Жон Терри олны шүүмжлэлээс үүдэн Орост тоглох шийдвэрээсээ буцлаа

Английн хөлбөмбөгийн шигшээ болоод “Челси” клубийн ахлагч асан Жон Терри Оросын багт тоглох тухай яриа энэ долоо хоногийн турш спортын гол мэдээ байлаа. Оросын топ клубүүдийн нэг “Спартак”-ийн үндсэн хоёр хамгаалагч гэмтлийн улмаас урт хугацаанд тоглох боломжгүй болсон тул чөлөөт тоглогчийн эрэлд гарсан. Наймааны цонх хаагдсан тул Оросын лигийн дүрмээр чөлөөтэй байгаа хөлбөмбөгчидтэй 9-р сарын 12-ны дотор гэрээ байгуулах боломжтой байв.  “Спартак” улсынхаа аварга болох, Европа лигт өндөр амжилт гаргах том зорилготой тул олон улсын тэмцээний туршлагатай хүний эрэлд гарсан нь энэ. Ингээд чөлөөтэй ганцхан топ тоглогч байсан нь Английн хөлбөмбөгийн домогт хөлбмбөгчин Терри ажээ. Түүнд 1.9 сая долларын цалинг нэг жилд өгөх, гэрээг дахин нэг жилээр сунгах зэрэг 37 настай хөлбөмбөгчний арааны шүлс асгарахаар саналыг тавьсан байна. Тэр ч бүү хэл Италид аваачин эмнэлгийн үзлэгээр оруулж, Орост ажиллах визийг олгосон зэрэг гэрээнд гарын үсэг зурахаас өмнөх бүх процесс гэрлийн хурдаар хийгдээд байлаа. Гэвч тэрбээр удтал бодсны эцэст татгалзсан хариу өгчээ. Ийм шийдвэр гаргахад нь Британийн дотоод уур амьсгал нөлөөлсөн хэмээн Оросын хэвлэлүүд дүгнэж байна. Орос, Английн харилцаа тун тааруу байгаагаас үүдэн “Спартак”-т очих гэсэн Терриг шүүмжилсэн байр сууриа спорт сонирхогчид илэрхийлж, мэдээ мэдээллийг хэвлэлүүд нь олноор түгээжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай