Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Япончууд аливаад сэтгэлээсээ үнэнч ханддаг нь үнэхээр “хөөрхөн”

“Өөрөө л хичээгээд, зүтгэвэл болохгүй, бүтэхгүй зүйл үгүй. Хийж бүтээж байгаа цагт хүн үргэлж дээшилж, боловсорч, илүү ихийг мэдэж, тэр хэрээр амьдралаас шагнал авдаг” хэмээгээд нүдээрээ инээх энэ бүсгүйг Халтарын Эрдэнэцэцэг гэдэг. Түүнээс хэзээд сэтгэл “үнэртдэг” учраас хайрлаж, хүндэлдэг юм. Тэгээд бас хөдөлмөрч, “буцалсан” занг нь биширдэг.

Арлын Япон улсад хувь хүнийхээ хувьд ч, Монголын иргэний хувьд ч нэрээ хичээж, амьдралын төлөө зүтгэж, өөрийнх нь хэлснээр тэр хэрээр амьдралаас шагнал хүртэж яваа ийм нэгэн эмэгтэйг “Дэлхийн монголчууд” булангийнхаа зочноор урилаа. Тэрбээр “Арслан” номоо хэвлүүлэх ажлаар эх орондоо ирсэн юм.

-Монголын театрын урлагийн нэрт төлөөлөгч, найруулагч, “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр дэлгэцнээ мөнхөрсөн Гүрсэдийн Доржсамбуу хэмээх эрхэм хүний дурсгалд зориулан ном бүтээх ажилдаа хоёр жил гаруй хугацаа зарцуулжээ. Яагаад заавал “Арслан”-г онцолж, 120 хүний дурсамж, яриатай том ном гаргах болов гэсэн асуултаар ярилцлагынхаа шанг татъя.

-Арслангийн дүрээрээ мөнхөрсөн, театрын мундаг найруулагчийг мэдэхгүй монгол хүн бараг үгүй байх. Нөгөөтэйгүүр би Г.Доржсамбуу найруулагчийн том хүү Амрааг таньдаг юм. Дунд сургуулиа төгсөөд би найруулагч болохоор СУИС-д шалгалт өгсөн ч тэнцээгүй шүү дээ, бүр хоёр удаа. Сурагч байхдаа л найруулагч болно гээд дамжаанд сурч, “солиорч” байлаа. Тэр үед янз бүрийн студид жүжигчин, найруулагч гэхчлэн сургадаг байсан.

Тэгж яваад Амраатай танилцсан юм. Нэг удаа түүнтэй уулзахад “Аавынхаа 70 жилийн ойг тэмдэглэнэ” гэж ярьснаас үүдэн ийм ном бүтээх болсон. Нийт 120 хүний ярилцлага, дурсамж багтаасан бүтээл маань тун удахгүй хэвлэлтээс гарна. Зарим хүн “Ямар нүсэр юм бэ” гэж гайхсан. Би аливаа зүйлийг 100 хувь сэтгэл ханамжтай гүйцэтгэхийг мэрийдэг. Дурсамжийн ном ийм байдаг гэж харуулж, шинэ зэрэглэл тогтоохыг хүсэж, эх сурвалжуудаа цуглуулсаар явтал нэг мэдэхэд л 100 гаруй болчихсон.

-Энэ бүтээлээс гадна Х.Эрдэнэцэцэгийн орчуулгаар бид гадаадын хэд хэдэн зохиолтой танилцсан. Ер нь хэзээнээс ном орчуулах болов. Энэ чиглэлээр Монголдоо компани байгуулсан бил үү?

-Америкийн зохиолч Жон Грейгийн “Ангарагаас ирсэн эрчүүд. Сугараас ирсэн бүсгүйчүүд”, Доротигийн “Эцэг эхчүүдэд илгээх ид шидийн үгс” зэрэг цөөхөн ном л орчуулсан. Хүнд ярихаар сүртэй ажил биш ээ. Номонд дуртай учраас л оролдож байсан юм. Заримдаа ганц, хоёр хүний хүсэлтээр номын хэвлэлтэд нь дэм болдог байлаа. Ингэж яваад монгол зохиолчдоо дэмжих зорилгоор найз, яруу найрагч Төгсжаргалтайгаа хамтран “Зохист Дорно” хэвлэлийн компани байгуулаад хоёр жил орчим болж байна. Өнгөрсөн хугацаанд 20-иод ном бүтээл хэвлүүлжээ. Төгсжаргал маань л хамаг ажлаа нугалдаг юм.

-Таны “Анхилуун ургамлын увдис” нэртэй ном монгол бүсгүйчүүдийг арома терапи буюу үнэрээр анагаах, засах ухаанд нэлээд “уруу татсан” гэж боддог. Яаж яваад анхилуун үнэрт ургамлуудтай холбогдож, арома засалч болсон юм бэ?

