ФОТО: Монголчууд шаазангаар зурж эхэллээ

Уран зургийн галерейд “Торгоны зам-шаазан урлал” үзэсгэлэн нээгдлээ. Монгол, БНХАУ, ОХУ-ын Буриад улсын уран бүтээлчдийн хамтарсан уг үзэсгэлэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, БНХАУ-ын Үйлдвэрлэл, мэдээллийн яамны харьяа Үйлдвэрлэл соёлын хөгжлийн төв, тус улсын Орчин үеийн шаазан урлалын холбоо, Буриад улсын Үндэсний музей хамтран зохион байгуулж байна. Гурван улсын зураачид өөр өөрсдийн үндэстний соёл, заншлын өвөрмөц талыг тусгасан бүтээлүүд дэлгэв.

Манай улсаас Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ш.Чимэддорж, уран бичлэгийн мастер, зураач П.Тамир, харин Буриадаас тус улсын нэртэй уран бүтээлч Александра Дугарова, Чингис Базаров нар БНХАУ-ын шаазан урлалын төв Жиндэмин хотод хятад урлаачидтай хамтарч ажилласнаар энэхүү үзэсгэлэнд дэлгээд  буй бүтээлүүдээ туурвижээ. Уран бичээч П.Тамиртай уулзаж Хятадын шаазан урлалын нууцад нэвтэрч чадсан эсэхийг асуухад “Нэлээд олон жил онолын хувьд судалж, мэдвэл зохих зүйлүүдийг өөрийн болгосон байлаа. Харин анх удаа зурж үзлээ. Болох юм байна” гэлээ.

Төрийн шагналт зураач Ш.Чимэддоржийн “гарын” морьд шаазан хэмээх материалаар ваар, аяга зэрэгт буусан нь тансаг харагдаж байв. Тус үзэсгэлэнг нээж үг хэлсэн БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн “Хил дамнасан улсууд соёлоор дамжуулж эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллаж ихийг бүтээн, эдийн засгаа ч тэтгэж байдгийн жишээг энэхүү төсөл харуулж байна.

Соёлын биет бус өвийг хайрлан хамгаалж, уламжлуулан хөгжүүлж буйн жишээ ч мөн юм. Ийм чухал төслийг санаачилсан, дэмжиж, санхүүжүүлсэн, хэрэгжүүлж буй бүх хүнд талархал илэрхийлье“ гэсэн. Уг үзэсгэлэнг энэ сарын 25-наас Буриадын үзэгчдэд хүргээд, дараа нь Гүрж улсад залах ажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай