Шатахууны үнийн шахаанд орох Монгол

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сард газрын тосны бүтээгдэхүүн, байгалийн хийн экспортын татварыг зургаан жилийн хугацаанд үе шаттайгаар бууруулж, улмаар тэглэх хуульд гарын үсэг зурсан. Уг хуульд “Хэрэв газрын тосны ханш өсөж, дотоодод шатахууны үнэ нэмэгдвэл экспортын татвараа өсгөнө” гэсэн агуулгатай заалт бас бий. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ дээшилсээр байна.

Тодруулбал, өнгөрсөн жилийн аравдугаар сард баррель нь 55 ам.доллар байсан газрын тосны үнэ өдгөө 79 “ногоон”-д хүрлээ. Түүхий эдийнх нь ханш өсөхөөр бүтээгдэхүүний үнэ дагаад дээшилдэг нь бизнесийн зарчим. В.Путин Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн есдүгээр сард газрын тос, байгалийн хийн экспортын татвараа өсгөж, төсөвтөө их хэмжээний орлого бүрдүүлээд, түүнийгээ хүн амынхаа нийгмийн сайн сайхны төлөө зарцуулбал ямар вэ гэсэн санал гаргаж байв. Шулуун зантай, шийдвэрээсээ хазайх дургүй удирдагч нь ийм бодолтой явдаг учраас оросууд газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвараа нэмнэ гэж шинжээчид дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, оросууд шатахууны экспортын татвараа нэмэх нь бараг тодорхой болов.

Газрын тосны өсөж буй ханштай уялдуулан хойд хөршийн нефть боловсруулах үйлдвэрүүд шатахуун экспортлох хилийн үнээсар бүр нэмж байгаа. Хэрэв экспортын татвараа өсгөчихвөл хилийн үнэ улам нэмэгдэх нь тодорхой. Ингэвэл ОХУ-аас шатахуун импортолдог манайх мэтийн орнуудын суурь үнэ хөдөлж, бараа бүтээгдэхүүний өртөг нэмэгдэнэ. Ерөөс дэлхийн зах зээлд газрын тосны үнэ “цойлж” буй нь шатахуун импортлогч улсуудын толгойг аль хэдийнэ өвтгөөд эхэлчихэж. Тэгэхээр тус улсаас газрын тосны бүтээгдэхүүн импортолдог орнууд цаашдаа ч дотоодод шатахууны үнэ өсөх нь гэсэн бэлтгэлтэй байгаа бололтой. Оросуудаас шатахууны бүрэн хараат байдаг Монгол шиг улс үнийн шуурганд бүр ч илүү нэрвэгдэх нь тодорхой.

Манай улс өнгөрсөн жил хойд хөршөөс нэг сая 384 мянган тонн шатахуун импортолжээ. Мөн БНХАУ-аас 25 мянга, Узбекстанаас 500, Тайландаас 100 тонн шатахуун импортолсон баримт бий. Ингэхээр нийт хэрэгцээтэй шатахууныхаа 98 хувийг ОХУ-аас импортолсон тооцоо гарч байна. Тэр дундаа манайхан ОХУ-ын Эрхүү муж дахь “Ангарск” газрын тос боловсруулах үйлдвэрээс шатахуун худалдан авдаг. Газар зүйн байрлалын хувьд “Ангарск” Монголтой хамгийн ойр үйлдвэр. Үүнээс холоос шатахуун авбал тээврийн зардал нь нэмэгдээд мөн л хилийн үнэ өснө. Дэлхийн зах зээлээс гадна нэг улс, ганц үйлдвэрээс хараат манайх мэт бусдын гарын аясаар байхаас өөр замгүй.

Шатахууны хилийн үнийг энэ оны эхний есөн сард 10-20 хувиар өсгөчихөөд байна. Дизель түлшний хилийн үнэ нэгдүгээр сард тонн нь 631 ам.доллар байв. Тэгвэл энэ сард 673 “ногоон” болж нэмэгдлээ. Аи-92 төрлийн шатахууных нэгдүгээр сард 668 ам.доллар байсан. Оросууд энэ төрлийн шатахуунаа одоо 721 ам.доллароор манайд нийлүүлж байгаа. Тэд дараа сард тонн дизель түлшээ 767, Аи-92-оо 761 ам.доллароор нийлүүлэх нь тодорхой болов (Инфо графикаас шатахууны хилийн үнэ хэрхэн өсөж буйг харна уу).

Хилийн үнэтэй уялдаад дотоодын зах зээлд шатахууны жижиглэнгийн үнэ хэрхэн өссөнийг сонирхуулъя. Энэ оны эхэнд буюу нэгдүгээр сард Улаанбаатарт дизель түлш литр нь 1720, Аи-92 төрлийн шатахуун 1630, А-80 нь 1480 төгрөгийн үнэтэй байв. Тэгвэл одоо дизель түлш 2050-2160, Аи-92 төрлийн шатахуун 1780-1830, А-80 нь 1690 төгрөгийн үнэтэй байна. Дотоодын зах зээлд шатахууных хилийн үнэтэй ойролцоо буюу 20 орчим хувиар өссөн байгаа биз.

Засгийн газар 2011 оноос Аи-92, А-80 төрлийн шатахуун, мөн дизель түлшний жижиглэн худалдааны үнийг онцгой албан татварыг нь тэглэх, өсгөх замаар тогтворжуулж ирсэн. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унах үед зарим төрлийн шатахууны онцгой албан татварыг тонн тутамд нь 280 мянган төгрөг хүртэл нэмж байсан удаатай. Гүйцэтгэх засаглал одоо бол Аи-92, А-80 төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэчихээд байгаа. Харин дизель түлшнийхийг тэглээгүй. Тэгэхээр Засгийн газарт дизель түлшний онцгой албан татварыг тэглэхээс өөр зохицуулах арга үлдээгүй гэсэн үг.

Шатахууны хилийн үнэ дараа дараагийн сард нэмэгдэхэд Засгийн газарт зохицуулалт хийх ямар ч боломжгүй учир зах зээлийнх жамд нь даатгахаас өөр аргагүй. Онцгой албан татварыг нэмж, төсөвтөө таван төгрөг илүү цуглуулах бодолтой байсан Засгийн газар төрөл арилжчихдаггүй л юм бол татаас өгч шатахууны үнийг тогтворжуулахгүй нь ойлгомжтой. Тийм чадал тэнхээ ч байхгүй биз. Тэгэхээр шатахууны үнэ дахиад хэдэн төгрөгөөр нэмэгдэх бол гэсэн айдас үлдэх нь.

Шатахууны үнийн өсөлт халаасыг нь шууд “тэмтэрдэг” учраас олон нийт ихэд бухимдан хүлээн авдаг. Тэд ихэнх тохиолдолд шатахуун импортлогчдыг харааж зүхдэг зантай. Хэдийгээр дэлхийн зах зээлд газрын тосны ханш өсөөд шатахууны үнэ нэмэгдэж байгааг гадарлах нь бүү хэл бүрэн ойлгодог ч хэдэн импортлогчоо гоочилсоор л байдаг. Шатахуун зарцуулж, бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэн, ажил үйлчилгээгээ “хөдөлгөдөг” зах зээлийн нийгэмд бид амьдарч байна. Иймээс шатахууны үнэ зах зээлийн суурь үнэ болдог жамтай. Бензиний үнэ нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дагаад их, бага хэмжээгээр дээшилдэг нь нууц биш.

Өргөн хэрэглээний барааны үнийг инфляцаар хэмждэг. Шатахууны үнийн өсөлт инфляцыг хөөрөгдөх нь тодорхой боллоо гэж эдийн засагчид ярьж эхэллээ. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөх хөшүүрэг нь шатахууны үнэ боллоо гэдгийг сануулж буй хэрэг. Монголбанк энэ онд инфляц найман хувийн өсөлттэй байна гэж төсөөлсөн. Төвбанкныхан үүнээс илүүгээр өсгөхгүйн тулд мөнгөний бодлогоо тохируулан хэрэгжүүлж байгаа. Гэтэл шатахууны үнийн өсөлт тэдний төсөөллийг эвдэх нь бололтой. Жилийн эцэс гэхэд инфляц хоёр оронтой тооноос давна гэж мөрийцөхөд ч бэлэн эдийн засагч олон байна.

Засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй болсон бол инфляцыг өсгөхгүйн тулд импортлогчид шатахууныхаа үнийг хүчээр барьж, алдагдал үүрэх учиртай юу? Хэсэг хугацаанд ч болов шатахууныхаа үнийг өсгөхгүй “барьж” хэрэглэгчдийнхээ ачааг хувааж үүрэлцэж яагаад болохгүй гэж зах зээлийн зарчмаас “зөрөх” хүн таардаг. Компаниуд зардал гаргаж, хүн цалинжуулдаг учраас заавал ашигтай ажиллах ёстой гэж зүтгэнэ. Зөвхөн шатахууны худалдаачид бус аль ч салбарт бизнес эрхэлж буй хөрөнгө оруулагч ашгийн төлөө л ажилладаг. Тиймээс тэднийг буруутгах аргагүй.

Харин дэлхийн зах зээлд газрын тосны ханш өссөнөөр далимдуулан бүтээгдэхүүнээ борлуулах хэт өндөр үнэ тогтоож байвал хянаж, шалгаж хариуцлага тооцох ёстой үйлдэл мөн. Засгийн газар шатахууны үнийг онцгой албан татвараар зохицуулж эхэлснээс хойш импортлогчдын ашгийг долоон хувьд тохируулдаг болсон. Энэ жишгээс их дүнгээр ашиг нь хэтэрвэл гомдоллож болно. Түүнээс биш, импортлогчдыг үнээ бүү нэм, ашиггүй ажилла гэж тулгах үндэслэл байхгүй.

Дотоодын зах зээлд шатахууны үнэ өсөхөд хилийн үнээс гадна валютын ханш нөлөөлдөг. Учир нь импортлогчид шатахуунаа төгрөгөөр зараад, ам.доллароор худалдаж авдаг юм. Ам.долларын ханш нэг төгрөгөөр чангарахад импортлогчид шатахууныхаа үнийг 50 мөнгөөр нэмэх шаардлага үүсдэг гэсэн судалгаа бий. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш ам.долларын ханш 110 төгрөгөөр чангараад байна. Тэгэхээр ам.долларын ханш чангарсан нь шатахууны үнийг 50-60 төгрөгөөр нэмэгдэхэд хүргэжээ. Хэрэв Монголбанк ам.долларын ханшийг тогтворжуулсан бол шатахууны үнэ өнөөгийн хэмжээнд хүрч өсөхгүй байж гэсэн өнцгөөс асуудлыг харж болох юм. Төвбанкны гол зорилго бол инфляцыг тогтвортой байлгах. Ам.долларын ханшийг тогтворжуулсан бол Монголбанкны гол зорилготой нийцэх байж ч гэж дүгнэж болно.

Дэлхийн зах зээлд газрын тосны ханш дээшилж, шатахууны хилийн үнийг өсгөсөөр байна. Хилийн үнэ, бас ам.долларын ханш өсөх тусам дотоодын зах зээлд шатахууны жижиглэн худалдааны үнэ нэмэгдэх нь. Эдийн засгийн гинжин хэлхээний эцэст монголчууд шатахууны үнийн “шахаанд” орж, өндөр инфляцтай тулгарах нь гарцаагүй бололтой.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай