Бас нэг супер тулааны сураг

Холимог тулааны супер одод Нурмагомедов-Макгрегор, боксын Жошуа-Поветкиний тулааны дуулиан ид хүчээ авсан энэ өдрүүдэд бас нэгэн агуу тулааны сураг гарч эхэллээ. Боксын дэвжээнд нэг ч ялагдаагүй аварга Флойд Мэйвэйдер Мэнни Пакьяог тулаан дуудлаа. Мэйвэйдер таван өөр жинд 12 удаа дэлхийн аварга болсон бол Пакьяо долоон жинд аварга болсон амжилтаараа дээд амжилт тогтоосон юм. Тиймээс тэд өнөөгийн мэргэжлийн боксын хамгийн тод одод нь юм. Энэ ч үүднээс тэдний тулааны чансаа Нурмагомедов, Макгрегорын өрсөлдөөнөөс бүх талаараа толгой илүү байх нь дамжиггүй. Үүний баталгаа бол 2015 оны тулаан юм. Тэгэхэд Мэйвэйдер, Пакьяо хоёр анх удаагаа учраа таарахад шагналын сан нь 300 сая доллар байлаа. Энэ бол бүх үеийн дээд амжилт юм. Уг мөнгөний 180 саяыг Мэйвэйдер хүртсэн. Түүнчлэн төлбөртэй үзэх эрхийн борлуулалтаараа ч рекорд тогтоосон. Тэдний тулааныг 4.6 сая хүн төлбөртэй үзсэн байдаг.

Мэйвэйдер Пакьяо хоёр энэ долоо хоногт Японд болсон хөгжмийн наадмын үеэр албан бусаар уулзсан. Бичлэгнээс харахад америк залуу филиппин эрийг тулаанд дууджээ. Гэхдээ үүнээс өмнө агентууд нь уулзаж эхний тохироогоо хийсэн байсан тул эрхэм боксчид Японд уулзах хэлбэрээр олны анхаарлыг өөрсдөдөө төвлөрүүллээ. Өөрөөр хэлбэл “Супер тулаан дахин болох нь тодорхой” гэсэн пиар акцыг тэд ийнхүү хийсэн юм. Үүний дараа Мэйвэйдер Пакьяотай уулзсан бичлэгийг 21 сая дагагчтай Инстаграм хуудсандаа байршуулж “Пакьяотай тулалдах үүднээс би спортдоо эргэн ирлээ. Есөн оронтой тоотой бас нэг чек” хэмээн бичив. Эндээс харахад тэдний тулааны шагналын сан, олох орлого нь дээд амжилтыг мөн л эвдэхээр байна.

Энэ бүх мэдээлэл цагцагдсанаар дэлхий нийтийн анхаарал Мэйвэйдер, Пакьяо дээр бүрэн төвлөрлөө. Ивээн тэтгэгчид, зохион байгуулагчид ч гэсэн тэдний араас хөөцөлдөж эхэллээ. Боксын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тус тулаан энэ оны 12 сарын 1 эсвэл 8-нд болно. Өндөр зэрэглэлийн мэргэжлийн тулаанчид жилд 1-2 тулаан л хийдэг. Тэгэхдээ тулааны тов дор хаяж таван сарын өмнө зарлагдсан байдаг. Гэтэл энэ уламжлалыг эвдэж, Мэйвэйдер Пакьяотай хийх тоглолтоо яагаад ийм богино хугацаанд хийх болов? Үүнд ганцхан шалтгаан бий. Тэр бол мөнгө. Нас ахиж яваа хоёрын хувьд тулаанаа аль болох хурдан, тэгэхдээ спортын улирлын оргил цагт хийвээс байж болох дээд ашгийг олно. Хугацаа алдах тусам шинэ одод орон зайг нь эзлэх магадлалтай. Тухайлбал, Сауль Альварес, Энтони Жошуа нар залуус өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хурцаар тодрон гарч ирээд байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай