Бадархундагаас алт, мөнгөн эдлэл тоносон эр өмнө нь ял шийтгүүлж байжээ

Бадархундагаас алт, мөнгөн эдлэл тоносон эр өмнө нь ял шийтгүүлж байжээ

Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрхны бэлийн Бадархундага нуураас алт мөнгөн эдлэл тоносон хүмүүс жирийн иргэд рүү буудаж шархдуулсан талаар бид өнгөрсөн лхагва гарагийн дугаартаа мэдээлсэн билээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэгт эхнэр хүүхдийн хамт оршин суугч, Баянхонгор аймгийн уугуул, одоогоор эрхэлсэн ажилгүй, 1993 онд төрсөн Цогнэмэхийн Даваабат, Баян-Өлгий аймгийн харьяат, машины ченж хийдэг, 1997 онд төрсөн Ү.Төлеберген, 1996 онд төрсөн Е.Тасхын нар үйлдэж зугтсан юм. Тэд хайрханд мөргөхөөр явсан хүмүүс рүү буудаж, иргэн Б, О нарыг гар, хүзүүнд нь шархдуулаад, хөлөглөж явсан “Ланд Круйзер-200” маркийн машиныг нь дээрэмдэж одсон.

Ц.Даваабат Завханыг зорихдоо Баянхонгор аймгаар дайрч аавынхаа гэрээр орж “ТОЗ-8” бууг нь авч явсан бөгөөд түүгээрээ иргэдэд хохирол учруулсан аж. Ц.Даваабат нь 2012 онд Онцгой байдлын албанд орж, улмаар Шуурхай бүлэг-105-д ажиллаж байгаад 2016 оны зургадугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан нэгэн гэнэ.

Тэрбээр 2015 онд НОБГ-ын даргын тушаалаар “Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургалтад хамрагдаж байсан, онцгой байдлын дэд ахлагч цолтой юм байна. Ц.Даваабат 17 настай байхдаа, 2010 онд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхээр бусдад хөнгөн гэмтэл учруулсан, эд зүйл хулгайлсан хэрэгт хоёр жил зургаан сар хорих ял шийтгүүлж, 18 насанд хүрээгүй учраас ял эдлэх хугацааг хоёр жил хойшлуулж байжээ.

Уг нь Онцгой байдлын албанд ажилд авахдаа цагдаагаас ял шийтгэл эдэлж байгаагүй тухай тодорхойлолт шаарддаг. Ц.Даваабат үүний хаагуур нь ажилд орсныг тухайн үеийн ОБЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд л мэдэх биз. Тэрбээр хэрэг үйлдэх болсон шалтгаанаа “Их хэмжээний өр зээлтэй, түүнийгээ дарахын тулд нуураас алт мөнгөн эдлэлийг нь авахаар шийдсэн” хэмээсэн гэнэ.

Бадархундага нуур руу орохдоо түүний ашигласан усчны хувцас жирийн иргэдэд тэр бүр байдаггүй, өндөр үнэтэй учраас мөрдөгчид онцгой байдлын албаныхны хувцас, хэрэгслийг тоолж, бүртгэл шалгалт хийж буй сурагтай.


Г.Равжаа

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай