Хүнсний ногоо захынхаас 100-200 төгрөгөөр хямд байна

Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгч, тариаланчдыг дэмжих зорилготой “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо” төвд өчигдөр нээлээ. Энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх үзэсгэлэн худалдааны үеэр бүх төрлийн шинэ ногоог тариаланчдын гар дээрээс шууд худалдан авахаас гадна эх орны хөрсөнд ургасан хад, нэрс, чацаргана, мойл, үхрийн нүд зэрэг төрөл бүрийн жимс, жимсгэнийг 6000-10 000 төгрөгөөр авах боломжтой.

Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд энэ үеэр тарьж ургуулсан хүнсний ногооныхоо ашиг тусыг танилцуулан, зөвлөж байна. Тэдний нэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын тариаланч М.Сэлэнгэ “Би энэ үзэсгэлэнд хоёр дахь жилдээ оролцож, өөрөө тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээ борлуулж байна. Манай аймагт ногоог хэрхэн зөв аргаар тарьж ургуулах, даршлах талаар сургалт зохион байгуулдаг. Хүлэмжээ ч өөрсдөө барьж байгуулдаг. Энэ зун бороо хур тэгширсэн сайхан зун болсон тул ургац хураахад хорогдол багатай байлаа. Тиймдээ ч хүнсний ногооны үнэ зах зээлийн ханшнаас доогуур байгаа” гэлээ.

Үзэсгэлэнд худалдаж буй төмс нэг кг нь 600, лууван 600, улаан лооль 6000, цэцэгт байцай 5000, байцай 500, сармис нэг сүлжмэл нь 10 000 төгрөгийн ханштай байв. Мөн хаш, хулуу зэрэг нарийн ногоо ч элбэг харагдлаа. Үзэсгэлэн худалдаанд борлуулж буй хүнсний ногооны үнэ бусад захынхаас 100-200 төгрөгөөр хямд байна. “Бөмбөгөр” худалдааны төв болон бусад захын хүнсний ногооны ханшийг судлахад төмс нэг кг нь 800, байцай 1000, лууван 1500 төгрөгийн үнэтэй байлаа.


Бэлтгэсэн: Г.Баясгалан

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай