Шенгений богино хугацааны визийн мэдүүлгийг Улаанбаатарт нээх төвд хүлээн авах нь

Монгол, Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад харилцааны яам хоорондын консулын хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Прага хотноо өчигдөр болжээ. Уулзалтад Монголын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Чехийн төлөөлөгчдийг тус улсын Гадаад харилцааны яамны Эрх зүй, консулын асуудал хариуцсан дэд сайд Мартин Смолек нар тэргүүлэн оролцов. Хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, албан паспорттой иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх, нийгмийн хамгааллын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах болон хөдөлмөр эрхлэх виз олгохтой холбоотой асуудлаар талууд санал солилцож, ярилцсан байна.

Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс Шенгений богино хугацааны визийн мэдүүлгийг Улаанбаатар хотноо нээх Визийн төвд, урт хугацааны болон хөдөлмөр эрхлэх визийн мэдүүлгийг Элчин сайдын яаманд хүлээн авах болсон тухайгаа Чехийн тал энэ үеэр мэдэгдсэн байна. Ингэснээр виз олгох үйл явцыг илүү хялбаршуулж, виз хүсэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ гэж үзэж буй аж. Үүний зэрэгцээ тус улсын Засгийн газраас баталсан журмын дагуу тусгай зөвшөөрөл бүхий, Чех улсын аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол Улсаас ажиллах хүч авахад визийн тусгай журам энэ оны тавдугаар сарын 1-нээс үйлчилж буй.

Түүнчлэн талууд 2018 онд багтаан Монгол, БНЧУ-ын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохиролцлоо. Уг хэлэлцээрийг байгуулснаар тус улсад хөдөлмөр эрхэлж байсан болон хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм. Өнгөрөгч сарын байдлаар БНЧУ-д манай улсын 8677 иргэн оршин сууж байна. Дараагийн уулзалтыг ирэх онд Улаанбаатар хотноо хийнэ.


У.Наран

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай