЖ шагнал авна гэж төсөөлж ч байгаагүй

Д.ЭРДЭНЭБАЯР ( “MN 25 дугаар суваг” телевизийн найруулагч):

-Анх удаа бүтээлээ сойгоод ийм том шагнал авсандаа туйлын баяртай байна. БАЛДОРЖ шагнал хүртэнэ гэж төсөөлж ч байгаагүй. Ёстой шоконд орлоо. Хамтрагчдадаа, хамт олондоо баярлалаа. Ёслолын үйл ажиллагаанд оролцох урилга ирэхэд эмээсэн, бас сандарсан. Бал эрхлэгчийн үйл хэргийг үргэлжлүүлэн, алдар гавьяаг нь мөнхөлж яваа гэр бүлийнхэнд нь болон “Балдорж сан”-гийн хамт олонд маш их баярлаж буйгаа илэрхийлье.

БАЛДОРЖ шагналтай сэтгүүлчийн нэр хүндийг сэвтүүлэхгүйн төлөө хичээнэ, сайн бүтээл хийхийн төлөө бүхнээ зориулна. Бид нэвтрүүлгийнхээ ээлжит цувралыг Буриадаас бэлтгэсэн. Энэ сарын 24-нөөс үзэгчдийн хүртээл болгоно. Ер нь бид дэлхийн дайдад амьдарч буй монголчуудынхаа ахуй амьдрал, өв уламжлалыг харуулахын зэрэгцээ ёс заншлаа хэрхэн хамгаалан, өвлөж явааг үзэгчдэд сонирхуулахыг зорьдог.

10 дахь удаагийн БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын тайзнаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Шилдэг арав”-т багтсан сэтгүүлчид шагнал гардуулах үедээ хэлсэн үг мөн анхаарал татаж байлаа. Тэрбээр “Монголын сэтгүүлчдийн хүсэн хүлээдэг, тэдний оюуны хөдөлмөрийг бодитоор үнэлдэг, аавын эхлүүлсэн сайхан ажлыг загвар болтол нь үлгэр жишээ авч яваа гэр бүл, үр хүүхдүүдээр нь бахархаж байна. БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол нь соён гэгээрүүлэгчид цугладаг, үе үеийн Ерөнхийлөгчид залуу үеийнхэндээ хандан үг, сургаалаа хэлдэг орчин болжээ. Надад үзгийн хурцаар бичдэг сэтгүүлчдийн өмнүүр орж үг хэлэх эрх бараг байхгүй. Улстөрчил илүү юм ярих дуртай болохоор хэдэн үг хэлэх нь ээ. Өнөөдөр энэ шалгаруулалтаар хурц сэдвээр нийтлэл бичсэн сэтгүүлчид шагнал авч байна. Монголын нийгэм ямар их задрал, хагаралтай, оюуны үнэ цэнэ үнэлэмжгүй байгааг хараад харамсдаг. Монголчууд эвтэй байж, баялаг бүтээгчдээ хүндэлдэг, хийж, бий болгож байгаа хүмүүсээ эрүүл саруул нүдээр олж хардаг, сайн, сайхан яваагаа дэмжиж, тусалдаг байгаасай гэж боддог. Тиймээс Монголд соён гэгээрүүлэх ажлыг хамгийн сайн хийж байгаа сэтгүүлчдийн оюуны хөдөлмөрийг үнэлдэг БАЛДОРЖ хэмээх шагнал бий болгосонд чин сэтгэлээсээ баярлаж явдгаа илэрхийлэн, үүнийг санаачилсан, гардан авч явж байгаа хүмүүсийн цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье” гэсэн.

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд БАЛДОРЖ шагнал олгох 10 дахь удаагийн ёслол ийнхүү бүхэлдээ сэтгүүлчдээ хүндэтгэж, тэдний нийгэм дэх үнэлэмжийг өсгөхийн төлөөх баяр боллоо.

Сурвалжилсан Р.Оюунжаргал, Ч.Болортуяа, А.Халиун, Ж.Уранмандал, Б.Буяндалай, Э.Харцага, Г.Аргуужин

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай