Цагдаагийн офицеруудыг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ

Цагдаагийн офицеруудыг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очирыг өнгөрсөн баасан гарагт хээл хахуулийн хэрэгт холбогдуулан АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн саатуулжээ. Түүнтэй хамт тус хэлтсийн дарга, хурандаа С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Болдбаатар нарыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл буй ч үүнийг батлах хүн алга. Хурандаа Ч.Болдбаатарыг түр саатуулаад гаргасан гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.

Энэ талаар НПГ-ынхнаас лавлахад “Хошууч цолтой Г.Алтан-Очирыг шүүгчийн захирамж гарч, 30 хоног саатуулсан. Өөр хоёр хүнийг холбогдуулан шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ сэтгүүлчдийн асуугаад байгаа С.Хүрэлбаатар, Ч.Болдбаатар гэж хүнийг хориогүй” гэлээ.

Өөр нэг эх сурвалж “Цагдаагийн офицерийн холбогдсон хэрэгт Мөнх-Очир, Жаргалан гэж хоёр хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Бусдаас их хэмжээний буюу 20-30 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Г.Алтан-Очир нарыг шалгаж эхэлсэн. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хоёр байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч шалгаж байна” хэмээв.

Бидэнд олдсон мэдээллээр өнгөрсөн долоо хоногт шалгаж эхэлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нартай дээр нэр дурдсан хүмүүсийн үйлдэл холбоотой гэнэ. Шинжээчдийг бусдаас хахууль авч, хуурамч дүгнэлт гаргасан байж болзошгүй хэмээн сэжиглэж АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж буйг бид энэ сарын 12-ны дугаартаа мэдээлсэн билээ.

Дундговь аймаг дахь ашигт малтмалын нэгэн ордын тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэхдээ авлига авсан байж болзошгүй гэх хэргийг АТГ, МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн хамтран шалгаж эхэлсэн юм.

Уг хэрэгт холбогдуулан ГИХГ-ын дэд дарга асан, өмнө нь бас цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэг залууг байцааж эхэлснийг эх сурвалжууд баталж буй.


Д.Дайчин

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай