Г.МЯГМАРНАРАН: Хүн нисч болно оо, гэхдээ буух газраа л харж нисээрэй

Монголын түүх агуу. Тийм ч учраас монголчууд бид дор бүртээ түүхчид. Гэхдээ түүхийн салбарт хамгийн ойр мэргэжил бол жүжигчин билээ. Түүхэн дүрүүдийг бүтээсэн хүн бол түүнд бүр ч ойрхон байх. Тийм нэгэн эрхэм бол Ардын жүжигчин Г.Мягмарнаран билээ. Монголын түүхийн онцгой үйл явдлуудын талаар, түүхээс авсан монголчуудын сургамжийн тухай ярилцахаар түүнийг зорьсон юм. Тэрбээр урилгыг маань уриалгахан хүлээж авсан ч “Түүхчдийн хажууд би юусан билээ” хэмээн даруухан өгүүлсэн.


-Яагаад түүхийн тухай асууж байна вэ гэж та бодож байгаа байх. Түүхэн том дүрүүд бүтээсэн хүн судалгаа хийсэн байж таараа. Тань шиг хүндтэй эрхмүүдээс үг дуулж Монголынхоо гайхамшигт түүхийг хүүхэд залуустаа уламжилж үлдээхийг хүсч ирсэн хэрэг. Өнөө үед залуус түүхээ хаа холын сураг ажгаар л мэдэж байна шүү дээ.

-Би боддог юм. Түүхчид, эрдэмтэдийн баг ажиллуулж, агуу түүхээ он цагаар нь дархлаажуулж авч үлдээсэй. Хойч үедээ сургалт, сурган болгоод авч үлдвэл манай түүх гайхалтайгаас гадна сургаальтай юм шүү дээ. Хойч үед санаж сэдэхээр, өнөө цаг үетэй холбож бодохоор, сул талаа ойлгож авахаар, хэтийн ирээдүйгээ мэдэх болохоор ийм л гайхалтай цогц судлал байхгүй юү. Ингэж байж л эх түүхээ авч үлдэнэ.

-Чингис манайх, Бат биднийх гэдэг үгийг харийнхнаас олон сонсч байна. Энэ нь өнгөн талаасаа доромжлол мэт ойлгогдовч бодит байдал дээр бид түүхээ хүнд алдаж буйн илрэл байх гэж бодох юм.

-Монголын түүх бол дэлхийн түүх юм. Хүн төрөлхтний түүхийн 2200 гаруй жилийг монголчууд бид шаcтир болгож баримтжуулаад авч үлдсэн байхад ямар ч Оюутолгой, Тавантолгойгоос илүү том толгой шүү. Энэ бол яндашгүй их баялаг. Үүгээрээ кино хий л дээ. Бидний мэдэж байгаа 30 гаруй монгол хаан байна. Хаадуудын хаадууд, тэдний үр хүүхдүүд, өөр хоорондын хагарал гээд баримт тоочвол Монголын түүх модны мөчир шиг л олон салаалаад явна. Бид нар тоймтой хэдэн хааны тухай л ярьж ирлээ. Гэтэл 30 гаруй хаанаас цаадахыг нь сайн мэдэхгүй байна.

-Бага хаадын үе гэж байна аа. Нэгд, тэр тухай бага судлагдаж. Хоёрт, их сонин тохиолуудтай мөчлөг үе. Бүгд хаан болох гэсэн, бие биенээ татаж унагасан түмэн явдлуудтай. Орчин үед тэр нь бас байгаа ч юм шиг харагдах юм?

- Энэ яг зөв. Бага хаадын үед тийм байсан юм билээ. Тийм учраас Монгол төрийн хүч сарниж, хөрш зэргэлдээ улсынхаа идэш болсон түүхтэй. Бид энэ тухай ярьдаг хэрнээ сургамж авч байгаа нь амьдрал дээр алга. Одооны энэ олон нам ингэж хөгжих хэрэгтэй, тэгж дэвжих шаардлагатай гэж яриад л байна. Гэсэн атлаа нэг нь юм хийх гэхээр зөв, буруу гэж элдвээр гоочлох юм. Маргаан байлгүй л яах вэ. Гэхдээ олон толгойтой могойн үлгэр яадаг билээ. Яг л тэрэн шиг юм болно шүү дээ.

-Чингис хааныг хүн бүр өөр өөрийнхөөрөө харж байгаа. Би бас өөрийнхөөрөө л хардаг. Гэхдээ миний төсөөлөл бол уран сайхан талаасаа учир дутагдалтай. Ярилцлагын өмнө таны хэлсэн үгийг би тархиндаа буулгаж үзлээ л дээ. Яг л “Нууц товчоо”-ны Чингис харагдсан шүү.

-Хүн бүхэн өөр өөртөө хаантай. Чингис хаан ийм л байх болов уу гэсэн. Би чинь Чингис хааны тухай олон арван кино үзлээ. Тэр бүх Чингис надад 60 хувьтай буухгүй л байгаа юм. Хамгийн ойр бууж байгаа нь Монголын “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингис хаан. Манай А.Энхтайваны тоглосон Чингис яг л бодит дүрээрээ юм болов уу гэж буугаад байдаг юм. Ер нь бол би янз, янзаар бодно л доо. Тухайлбал, Чингис хаан булиа биетэй, өндөр нуруутай, дээр нь баритон хоолойтой байгаагүй юм шиг надад санагддаг. Хүн төрөлхтний түүхэнд мөрөө үлдээсэн сод хүмүүсийг бодъё л доо. Жишээ нь, Наполеоныг аваад үзье. Түүний өндөр хэд байсан гэж бодож байна?

-168, 170 сантиметр юм болов уу.

-Нэг метр 68 сантиметр. Гитлер ч гэсэн офицеруудаасаа жижиг харагддаг байсан. Сэтгэхүйн цараа том, ажлын бүтээл өндөртэй хүмүүс тийм намхандуу нуруутай байх нь элбэг. Тэгвэл манай Чингис хаан тийм байсныг хэн байг гэх юм. Олон дүү нараа өсгөж, тэднийгээ эрийн цээнд хүргэсэн шиг хүргэсэн хүн шүү дээ. Бодоод байх нь ээ, айлын том хүү голдуу давжаа биетэй байдаг биз дээ. Чингис хаан айлын том хүү. Ийм маягаар дэмий зүйлүүдийг боддог л юм.

-Дэлхийн түүхийг харъя. Тэр агуу хүмүүсийг ч харъя. Тэгээд ч бидний дундаж өндөр хэд билээ. Ингээд бодохоор байж болох юм шигээ.

-Ямар сайндаа найруулагч Б.Балжинням нэг зүйл хэлж амыг маань таглаж билээ. “Яагаад Чингис хааны дүрд А.Энхтайваныг тоглуулав. Жон, жон гэсэн хоолтой Чингис байж болох уу. Дууг нь өөр хүнээр хийлгээч” гэж би түүнээс тэрсэлж асуусан юм. Гэтэл Б.Балжинням “Тийм байна. Би алдаа гаргаж. Чи ч нээрээ Чингис хаантай хамт байсан хүн л дээ. Дуу хоолой нь бүдүүн байсан байх, тийм ээ” гэхэд нь би шууд мад тавиулсан юм даа. Тиймээс бид гадаад хэлбэртэй хөөцөлдөх хэрэггүй л байгаа юм. Гол нь агуулга, үзэл санаа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киногоо бид сайн тогтож үзэх хэрэгтэй.

-Түрүүн та “Мөнх тэнгэрийн хүчин дор” сайн кино гэж хэллээ. Бага байхдаа энэ киног үзэх гэж очоод клубт унтаж байлаа. Гэтэл одоо үзэхээр бидэнд нэг том санааг далдаар хэлээд байгаа юм байна гэж ойлгон хүлээж авдаг болсон. Айхтар бүтээсэн кино байна, тийм үү?

-Тийм ээ, тийм. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны гол учиг нь энэ. Б.Балжинням найруулагч хэлж байсан юм. Энэ киног хүмүүс нэлээд он жилүүдийн дараа ойлгодог болно оо гэж. Бид бусдын юманд их шунадаг. Хүний юмыг илүү сайхан гэж боддог. Гэтэл өөрсдийнхөө юмыг маш их голдог сонин зантай улс. Би зөрүүд хүн байх л даа. Аливаа зүйлд хандахдаа яагаад үгүй гэж, яагаад биш гэж ирээд л боддог юм. Ингэж бодох бүрт “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны цар хүрээ, ач холбогдол улам тодорч ойлгогддог. Гэхдээ хүн болгон над шиг байх албагүй л дээ.

-Аливааг углуургаар нь бодно гэж байдаг даа. Тэгж боддог гэж би таныг харж байна. Таны хэлсэн бүгдийг нэгтгээд бодсон чинь яалт ч үгүй тийм л байх ёстой гэж бодогдох боллоо.

-Чи надтай санал нийлээд байгаа юм уу? Эсвэл намайг зүгээр хөөрөгдөж, дэмий донгосуулах гээд ч байгаа юм уу? Би сайн мэдэхгүй л байна шүү (инээв).

-Хойч үеийн бидэнд сургамжтай түүхийн мөчлөг бол агуу тэмцэгчдийн үе. Тэмцлийн тэр үе бас ээдрээтэй. Ер нь монголчууд бид тэр тэмцлийг яаж ойлгож, хүлээж авах ёстой вэ?

-Энэ талаар хүмүүс янз янзаар л хүлээж аван бичиж, туурвиж байна. Гэвч тэр үеийн түүхийг илүү судлах шаардлагатай. Олон зүйл тодорхой болоогүй л байна. Харин Манжийн хаадын үед бол төрийн бодлого айхтар байсан нь тов тодорхой. Эзлэх гэж байгаа улс гүрнээ, сэтгэл зүрхнийх нь хувьд мундаг судалдаг байсан юм байна. Эртний түүх шастируудад байдаг даа, Монголын эсрэг баримтлах “Гурван чулууны бодлого” гэж. Гэтэл гурван чулуу гэж юу вэ гэсэн чинь отго жинсний чулуу, хөөрөг, гаанс гурвыг хэлжээ. Жинс гэдэг нь зэрэг, дэв. Одоогийнхоор бол албан тушаал.

Монголын ноёд зэрэг жинсээ нэмэхийн тулд Монгол Улсынхаа баялгийг, анд нөхрөө бараг худалдаж байсан юм биш үү. Томчууд нь цолоороо уралдуулаад ирэхийн цагт Монгол гэдэг улс харуул, хамгаалалтгүй болдог юм байна. Хөөрөг, гаансаар бэл бэнчингээ тодорхойлж буй цагт айлын үүдэнд суухгүй л гэсэн үг. Хүүе, алив та дээшээ суу л гэж хүндлэгдэнэ. Өнөө цагийн баячууд том, том чулуунуудыг бие бие рүүгээ нүүлгэсэн хэвээр л байна. Бүр хөгжин цэцэглэсэн байна.

-Манж нар чулууны бодлогоо бидний цусанд шингэтэл суулгаж дээ.

-Сайн суулгаж өгсөн байгаа биз. Сэтгэл зүйд нь суулгасан байгаа байхгүй юү. Айлд ороод аймаар том шүрэн толгойтой хөөрөг гаргаад ирвэл намайг арай өөрөөр хүндэлнэ дээ. Гэтэл энэ бол хүндлэл биш юм, монгол сэтгэхүй ч биш. Эрт цагт сэтгэхүйгээр маань идэж байсан харийн бодлоготой өнөөдөр зууралдсан хэвээр л байна. Үүнийг хөгжил гэж арай л хэлэхгүй байх.

Манай улс 330 сумаа эрчим хүчээр бүрэн хангавал энэ бол хөгжил. Авто замыг муу хэлж байна. Би муу хэлдэггүй . Замыг шүд зууж байгаад, өр тавьж байгаад тавих л ёстой. Алийн болгон бид улаан тоосонд явах юм. Хэчнээн биед амар, хэчнээн цаг хугацаа хэмнэж байна. Тийм үү? 1000, 2000 морь уралдаад яах юм. Монгол хүн XIII зуунд адууны хурдаар хөгжсөн нь үнэн. Харин одоо бол морины хурдаар хөгжихгүй.

-Та онцолж хэлнэ билээ, бид хэт туйлширч байна гэж. Шүүмжлэх болохоороо бүгд шүүмжилж, цагааныг хар болтол бараантуулах нь элбэг болж. Гэтэл сайныг сайнаар нь, цагааныг цагаанаар нь харах цаг болсон юм биш үү.

-Бид ололтоороо бахархдаг баймаар байгаа юм. Ололтоо чамлаж огт болохгүй. Монголчууд социалист нийгэмд 70 жил, ардчилсан нийгэмд 28 жил амьдарч байна. Өөр өөрийнхөөрөө сайхан хоёр нийгмийг дамжин, бодитоор амьдарсан хүмүүс бол миний үеийнхэн. Одоо цагт төрийн нуруу олон солигдож байна. Бүр оймс, гутал шиг амархан сольдог болж.

Гэтэл үүний оронд бидэнд нэгдсэн хүч, нэгдмэл санаа, алсын хараа хэрэгтэй байна шүү дээ. Тэгэх аваас, ээ дээ мөн ч хурдан хөгжинө дөө. Би өөдрөг үзэлтэй, романтик хүн. Хүний сайн талыг харж, урам өгөхийг хүсдэг. Сайн сайхан юм хийж байгаа хүмүүст урам өгөх хэрэгтэй. Урам гэдэг сайхан зүйл. Хүн сэтгэхүйгээрээ амьтанаас ялгардаг. Морь мал олон медаль зүүхээрээ баярлаад инээж байхыг би лав үзээгүй. Харин чи сайхан зүйл хийлээ, чиний бодол ард түмэнд хүрч байна гэхээр хүн ямар гоё урам авдаг гэж санана.

-Тийм шүү. Ялангуяа бидэн шиг сэтгүүлчид, тань шиг уран бүтээлчид бүр ч их урам авна.

-Тэгвэл хүн бие, биенээ дарж, муулаад л байхын оронд урмыг нь сэргээж байвал улс хөгжих нэг үндэс нь болно гэж боддог. Би уран бүтээлч хүн учир үзэгчдийн алга ташилт, үзэгчдийн үнэлгээнээс урам авдаг. Тийм учраас би урмыг зөв гэж боддог. Байх хэрэгтэй юм. Төрийн шагнал, одон медаль оносон эзэндээ очвол үр өгөөж нь жинтэй байдаг. Гэхдээ үүнийг хавтгайруулж болохгүй. Төр бол зөвийг урамшуулж, бурууг ташуурддаг байх хэрэгтэй.

-Та асуудлын голыг мэргэн онож хэлж байна шүү. Авч байгаа жишээ нь л гэхэд морь инээдэг үү, үерийн ус шиг цутгаж байна гээд л. Таны энэ үг надад бол хүчтэй нөлөөлж байна. Харин орчин үеийн залуус хэр хүлээн авч байна?

-Хүн хүнээсээ л болно доо. Залуучуудыг би ном унш гэж гасалж, гангинаад л байгаа. Номоор тархиа цэнэглэх хэрэгтэй, номноос ертөнцийг үзэх үзлээ төлөвшүүлэх хэрэгтэй. Би бас эсэргүү л юм ярих гэж байна. Миний үеийнхэн бол ханаараа дүүрэн номтой байх нь элбэг. Миний толгой бол энэ байна гээд л. Бүгдийг нь уншсан ч юмуу, үгүй ч юм уу бүү мэд. Залуучууд бүгдийг хамж бус хэрэгцээтэй зүйлээ л унших хэрэгтэй. За за, миний энэ яриаг хүмүүс уншихгүй байх аа. Мягмарнаран гуай дэмий юм ярьж байна гээд.

-Яагаад дэмий гэж. Ард түмэн таныг хүндэтгэж байна. Хүндэтгэж байгаа учраас таны үгийг сонсч байгаа. Би л гэхэд эрэл сурал болсоор зориод ирлээ. Ард түмэн гэснээс олны хүндлэл их хүнд байдаг уу?

-Хамгийн амархан зүйл бол хүний итгэлийг олох. Яаж ийж байгаад, ямар нэгэн аргаар олж болно. Цүнхийг нь бариад гүйж байхад л итгэлтэй хүн нь болчихно. Харин олон түмний хайр хүндэтгэлийг даах шиг хамгийн хэцүү юм байхгүй. Үүнийг магадгүй, үдэш унтахдаа бодож, өглөө сэрэхдээ санаж баймаар юм шиг байгаа юм. Би ард түмэнд үнэлэгдсэн л бол хувь хүний амьдрал гэж байхгүй болдог. Хувь хүний амьдрал гэдэг чинь би баяраар найзтайгаа зуун грам татчихаад энэ бургасны дор унтаад өгөхийг хэлэх байх. Эсвэл чамтай хэрэлдээд л. Бүр зодолдчихмоор санагдана.

Тэр ч бүү хэл, эхнэрээсээ салмаар байвал яах вэ. Тэнд гоё хүүхэн намайг таалаад байна. Энд байгаа хэдэн хүүхдээ хаяад би тэрэнтэйгээ амьдармаар байна гэж давхиад л. Ийм үе байна шүү дээ, хүний амьдралд. Гэтэл тэр бүгдийг би хорих ёстой. Яагаад гэвэл чи зөвхөн Гомбын хүүхэд биш болсон. Чамайг Монголын олон үеийн хүмүүс харж байгаа. Чиний бүтээсэн олон сайхан дүрүүдээр чинь хайрлачихсан байдаг. Ард түмний хайр хүндэтгэлийг авсан л бол өөрийнхөө хязгааргүй их хүслийг чагтлах ёстой. Тиймээс би гэдгээрээ амьдарч болохгүй. Би тэгж хүмүүжсэн хүн.

-Гэхдээ би яагаад ингэж амьдрах ёстой гэж бачуурах үе гарна биз дээ. Энэ чинь бас л том дарамт шүү дээ?

-Хүн бүхэн баян, дарга, Ерөнхийлөгч байх ёстой юу? Хүн бүхэн нэг, нэг шатан дээр л байгаа. Өөр өөрийнхөө шатан дээр. Өнөөгийн хүмүүст нэг юм байна. Би хэн бэ, ямар зэрэг зиндааны, хаана байх ёстой билээ гэдгээ мэддэггүй. Би дээр, дээд түвшинд байх ёстой гээд л бодоод байдаг. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг том философи байна шүү дээ. Хүн нисч болно оо. Дээгүүр амьдарч ч болно. Гэхдээ хэзээ нэгэн цагт бууна шүү. Буух газраа л харж нисээрэй. Үүнийг манай өвөг дээдэс дандаа сургадаг байсан даа. Энэ бас гоё үг шүү.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай