П.Баттөр: Спортоор хичээллэдэг хүн залхуу байхыг би хараагүй

П.Баттөр: Спортоор хичээллэдэг хүн залхуу байхыг би хараагүй

Олны танил эрхмүүдтэй хөөрөлддөг “Зөвхөн спортын тухай” буландаа жүжигчин П.Баттөрийг урилаа.

-Та багадаа спортод хэр хорхойтой хүү байв. Ямар спортоор хичээллэдэг байсан бэ?

-Багадаа спортод их дуртай байлаа. Ялангуяа сагсан бөмбөг их тоглодог байв. Байр, сургуулийнхаа гаднах турник дээр суниаж, олон төрлийн үйлдэл, үзүүлбэр хийдэг байсан.

-Одоо ямар спортоор, хэчнээн жил хичээллэж буй вэ?

-Бодибилдинг, фитнессийн спортод дуртай. Сонирхож, хичээллээд 13 жил гаруй болжээ.

-Хичээллэдэг спортын тань ямар онцлог танд таалагддаг вэ?

-Спортоор хичээллэх нь хүнд тэсвэр хатуужил, өөрийгөө өөрчлөх, ялах зориг, аливааг давж гарах тэвчээр суулгаж, тууштай, зорилгодоо хүрэх эрмэлзэлтэй болгодог. Бодибилдингийн спорт эдгээр чанарыг хүнд төлөвшүүлдэг онцлогтой.

Түүнчлэн муу зуршлуудаас татгалзаж, зөв зүйлд чөлөөт цагаа зарцуулах боломж олгодог. Эрүүл мэнд, гоо үзэмж цогцлоодог спорт шүү дээ.

-Спорт хүнд ямар эерэг өөрчлөлт, зөв дадал суулгадаг гэж боддог вэ. Бие хүн болж төлөвшихөд тань спорт хэрхэн нөлөөлсөн бэ?

-Дээр дурдсанаар маш олон эерэг өөрчлөлтийг хүнд суулгадаг. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг дээ. Спортоор хичээллэдэг хүн залхуу байхыг би лав хараагүй. Харин ч дайчин, сэргэлэн цовоо байдаг шүү.

Нөгөө талаас байнга биеэ чийрэгжүүлдэг учраас өвчлөх нь ч бага. Надад ч эдгээр өөрчлөлтийг авчирсан.

-Тэмцээнийг нь зурагтаар юм уу очиж үзэх дуртай спорт бий юү?

-Сагсан бөмбөгийн тэмцээн зурагтаар үзэх дуртай. Бас бодибилдинг, фитнессийн тэмцээнүүдийг үзэх сонирхолтой. Өөрөө хичээллэдэг болохоор тухайн тамирчдын хэрхэн хөдөлмөрлөснийг харах сайхан санагддаг.

-Ямар спортын аль багийн шүтэн бишрэгч вэ. Яагаад?

-NBA-ын тоглолтууд үзэх дуртайгаа түрүүн хэлсэн. “Golden state warriors” багийн дэмжигч. Тэр дундаа Стефен Карригийн шүтэн бишрэгч. Авьяас, чадвар тэгш заяасан өөгүй тоглогч гэж үнэлдэг. Бас UFC-ийн тулаан үзэх дуртай.

-Спортынхноос дотно нөхөрлөдөг тамирчин бий юү?

-Бодибилдингийн олон улсын хэмжээний мастер Г.Жамцтай дотно нөхөрлөдөг. Анх энэ спортыг сонирхож, хичээллэх үеэс одоог хүртэл нөхөрлөж байна.

-Долоо хоног болоод өдрийн хэчнээн цагийг спортын танхимд өнгөрүүлдэг вэ?

-Долоо хоногийн 3-4 өдрийг дуртай спортдоо зарцуулахыг хичээдэг. Нэг удаадаа 90-120 минут бэлтгэл хийдэг. Болж өгвөл өглөө эрт дасгал хийхийг эрмэлздэг. Ингэхээр тухайн өдрийг маш эрч хүчтэй өнгөрүүлдэг.

-Жүжигчин хүнд гадаад үзэмжээ анхаарч, биеийн галбираа хадгалахад спорт хамгийн чухал байх. Эрүүл мэнддээ анхаарч, биеэ чийрэгжүүлэх үүднээс өдөр тутамдаа ямар дасгал хийдэг вэ?

-Жүжигчин хүн уран бүтээлд тоглохоос гадна өдөр тутамдаа бусдад үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэж боддог. Энэ нь мэргэжлээ болоод үзэгчдээ хүндэлж буй соёл юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай