Бадархундага нуураас алт, мөнгө тоносон этгээдүүд иргэд рүү бууджээ

Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь, эртнээс Очирвааны хайрхан хэмээн хүндлэн дээдэлж ирсэн Отгонтэнгэр хайрхны бэлийн Бадархундага нуураас алт, мөнгөн эдлэл тоносон хүмүүс жирийн иргэд рүү буудаж, нэгийг нь шархдуулжээ. Орон нутгийн хууль сахиулах байгууллага болон жирийн иргэдийн мэдээлснээр, хайрхандаа мөргөхөөр явж байсан гурван хүнтэй тэд таарсан аж.

Нэг нь усанд шумбагчийн хувцас, нөгөө хоёр нь шуудайтай юм барьсан байсныг хараад “Нууранд өргөдөг алт, мөнгөн эдлэлийг тоносон байж болзошгүй” хэмээгээд сэжиг бүхий хүмүүсийн араас нь дагажээ. Гэтэл өөдөөс нь буудаж, нэгнийх нь хүзүүг шархдуулсан гэнэ. Сэжигтэй этгээдүүд улмаар иргэдийн “Ланд круйзер” маркийн машиныг унаж зугтжээ.

Хайрханд мөргөхөөр явж байсан нөгөөх гурван хүн нутгийн малчдын тусламжтайгаар цагдаад мэдэгдсэнээр аймгийн Цагдаагийн газраас гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж, хойноос нь хөөцөлдөн, тайгад оруулж, хоёрыг нь баривчилсан гэнэ. Харин нэг нь олдохгүй байсныг өчигдөр орой саатуулжээ.

Сэжигтнүүдийн хоёр нь казах, нөгөөх нь халх гэнэ. Хишгээ гэх халх залуу нь нуур руу явахдаа аавынхаараа дайрч “ТОЗ-8” маркийн бууг нь авсан бөгөөд түүгээрээ нэг иргэнийг шархдуулсан нь тогтоогджээ. Тэрбээр Онцгой байдлын албанд усанд шумбагчаар ажиллаж байсан бөгөөд албаныхаа хувцсыг авч явсан бололтой.


Н.Орчлон

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай