Ундны эх үүсвэр, усан сан бүхий газарт нүхэн жорлон ашиглахыг хориглолоо

Улаанбаатар хотын ундны эх үүсвэр, усан сан бүхий газар дахь хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж, нийслэлчүүдийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд хүрснийг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт баталсаар буй. Гэтэл нийслэлийн нутаг дэвсгэр дэх усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын дийлэнх нь битүүмжлэлгүй нүхэн жорлон ашигласаар байгаа.

Тэгвэл нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой, энгийн хамгаалалтын бүс болон усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын, хязгаарлалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд стандартын бус нүхэн жорлон, бохир усны нүх ашиглахыг хориглох захирамж гаргалаа.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс уг захирамжийг хэрэгжүүлснээр усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд газар эзэмшиж ашиглаж байгаа 25 862 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2015 онд баталсан стандартын дагуу ариун цэврийн байгууламжтай болохыг шаардах юм. Хориглосон бүсэд стандартын бус нүхэн жорлон, угаадасны нүх ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газрынх нь гэрчилгээг сунгахгүй, нэр шилжүүлэхгүй, худгийн зөвшөөрөл олгохгүй юм байна.


Бэлтгэсэн: Л.Чимэг

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)

Илгээх

Энэ тухай