-2004 онд жирэмсэн байхдаа ургамлын үнэрийн гайхамшгийг мэдэрч, энэ талын сургалтад хамрагдсан юм. Үнэхээр сайхан санагдаж, цаашлаад арома засалч болохоор шийдсэн. Японд хувь хүний хөгжлийг дэмжсэн, гэрийн эзэгтэй, охид бүсгүйчүүд, залуучуудад зориулсан төрөл бүрийн, танилцуулах сургалт явагддаг. Төлбөрийн хувьд ч боломжийн. Харин мэргэжлийн үнэмлэхтэй сургалт нь жаахан үнэтэй.

Монголчууд ургамлын үнэрээр засах, анагаах арга ухааныг эртнээс хэрэглэж ирсэн түүхтэй. Харин гоо сайхны газруудад энэ талын үйлчилгээг анх “Тэрэлж” зочид буудлынхан нэвтрүүлсэн болов уу гэж боддог. Гэхдээ би буруу ойлгосон байж мэднэ. Юутай ч, ийм үйлчилгээ, арома засал манайд саяхныг хүртэл төдийлөн хөгжөөгүй байсан. Тиймээс арома заслын талаар, ургамлын анхилуун үнэрийн гайхамшгийн тухай ном гаргаж, сурсан мэдсэнээ хүмүүстэй хуваалцахыг хүссэн. 2015 онд “Анхилуун ургамлын увдис” ном маань гарснаас хойш харин сонирхох хүн харьцангуй олширсон байх гэж боддог.

Өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан “Сарны хэмнэл, бүсгүйн хэмнэл” лекцээрээ би арома заслаар зарим өвдөлт, зовиурыг хэрхэн үгүй болгох талаар сонирхуулсан. Жишээ нь, эмэгтэйчүүд маань сарын тэмдгийн үеэр нэлээд шаналдаг. Хэвлий, ууцаар өвдөхөөс эхлээд нэлээд зовиуртай байдаг ч тэр болгон эмнэлэгт үзүүлдэггүй. Мөн цэвэршилтийн насныханд ч сэтгэлийн хямралаас эхлээд нойргүйдэх, гутрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ бүхнийг үнэртний увдисаар, өөрөөр хэлбэл, байгалийн хэмнэл, үнэр, юугаар дарах боломжтой тухай лекц л дээ. Хүн байгалийнхаа хүчийг ашиглавал эдгэж, илаарших, өвдөхгүй байх боломж нөөцтэй амьтан. Гэтэл химийн элдэв эм, бодис ууж, улам хордож, эрүүл мэндээрээ хохирч, өөрийгөө эдгээх чадварыг нь дарангуйлаад байна.

-Та Японд 20 шахам жил амьдарч, айлын эзэгтэй, гурван сайхан хүүхдийн ээж болжээ. Өнгөрсөн хугацаанд арлын орны хүмүүсээс юу сурч, мэдэв. Монголдоо юуг нь нэвтрүүлж,монгол хүмүүс тэднээс ямар зан чанарыг нь сураасай гэж хүсдэг вэ?

-Япончууд аливаад маш нягт нямбай, сэтгэлээсээ үнэнч ханддаг, үнэхээр “хөөрхөн” ард түмэн шүү дээ. “За гэвэл ёогүй” гэдэг дээ. Яг л тийм хүмүүс. Манайханд тийм зан дутаад байх шиг санагддаг. Ажлын холбоо тогтоочихоод товлосон хугацаагаа зөрчих, тэгсэн хэрнээ элдэв шалтаг тоочоод, эргэж хөрвөх тохиолдол гардаг. Хэл чимээгүй ажлаа гэнэт больчихдог хүн ч бий. Ажил, албаны асуудлыг хувийнхтайгаа хольж хутгаад, сэтгэл хөдлөлөөр шийдэх гэдэг.

Бас их гомдоллож, ялархах дуртай юм шигээ. Харилцан ойлголцол, хүндлэл гэдгийг чухалчлах ёстой. Энэ талаараа бид япончуудаас сурах зүйл их. Гэхдээ япончуудад нэг ойлгомжгүй зан бий. Юу гэх гээд байгаагаа шууд хэлчихгүй “зовоодог” талтай. Эсвэл би япон биш болохоор ойлгодоггүй байж мэдэх юм. Тиймээс би нөхөртөө “Юмаа тодорхой хэл” гэдэг. Японд ийм нэг үг бий, сэтгэл нь ходоодондоо байдаг, эсвэл ходоодоороо ярьж байна гэж. Дүр эсгэхийг хэлж байгаа юм. Монголчууд маань үйлчилгээндээ чин сэтгэлээсээ ханддаг чанарыг эрхэмлэж, хэвшүүлээсэй гэж боддог.

-Нутагтаа ирэх бүртээ та юу мэдэрдэг вэ. Энэ зун хадам аав, ээж, нөхөр, үр хүүхдүүд гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд амарсан. Тэд ямар сэтгэгдэлтэй буцав?

-Би сүүлийн үед ажлын шугамаар жилдээ 2-3 удаа Монголдоо ирж байгаа ч тэр бүр амарч чаддаггүй. Энэ удаа уг нь хадмууд болон гэр бүлийнхэнтэйгээ амрах бодолтой байсан ч бас л болсонгүй. Миний том охин 16 настай. 10 жилийн өмнө намайг Хэвлэлийн хүрээлэнд сурч байхад Монголд анх ирээд буцахдаа “Гоё” гэж байсан. Харин сая ирээд жаахан “аашилж”, тоостой, бензин үнэртэж байна гэсэн. Би энэ газар шороон дээр төрсөн монгол хүн учраас тоостой, утаатайг нь айхтар өлгөж авч, мэдэрдэггүй байж. Охин тэгж хэлэхээр л “Нээрэн их тоостой, бухимдалтай байна шүү” гэж анзаарч, анх удаа “гаднын” хүний нүдээр Монголоо харлаа.

Манайд бүх төрлийн үйлчилгээ байна. Гэхдээ заавал нэг зүйл нь дутуу байгаа нь харамсалтай. Үзвэр, үйлчилгээний газарт ороход ариун цэврийн өрөө нь цаасгүй, эсвэл цүнх өлгөх өлгүүргүй байх жишээтэй. Хотод бол гадаадынханд эх орноо сурталчлаад үзүүлчихээр дорвитой зүйл алга. Бусад улсад байдаг л барилга, дэлгүүр зэрэг зүйл нь байгаа болохоор хүүхэд, залуучууд тэрийг нэг их сонирхохгүй юм. Хүүхэд, багачуудыг тоглуулж, зугаацуулах газар энд алга. Орон нутагт харин үзэх харах юм ихтэй ч зам муу болохоор хэцүү. Хадмууд маань жаахан ядарсан ч өөдрөг, сайхан сэтгэгдэлтэй буцсан. Тэд “Бэр маань Монголын тал шигээ ааштай юм байна. Үргэлж эрх чөлөөтэй, зоргоороо байдаг зан нь төрсөн газартай нь холбоотой байж” гэж хэлсэн.

-Та тэгэхээр нэлээд дураараа “нөхөр” байх нь ээ?

-Би хувь хүнийхээ орон зайг хадгалж, өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Хадмууд маань “Хэдэн цагт ирэх, очих вэ” гэж асуухаар нь “Мэдэхгүй ээ” гэх жишээтэй. Тэд цаг хугацааг хормоор хэмжиж, яс тас баримталдаг. Гэтэл монголчууд бид ёстой л тал шигээ, цаг хугацаанд хандахдаа ч тийм л байдаг. Гэхдээ би цаг баримтлахгүй, дураараа байдаг гэсэн үг биш л дээ. Ерөнхийдөө тиймэрхүү л гэсэн үг.

Ингэж хэлээд тэрбээр амаа даран инээгээд, аанай л “Уучлаарай” гэдэг үгээ хэдэнтээ давтсан. Түүнийг мэдэхгүй хүмүүс “Японд олон жил болсон учраас байнга бөхөлзөн мэндэлж, уучлалт хүсдэг” гэж боддог юм билээ. Үнэндээ бол тэрбээр угаасаа л ийм зантай. Бас намуухан ярьж, үгээ цэнэнэ. Үе үе нүдээрээ инээгээд наргиантай, тоглоом шоглоомын үг унагана. Тэгсэн хэрнээ хүний хэлсэн хоржоонтой үгийг заримдаа “ойлгохгүй” хүүхэд шиг гайхаж, нөгөөх л янзаараа уучлалт хүснэ.

Тэрбээр “Монгол маань үнэхээр, бүр дэндүү гайхалтай шүү дээ. Нутагтаа ирээд би өөрийн орон зай, үнэ цэнийг илүү мэдэрдэг. Энэ улсын төлөө өөрийн өчүүхэн чадлаар зүтгэж, хүний газарт нэрээ хичээж, боломжийнхоо хэрээр сурч, мэдсэнээ хүмүүст түгээхийн төлөө явж байгаа болохоор бахархалтайгаар “Би монгол иргэн” гэж боддог. Японд бол өөр шүү дээ, би бол жирийн л нэгэн гэрийн эзэгтэй. Гэхдээ би гэр орны ажил хийж, хүүхэд хүмүүжүүлдэг “зүгээр” л ээж байхыг хүсдэггүй. Хажуугаар нь өөрийгөө хөгжүүлж, чадах зүйлээ хийхийг хүсдэг” гэсэн.

-Гадаадад нэр алдраа дуудуулж, дэлхийн том компаниудад орон зайгаа олчихсон монгол хүн цөөнгүй. Хичээж, зүтгэж, тэндээ өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, тодорхой түвшинд хүрсэн нь олон. Тэдний нэг нь Та. Японд байгаа монголчууд харьцангуй “томоотой”, элдэв хэрэг түвэгт орооцолдохгүй, сайн байдаг нь амьдрынх нь орчин, хууль журам, соёлын нөлөөтэй нь холбоотой гэдэг. Та энэ талаарх бодлоосоо хуваалцана уу?

-Монголчууд маань дасан зохицох чадвартай, хүний эвийг олж чаддагтай нь холбоотой. Нөгөөтэйгүүр Японд хууль чанга. Бас харилцан итгэлцэл, ажлын цагийг бараг хууль журам шигээ санадаг. Цаг баримтлаагүй, эсвэл хэн нэгний итгэлийг алдсан бол ажилгүй болох тохиолдол энүүхэнд, маш хатуу нийгэм шүү. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг үнэхээр хэцүү, ялангуяа гадаадын хүмүүст. Тэгсэн ч гэсэн нэр алдраа дуурсгаж байгаа монгол хүн тэнд өчнөөн бий.

Та түрүүн намайг их магтлаа, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зүтгэж байгаа гэж. Үнэндээ, би дандаа “Болохгүй, боломжгүй, бүтэхгүй, чадахгүй” гэж явсаар хэн ч, юу ч биш болж дарагдахаасаа айсан. Тэгж амьдрахыг ч хүсээгүй. Чадахгүй, мэдэхгүй байсан ч өөрийн чадлын дээдээр хичээж, мэрийе, суръя, тэгээд Монгол гэдэг нэрийг хөөдөж болохгүй гэж бодсон. Хүний нутагт удах тусам эх оронч болж, сэтгэлд нь Монгол “буцалдаг” юм шигээ.

Би нэг л их мундаг амьтан хадмууд болон нөхөртөө “Надгүй л бол улс минь болохгүй нь. Би ингэж, тэгж мэдээ бэлтгэж явуулах ёстой. Ийм юм хийхгүй бол “будаа” болох нь. Би чинь эх орныхоо төлөө зүтгэж байгаа иргэн нь шүү дээ” гээд л бөөн сүртэй ярьчихдаг байсан. Эхэндээ нөхөр маань бүр итгээд “Эхнэр минь Монголдоо ийм л чухал хүн” гээд л бараг дагаж хөөрөөд “Ажилдаа яв. Тэр сүмогийнхоо мэдээг бич” гээд дэмждэг байсан. Одоо бол ерөнхийдөө бүгдийг мэддэг учраас “За, чи минь сүржигнээд байлгүй зүгээр л явж хүссэн, сайн дурынхаа ажлаа хий” гэдэг болсон.

-Энэ бол сүржигнэсэн хэрэг биш, таны чин сэтгэл байх. Ер нь танаас үргэлж сэтгэл “үнэртдэг”. Тийм “үнэрийг” бусдад бий болгож, түгээхэд юу чухал бол?

-Сэтгэл бол хүнээс л шалтгаалах учраас өөрийнхөөрөө байж, хичээх нь чухал болов уу. Тэрнээс биш, би тэгдэг ингэдэг гэж худлаа яривал хүмүүс гайхна.

-Гадаадад төрж, өссөн монгол хүүхдүүд эх хэлээ мэдэхгүй байгааг их шүүмжилдэг. Танай хүүхдүүд монгол хэл мэддэг үү?

-Монголоор дандаа ярихгүй ч гэсэн маш сайн ойлгоно. Би гэрийнхэнтэйгээ монголоор ярьж, харилцдаг. Нөхөр маань ч сайн ойлгоно шүү. Манай нөхөр ер нь их өөдрөг хүн дээ. Тэр зан чанараас нь би сурч явна. Миний баримталдаг зарчим гэвэл, ямар ч ажилтай байсан гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хоолыг хийж, сурах орчныг нь таатай бүрдүүлж өгөх. Дээрээс нь монгол хэлээ боломжоороо заах ёстой гэж боддог. “Чин сэтгэлээсээ хийсэн бүхэн хүнд хүрдэг учраас тэр сайхан зан чанарыг эрхэмлэж яваасай” хэмээсэн сэтгүүлч, арома засалч, Х.Эрдэнэцэцэгийн үгээр ярилцлагадаа цэг тавья.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай