Г.Бадгар: Аймаг алгасуулж адуу хулгайлсан хэргийн хойноос мориор 45 хоног явж шалгаж байлаа

Г.Бадгар: Аймаг алгасуулж адуу хулгайлсан хэргийн хойноос мориор 45 хоног явж шалгаж байлаа

Зүүн гар талаас: хошууч Г.Бадгар, хошууч генерал О.Отгонжаргал, Гавьяат хуульч, дэд хурандаа Ц.Содов


Хэнтий аймгийн Цагдаагийн газарт олон жил ажилласан ахмадуудын нэг, чөлөөнд байгаа хошууч Г.Бадгартай ярилцлаа. Тус аймгийн Цагдаагийн газар 1926 онд байгуулагдаж, улмаар тухайн үеийн нийгмийн байдлаас шалтгаалж татан буугдаж байсан бөгөөд энэ жил 80 жилийнхээ ойг тэмдэглэсэн юм. Харин хошууч Г.Бадгар гуай Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 40-өөд жилийнх нь түүхийг бичилцсэн мөрдөн байцаагчдын нэг билээ.

-Та сайхан намаржиж байна уу. Таны уугуул нутаг хаанахынх вэ гэдгээс ярилцлагаа эхэлье. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт насаараа ажилласныг бодоход Сэцэн хан аймгийн л хүн бололтой.

-Би Сэцэнхан аймгийн Мэргэн гүний хошуу, одоогийн Өмнөдэлгэр суманд 1933 онд Балингийн Гонгорын ууган хүү болж мэндэлсэн хүн. Өмнөдэлгэрийн бага сургуульд Жамган, Дашравдан зэрэг багшаар эрдэм заалгаж байсан ч дөрөвдүгээр ангиа төгсөж чадаагүй. Ээж минь намайг таван настай байхад бурхан болж, өвөг эцэг ч 6-7 настайд минь тэнгэрт хальсан.

Манайх их ядуу амьдралтай байв. Мал гэх юм байхгүй. Багаасаа айлд хар бор ажил хийж, дүү нараа тэжээдэг байсан юм. За тэгээд янз бүрийн л ажил хийсэн дээ. Зуны цагт айлын хонь хяргана, улаа нэхнэ. Намартаа айл нүүлгэж, Мөрөнгийн цээжнээс мод зөөнө. Өвөл айлын хонь хариулж, хавар мал төллүүлээд төлөг, борлонгоор шагнуулдаг байв. Тэгж байгаад насанд хүрч, сумандаа эвлэлийн үүрийн даргархуу юм боллоо.

-Цагдаагийн байгууллагатай хэзээнээс амьдралаа холбов?

-18 хүрч цэргийн албанд татагдах болоход сумын дарга Минжүүр, намын үүрийн дарга Гонгор нар цэрэгт явуулаагүй, хоёр жил өнжөөсөн юм. 20 настайдаа цэргийн албанд татагдаж, Сулинхээрийн отрядад хуваарилагдсан. Тэгэхэд намайг бичиг үсэг мэддэг гээд, шифр холбооны төлөөлөгч болголоо. Улмаар Дотоод явдлын яам гэж байхад хотод ирж шифр, холбооны 3-4 сарын курст сурсан юм. Хэдэн жил энэ ажлыг хийж байтал ЗХУ-д сургууль төгссөн хүн ирж, би ажлаа хүлээлгэн өгсөн.

Ингээд намайг цагдан сэргийлэх байгууллагад шилжүүллээ. Хотод цагдаа болж ирээд, Жамбадавга даргатай сэргийлэхийн дөрөвдүгээр анги гэж Усны гудамжинд байдаг салбарт цагдаагийн ажил хийх болсон юм. Тэгж байгаад эмээ, ээж, охин дүүгээ бараадаж Хэнтий аймгийн төвд очсон доо. 1953 онд цагдаагийн байгууллагад орж, 1993 онд тэтгэвэрт гартлаа 40 жил ажиллажээ.

Энэ хугацаанд Ленинградад зургаан сар курсэд сууж мэргэжлээ дээшлүүлсэн. Мэргэжил дээшлүүлэх ч гэж дээ. Орос хэлээр маруухан би орчуулагчтай хамт “ах” нарын хоолноос үнэгүй идэж байгаад л ирсэн.

Энэ хугацаанд Хэнтийнхээ сумдад хэсгийн төлөөлөгч, Сүхбаатар аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаагчаар томилогдон ажиллаж байв. Цагдаагийн байгууллагад ажилласан 40 жилийнхээ таван жилийг нь Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотод өнгөрөөсөн бол, 35 жилд нь дандаа Хэнтий аймгийн Цагдаагийн газартаа байсан юм.

-Цагдан сэргийлэгч болоод мэдээж хэсгийн төлөөлөгчөөр ажилласан л байх.

-Тэгэлгүй яах вэ. Хэнтий аймгийн Дадал суманд төлөөлөгчөөр томилогдон тэндээ төвлөрч, Баян-Овоо, Батноров, Баян-Адарга, Норовлин сум хариуцан ажиллаж байлаа. Дадалын ард түмэн надад их сайн. Тэдний тусламжтайгаар хүний амь бүрэлгэж нуусан ноцтой хэргийг ч илрүүлж байсан. Миний сайных биш, тухайн орон нутгийн шударга ард түмний мэдээллээр нууц далд үйлдэлтэй хэрэг илрүүлж байсан юм.

-Буриадууд их танхай байв уу?

-Танхай хүмүүс байсан. Архи уухаараа төрхгүйтнэ. Морьтойгоо сумын клубт орно гэж онгирч байсан хүмүүс ч бий. Тэднийг ганц нэг цохидог байв. Гэхдээ тэр улсууд хүнийхээ хувьд муу хүмүүс байгаагүй ээ. Улс, эх орон, нэгдэлдээ ихийг хийж бүтээж байлаа.

-Тухайлбал, ямар хэрэг илрүүлэв?

-Миний илрүүлэх гэж юу байх вэ дээ, нутгийн ард түмэн л илрүүлж байгаа хэрэг. Муу явдал гэдэг далдрах аргагүй л байдаг юм. Дадал суманд Буянсай гэдэг этгээд нэг өвөл бригадын дарга Ц гэдэг хүнийг магардаа гэж буриадууд нэрлэдэг, том балиусаар хөнөөж, цогцсыг нь ууланд аваачиж, хаясан хэрэг гарсан юм. Тэр этгээд талийгаачийн цогцсыг чарганд ачаад ууланд аваачин, чоно нохойд идүүлэх гэж хаясан хэрэг л дээ.

Гэмт этгээдийн өмсөж явсан малгай, нуусан хутгаар уг хэргийн сэжүүрийг гаргасан юм. Хэрэг гарснаас хойш зургаан сарын дараа зун нь гэмт этгээд магардаагаа эсгийд боогоод гэрээсээ хойш нэлээд хол Балжийн голын хойд биенд тарваганы нүхэнд нуусан байсныг олсон. Түүнийг нь олж шинжилгээнд явуулж, нарийвчилсан шалгалт хийхийн зэрэгцээ малгайг нь модон дундаас оллоо.

Талийгаачийн цогцсыг зөөж явсан чарганых нь өрөөсөн гуя нь мод, чулуунд цохигдож эвдрээд, шөнө нөгөөхөө засах гэж тэвдэж байхдаа малгайгаа хожуул дээр тавьснаа мартчихсан байж.

-Сүхбаатар аймагт ажиллаж байхдаа мал хулгайлсан хэргийг илрүүлэх талаар нэлээд гаршсан байсан гэдэг. Таны заавар зөвлөгөөгөөр хэрэг илрүүлж байснаа Мөрдөн байцаах газрын дэд дарга асан, Гавьяат хуульч С.Дамдин хурандаа ярьж байна лээ. Та хоёр нэг нутаг усных гэж байсан.

-1971 онд Сүхбаатарын аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст ажил сайжруулахын тулд намайг ахлах мөрдөн байцаагчаар томиллоо. Тэнд байхад хурандаа С.Дамдин цагдаагийн дунд сургууль төгсөөд шинэхэн офицер очсон юм. С.Дамдин хурандаа бид хоёр Өмнөдэлгэрийн уугуул улс л даа.

Тухайн үед мал хулгайлах хэрэг цөөнгүй гардаг байв. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Мөнхманлай нэгдэл гэж байлаа. Тэдний гурван азарга буюу 80-90 тооны адууг өвлийн нэг шөнө хулгайлсан хэрэг гарсан юм. Батширээтийн модны үйлдвэрт ажилладаг өндөр Гомбожав, татдаг Сэдэд тэргүүтэй хүмүүс хулгайлан тууж, тэр үеийн Идэрмэг сумаар дамжуулан олон зуун км газар хөөж Батширээт суманд аваачиж зарсан.

Заримыг нь Багануур, Налайх, Улаанбаатарт хүргэж борлуулсан байлаа. Энэ хэргийн хойноос 45 хоног хөөцөлдөж байж илрүүлсэн. Тухайн үед машин, мотоцикл гэж байсангүй, дандаа л мориор явж хэрэг мөрддөг байв. Тэр хэргийн сэжүүрийг ард түмэн л бидэнд өгсөн юм шүү дээ. Тухайн адуун сүрэгт зөв талынхаа хаан дээр дугуй хар мэнгэтэй шүдлэн байдас байсан юм билээ.

Тэр байдсыг Батширээтийн Сандаг гэх буриадад малын хулгайч нар зарсан байгаа юм. Тэгээд хүмүүс Сандагийнд ийм адуу байх ёсгүй гэж ярилцаж, энэ нь бидэнд сонсогдсон л доо. Тэгэхэд Батширээтэд долоо, найман адуу үлдсэн байв. Адуу хулгайлсан этгээдүүд өөрсдөө мал сайтай, Мөнхманлай нэгдлийн адууны 70-аад хувийг нь буцаан төлж байсан юм даг. Ингэж дээд тал нь 80 гаруй, доод тал нь 20-30 адуу хулгайлсан 4-5 хэргийг илрүүлж байсан.

-Адуутай хүний ёсноос илүү хэрцгий хандсан нэг этгээдийг баривчилсан гэдэг. Тэр тухай ярьж өгөөч.

-“Зожигоол” Цэгмэд гэгч этгээд тухайн үеийн Буянт сум, одоогийн Галшарын урд талаар нутагладаг Данзандаржаагийн хонгор азаргатай адууг хулгайлсан хэрэг гарсан юм. Тэрбээр тэр адууг туугаад Баяндэлгэр сумын айлын хаваржаан дээр азаргыг нь муулж, гуяных нь арьсыг яраад махнаас огтолж шарж идсэн байгаа юм. Муухай хог. Тэр хэргийг илрүүлж, шалгахад тухайн үеийн Сүхбаатар аймгийн прокурор Жалбасүрэн гуай, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн аав яллах дүгнэлт бичиж, шүүх хуралд өөрөө оролцон гэмт этгээдэд ял шийтгүүлж байсан юм.

Тухайн үед Жалбасүрэн гуай “Төрийн сүлдэндээ дээдэлдэг, адуун сүргийн манлай азаргыг нь, монгол хүний ёсноос хазгай ингэдэг хүн байдаг аа. Энэ хүнээс илүү эх орон тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн буянт мал шүү. Ийм хүнийг би өөрөө яллана” гээд найман жил хорих ял шийтгүүлж байсан юм.

-Мөрдөн байцаах албанд хэдийд шилжиж ирсэн юм бэ?

-Сүхбаатар аймагт ажиллаж байтал УЦСЕГ-ын удирдлага “Чамайг Мөрдөн байцаах газар аваачна” гээд хотод томилсон юм. Ингээд Мөрдөн байцаах албаны хоёрдугаар хэлтэст өмчийн төлөөлөгч боллоо.

Миний ээжийг нас барахад, төрсөн эцэг минь өөр хүнтэй ханилсан юм. Хорт хавдартай болсон аавыгаа цацраг туяагаар эмчлүүлж, “найдваргүй, аваад яв” гэхээр нь би Хэнтий рүүгээ аваад буцсан даа. Цагдаагийн байгууллага, Мөрдөн байцаах газар намайг хоолонд хүргэсэн газар юм шүү дээ. Би цагдаагийн байгууллагад ажилласан 40 жилийнхээ хугацаанд хүний амь бүрэлгэсэн 10 гаруй ноцтой хэргийг ард олныхоо дэмжлэгээр илрүүлж байлаа.

Олон сайн удирдах ажилтнууд ч ажиллаж байлаа. Зарим нь намайг багш гэдэг юм. Би ч хар ухаанаараа л тэдэнд юм зааж байсан байх л даа. Хошууч генерал Ч.Амарболд, Гавьяат хуульч, хурандаа С.Дамдин, хурандаа Л.Сүхээ гээд олон залуутай гар нийлж, тэдний дэмжлэгтэй ажиллаж байжээ.

-Өмчийн төлөөлөгч болоод хөрөнгө завшсан хэрэг мөрдөж байсан биз?

-Тэр үед VIII аптек гэж байлаа. Түүний дарга нь Хөхөө гэж хүн 25 000 төгрөг завшчихаад, Цэргийн госпиталь руу хуурамч баримт бичээд илгээсэн байв. Цэргийн эмнэлгийн эмийн сангийн эрхлэгчтэй хуйвалдаж, 25 000 төгрөгөө хувааж авах, эм өгөхгүй байхаар тохиролцож л дээ. Ийм нэг санхүүгийн хэрэг мөрдөж, завшсан улсуудыг нь илрүүлж байжээ.

-Танай хүүхдүүд аавынхаа мэргэжлийг өвлөж цагдаагийн байгууллагад ажиллаж байна уу?

-Миний хань Хэнтийн Дэлгэрхааны хүн. Би 26 настайдаа ханьтайгаа нийлж, гурван охин, нэг хүүтэй болсон. Хань минь их даруу, ажил төрөлд сайн, халамжтай хүн байлаа. 2011 онд тэнгэрт хальсан. Цагдаагийн байгууллагад ажиллаж байх 40 жилийн хугацаанд хань минь л ар гэрээ авч явсан гэж хэлэхэд хилсдэхгүй.

Хүүхдүүдээс минь Б.Батсайхан НЦГ-т ажиллаж байгаа, зээ нараас ч Мөрдөн байцаах албанд ажиллаж байгаа хүн бий.

-Ахмад хүний хувьд мөрдөн байцаагч залуучуудад хандаж юу гэж хэлмээр санагддаг вэ?

-Хэрэг болгон адилгүй, хэрэгтэн болгон өөр. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй. Хүнийг сайн судалж, шударга харилцах хэрэгтэй. Алдсан ч гэсэн хүнийг хайрладаг байх нь чухал. Хэрэгт холбогдсон хүний байр байдлыг сайн судалж, юунаас болов гэдгийг нягтлах шаардлагатай. Шалтгаангүйгээр хэрэг үйлдэхгүй. Хэрэг гарсан нөхцөлд мөрдөх нь зөв, илрүүлэх нь зөв.

Гэхдээ гарахаас нь өмнө хууль, дүрмийг ард иргэдэд сайн таниулж, ухааруулж ойлгуулах хэрэгтэй. Хууль миний гарт байна гэж сагсагнаж болохгүй. Хэрэг үйлдсэн хүнд долигноод уусах зэрэг хачин зүйл гаргаж болохгүй.

Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, хошууч Г.Бадгарын гавьяа зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, “Байлдааны” медаль, ”Цэргийн гавьяаны одон”, “Байлдааны гавьяаны медаль”, “Онц сэргийлэгч” болон ойн медалиар шагнасан бөгөөд 85 настай энэ буурал үр хүүхдүүд, ач, зээгээ тойруулан энх тунх аж төрж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай