Австрийн хөрөнгө оруулалтаар СХД-т 7-8 мянган гэрэлтүүлэг нэмнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд СХД-ийн цагдаагийн I, III хэлтсийн үйл ажиллагаа, телекамерын хяналтын систем болон гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ажилтай танилцлаа. Улаанбаатар хотын хэмжээнд зам талбайн нийт 56 мянган гэрэлтүүлэг байдаг аж. Үүний 10648 нь СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарагддаг аж. Энэ нь дүүргийн нутаг дэвсгэрийн 40 хувь орчмыг хамраад байгаа юм. Австрийн хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт дахин 7-8 мянган гэрэлтүүлэг нэмэхээр болжээ. Ингэснээр гэрэлтүүлэг 70 хувьд хүрэх боломжтой юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэл хотын төв зам, гудамж, гэр хорооллын гудамж талбайг бүрэн гэрэлтүүлэхэд 90 мянган гэрэлтүүлэг шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 56 мянга буюу 72 хувийг нь гэрэлтүүлгээр хангаад байгаа. Цаашдаа 100 хувьд хүргэнэ” хэмээн ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хүйтний улирал эхэлж, эрт харанхуй болдог цаг ирж байна. Гэр хорооллын болон төв гудамж, талбайн гэрэлтүүлэг, гэрээтэй компаниудынхаа гүйцэтгэлийг шалгаад асахгүй байгаа гэрлийг нь асдаг болгох хэрэгтэй. Гэрэлтүүлэг дээр онцгой анхаарах хэрэгтэй. Улсын нийслэл хотын бүхий л өнцөг булан бүрт гэрэлтүүлэг байх ёстой. Гэрэлгүй гудамжинд хулгай, дээрэм гардаг. Иргэд, хүүхдүүд аюулгүй зорчих, гэмт хэргийн гаралт буурахад гэрэлтүүлэг онцгой ач холбогдолтой учир УБЗАА онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн холбогдох албаныханд үүрэг өглөө.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд зам, гудамж, талбайн гэрэлтүүлгийн урсгал зардалд жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулдаг байна

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай