Ерөнхий сайд АНУ-ыг зорилоо

Ерөнхий сайд АНУ-ыг зорилоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 18-наас АНУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо мордлоо. Засгийн газрын тэргүүн айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцох аж.

Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулж буй хоёр дахь компакт гэрээг баталгаажуулах тунхаглалд гарын үсэг зурах юм байна. Уг айлчлалын дүнд талууд өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол, АНУ-ын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцох юм.

Үүнээс гадна Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлэхийн зэрэгцээ Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш, Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад хүнтэй уулзаж ярилцах аж.

Мөн Ерөнхий сайд АНУ-д аж төрж буй монголчуудын төлөөлөлтэй Вашингтон хотноо уулзахаар төлөвлөжээ. Түүнчлэн тэрбээр Нью-Йорк хотноо болох Социалист интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын жилийн уулзалтад оролцож үг хэлэх юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай