Албан тушаалтнууд төрд 14.4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Албан тушаалтнууд төрд 14.4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Төрийн албаны зөвлөлөөс зарим яам, агентлагийн хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж буй аж. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын болон Эрүүл мэндийн яаманд хийсэн шалгалтын дүн гарчээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хийсэн шалгалтаар хууль, тогтоомж зөрчин томилсон тус яамны найман газар, хэлтсийн дарга, 15 мэргэжилтний ажлын байрыг нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтаар зохион байгуулахыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгасан байна. Мөн салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын 30 байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтгүй томилсон шийдвэрийг хууль, тогтоомжид нийцүүлэхийг сайдад нь зөвлөмж болгожээ.

Харин Эрүүл мэндийн яаманд таван газрын дарга, есөн хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаа зөрчил илрэв. Мөн төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүй 14, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлээгүй таван иргэнийг захиргааны албан тушаалд томилсон зэрэг ноцтой зөрчлүүд байгааг шалгалтын дүнд дурдсан байна. Түүнчлэн тус яамны харьяа 12 байгууллагын захирал, эрхлэгчийн албанд төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтгүйгээр хүмүүсийг шууд томилон ажиллуулж байгааг тогтоожээ.

Уг шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хурлаар хэлэлцээд дээрх зөрчлийг арилгаж, бүх томилгоог хуульд нийцүүлэх хугацаатай үүрэг, чиглэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан аж.

Төрийн алба дээр, дооргүй тогтворгүй байна гэж хэн хүнгүй шүүмжлэх болсон. Тиймээс ч Төрийн албаны тухай хуулиа шинэчилж, ирэх оны эхнээс мөрдөхөөр бэлтгэж буй. Төрийн албаны тухай хууль зөрчин ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн, “бүтцийн өөрчлөлт” нэрээр албан тушаалтнуудын гаргасан шийдвэр үндэслэлгүй болохыг шүүхээс 1128 албан хаагчийн “талд” шийдвэрлэжээ.

Гэхдээ энэ бол 2013 оноос 2018 оны эхний хагас жилийн хооронд хамаарах тоо. Харин тэдгээрээс өнөө хэр 147 албан хаагчийг ажилд нь эгүүлэн томилоогүй гэнэ. Юутай ч шинэ хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн, халсан болохыг төрийн албаны төв байгууллага, шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр болоод буй.

Шүүхээс 2013-2018 оны эхний хагас жилийн хооронд төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төрд учруулсан мөнгөн хохирол 14.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хуулийн дагуу албан тушаалтны хууль бус үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төр хариуцаж ирсэн. Харин төр өөрт учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх учиртай.

Харамсалтай нь, төр буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлж чаддаггүй талаар Төрийн албаны зөвлөлийн тайлан мэдээнд онцолжээ. Мөн тус зөвлөлөөс хамгийн сүүлд гаргасан мэдээллээс харвал төрийн албан хаагчдаас мөн дээрх хугацаанд 1235 хүн гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайг нь шүүхээс тогтоожээ. Тэдгээрийн 47.6 хувь нь хорих ялаар шийтгүүлсэн бол улс төрийн албан тушаалтан 90 хүн бий аж. Гэмт хэрэг үйлдсэн төрийн албан хаагчдын тоо буурах нь бүү хэл, бага зэрэг өсөж буй талаар тус мэдээлэлд тэмдэглэсэн байна. Харин ирэх оны эхний өдрөөс мөрдөх Төрийн албаны тухай хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайг нь шүүх тогтоосон албан хаагчийг төрийн албанд эргэн орж ажиллахыг хориглосон билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай